АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Twitter” хуудсандаа “Хятадын вирус” хэмээн жиргэснээс хойш азиудыг эсэргүүцсэн, буруушаасан жиргээ өссөнийг судалгаагаар тогтоожээ.
Калифорнийн их сургуулийн судлаачид 2020 оны гуравдугаар сарын 9-23-нд буюу Д.Трампыг “Хятадын вирус” гэж жиргэхээс өмнөх болон дараах долоо хоногт гарсан “#covid19”, “#chinesevirus” түлхүүр үгтэй жиргээнүүдийг судалсан байна.
Тухайн хоёр долоо хоногийн хугацаанд нийтлэгдсэн 1273141 хэштег бүхий жиргээнд дүн шинжилгээ хийснээр Д.Трампын жиргээ азиудын эсрэг түлхүүр үгсийн тоо эрс нэмэгдэхэд нөлөөлснийг тогтоожээ. Судалгаанд дурдсанаар, “#covid19” түлхүүр үгийг ашигласан 495289 жиргээний тавны нэг нь, “#chinesevirus” хэштегийг хэрэглэсэн 777 852 жиргээний тэн хагас нь азиудын эсрэг утга агуулгатай байжээ.