Үндэсний Номын сангийн 100 жилийн ой энэ жил болно. 1921 оны 11 дүгээр сард Судар бичгийн хүрээлэнг байгуулж, анхны Номын санг тус хүрээлэнгийн дэргэд байгуулахад Хүрээлэнгийн захирал С.Жамьян, хичээнгүй сайд Б.Цэрэндорж, профессор Ж.Цэвээн, түүхч манжич Ч.Бат-Очир нар хувийнхаа номын сангаас хувь нийлүүлсэн, бүгд 2000 номтой болжээ.
Номын сан 1924 оны эцэст 30 мянган лан мөнгөний үнэ бүхий 5000 шахам боть номтой болжээ. Номын санг бүрдүүлэхэд тус орны ард иргэд, ялангуяа Чингисийн Алтан ургийн зарим ноёд / Түшээт ханы Пунцагцэрэн, Сайн ноён ханы Далайчонхор/ болон сэхээтнүүд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Богд хааныг таалал төгссөний дараа хааны ордны номын санд хадгалагдаж байсан монгол, төвд, манж, хятад зэрэг хэлээрх олон мянган ном, судар тус номын санд шилжин иржээ.
1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг "Улс нийтийн номын сан" гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ.
Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн /1948-1953 он/ эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд мөн төсөвт тусгаж, улмаар 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтад орсон түүхтэй.
2008 оноос Монгол Улсын Үндэсний номын сан гэж нэрлэх болсон.