Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т багтаж байсан мисс Б.Баярцэцэг Оюутолгойн нэг жилийн орлого 1.19 тэрбум доллар, Аватар-2 киноны төсөв 1 тэрбум доллар гэдгийг харьцуулаад газраа бус ухаанаа ухахыг санууллаа.
Тэрбээр фэйсбүүк хуудсандаа “Өдөр бүр фэйсбүүк орохоор л улс төр, уул уурхайн хэрүүл байх юм. Газраа ухахын оронд оюунаа ухъя. Кино, шинжлэх ухаан, технологийн салбаруудаа дэмжих нь тансаглал биш алсын хараа. Оюутолгойн 19 оны орлого 1.19 тэрбум ам.доллар байхад “Avatar 2”-н кино төсөв өөрөө 1 тэрбум ам.доллар байна. Иймэрхүү кинонуудын хэсгийг ч болов Монголдоо аваад байх боломж байна шүү, уг нь. Супер студиуд барьж гүйцдэггүй юм гэхэд ядаж л дайн байлдаантай хэсгийг нь хоосон зай талбай сайтай газар, байгальдаа авахуулаад байх бүрэн боломжтой. Системээр нь зөв дэмжээд өгөөсэй” хэмээн бичжээ.
Тэрбээр Английн Эзэн Хааны Драмын Сургуульд суралцаж байгаа юм.
Суралцах явцдаа олон улсын томоохон дэлгэцийн төслүүдэд оролцож байгаа бөгөөд хамгийн сүүлд хийсэн ажлынхаа талаар “Хамгийн анхны продюсерлаж, хамтран найруулж, зохиолыг нь бичиж бүтээж буй Kintsugi богино хэмжээний кино маань Монголын багийн бүтээл "Сүүдэр" богино хэмжээний анимэйшний хамтаар 2021 оны Холливудын Технолигийн Инновацийн хурал дээр 3 сарын 15-16-ны өдрүүдэд танилцуулагдана” хэмээн бичиж байв.