Шинэ оны анхын томоохон шуугиан бол Хөвсгөлийн Ханх орчимд болсон газар хөдлөлт Улаанбаатар хотод хүчтэйхэн мэдрэгдсэн явдал байв. Энэхүү газар хөдлөлттэй холбоотой нэгэн сонирхолтой давхцал байна. Учир юу гэвэл, 2010 онд Карибийн тэнгисийн Хайти улсад манай улсад газар хөдөлсөн яг нэгдүгээр сарын 12 нд 7 балийн газар хөдлөлт болж байшин барилга нурж, багагүй хохирол амссан байдаг аж. Үүнээс хойш яг 11 жилийн дараа манай улсад газар хөдлөлт болж буй нь байгаль эхийн ямар нэг зохицуулалт биз ээ.
Тэгвэл газар хөдлөлтөөс өөр нэгэн сонирхолтой зүйл нь, 2010 оны нэгдүгээр сарын 12 нд болсон дээрх газар хөдлөлтийн дараа манай улсын төрийн гурван өндөрлөг буюу УАБЗ хуралдаж нэгэн зөвлөмжийг гаргаж байжээ. Дээрх Хайтид болсон газар хөдлөлтэй холбоотойгоор "Улаанбаатар хотын дагуул хотыг байгуулахгүй бол хүчтэй газар хөдлөлт болвол шугам сүлжээ гэмтэж, нийслэлийн 50 хувь хөлдөх аюулд байна" хэмээгээд тухайн үедээ Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгч болох Х.Баттулгад үүрэг болгож байжээ. Энэ талаар Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн жиргэжээ.
Өвлийн цагт газар хүчтэй хөдөлбөл УБ хотын дулааны шугамууд тасарч хотын тал нь хөлдөх аюултай! 2010.01.12-нд Haiti-д газар хөдөлсний дараа ҮАБЗ хуралдаж, дагуул хот байгуулах замаар УБ-ын хэт төвлөрлийг бууруулах чиглэл гарч, Барилга, хот байгуулалтын сайд @KHbattulga-д үүрэгдэв
— Purevsuren Lundeg (@PurevsurenL) January 11, 2021
Үнэхээр 2010 оны гуравдугаар сарын 18-ны өдөр ҮАБЗ хуралдаж гарсан зөвлөмж нь "Газар хөдлөлтийн гамшигаас хамгаалах тухай" гэх нэртэй аж. Энэхүү зөвлөмжид дагуул хот байгуулах талаар дурьжээ.
Засгийн газарт үүрэг болгосон зөвлөмжийн хоёрдугаарт, "Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн эрсдлийн бодит байдлыг нийтэд таниулах, нийслэлийн орчмын бүс нутагт өндөр хурдны зам, эрчим хүчний шугам тавих замаар үйлдвэр, үйлчилгээ, хүн ам суурьшлын шинэ төвүүдийг бий болгох, их дээд сургуулийн хотхон байгуулах зэргээр төвлөрлийг задлах арга хэмжээг авч хэрэгжүүлэх" хэмээжээ.
Улаанбаатар хотын дагуул хотын талаарх яриа яалтачгүй Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой. Түүний санаачилсан Майдар хот байгуулах төлөвлөгөө энэхүү зөвлөмжөөс хоёр жилийн дараа гарсан байдаг. Энэ бол мэдээж бизнесмен хүний нүдээр харвал алдаж болохгүй том боломж. Дагуул хот байгуулж чадвал автор нь болно, үүнээс олох ашигийг тоогоор тооцох ч юм биш.
Гэтэл юм хэзээ ч тийм амархан байдаггүйг уг төслийн үргэлжилсэн 9 жилийн хугацаа харуулсан биз ээ. Майдар хотыг байгуулах ажил хэдийгээр 2012 оноос эхэлсэн байдаг ч төсөл санаачлагчид хувьсгалаас нэг ч төгрөг гаргуулахгүйгээр гадаад дотоодын хөрөнгөөр Их Майдар бурханы хөшөөг сүндэрлүүлээд дуусах шатандаа яваа. Энэ төсөлд Засаг 2018 оноос л анхаарсан гэхэд болно. Яг төсөл хэрэгжсэнээс хойшх 5 дахь Засгийн газар буюу У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газраас шийдвэр гаргаж хот байгуулах 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд буюу Майдар хотыг байгуулахад зааж өгсөн. Үүнийг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байв.
Төслийн удирдагч Л.Баяртуул "Хотын хэмжээнд төлөвлөгдсөн 27 мянган га газартай Хөшигийн хөндийн онгоцны буудлын 2000 га газар давхардсан учраас уг газрыг дахин тусгай хэрэгцээнд авах шаардлагагүй. Зөвшөөрсөн 12 мянган га газар нь нам дор газар буюу Майдар хотын барилга байгууламж барих боломжтой газрууд юм. Үлдсэн газар нь уулархаг газар байгаа. Үүнийг ногоон байгууламж барих үед тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын нөхцөл байдлаас сургамж авч, Майдар хотыг 27 мянган га газар байгуулах төлөвлөлт хийсэн. Улаанбаатар хот нь өөрөө анх тодорхой газарт 500 мянган оршин суугчдад зориулан төлөвлөгдсөн. Майдар эко хот дөрвөн үе шаттай баригдахад ойролцоогоор 40 тэрбум долларын хөрөнгө шаардагдана. Эхний үе шат буюу ирэх таван жилийн байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг хийсэн. Үүнийг хийхэд ойролцоогоор хоёр тэрбум долларын хөрөнгө шаардагдахаар байгаа" хэмээн яриад төсөл 2030 онд бүрэн дуусна гэж байв. Одоо 9 хөн жил үлджээ...
Сайн ч бай, муу ч бай Улаанбаатар хотод дагуул хот хэрэгтэйг энэ удаагийн газар хөдлөлт эргэн санууллаа. Хэрэв энэ удаагийн газар хөдлөлт нэг л баллаар илүү байсан бол шугам сүлжээ гэмтэх нь байтугай барилга байшин нурах байсан хэмээн гадаадын сайтуудад мэдээлж байна. Гэтэл манайд нөгөөх их хөрөнгө мөнгөөр шийдсэн гамшигийн тохиолол нь таг дүлий. Анхааруулга өгөх хэмжээний газар хөдлөлт байгаагүй ээ хэмээн мэргэжлийн хүмүүс нь ам таглав. Тэгэхээр газар хөдлөлтийн үед анхааруулна хэмээн найдаж болох эсэх нь ч эргэлзээтэй. Газар хөдлөлт бол маш түргэн хугацаанд болоод өнгөрдөг учраас тэр хэрээр хүн аюулгүй байдлаа хангах боломжгүй гэсэн үг. Тиймээс гамшгийн тохиололдоо найдаад дөрвөн уулын дундаа шахцалдаж амьдраад дуусах уу... Хэрэв энэ чигээрээ байдал Улаанбаатарын 50 хөлдөх биш улсын хүн амын 50 хувь газар хөдлөлийн улмаас эрсдэл аюулд байна.