Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийлээ.
“Ногоон өртөө” түлш шатахуунд төлж гадагш урсах 200 сая долларыг Монголдоо, монгол хүнд үлдээх үр өгөөжийн шанг татаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглээд ногоон шилжилтийн хүрээнд эрчим хүч, тээврийн салбарт хамгийн далайцтай шинэчлэл хийгдэж буйг онцоллоо.
Тэрбээр Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа “3x100” хөтөлбөр хэрэгжүүлж, айл өрх өөрийн хэрэглээгээ хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх боломжийг нээж, зөвшөөрөл, холболтын түгжээг тайлсан.
Ерөнхий сайдаар ажиллахдаа энэхүү эрчим хүчний реформоо үргэлжлүүлж, шинэ эх үүсвэрийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлогыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд анхны өрсөлдөөнт дуудлага худалдааг эхний таван байршилд зарлахад 119 компани сонирхлоо илэрхийлж, 19 компани үнэ буулгаж өрсөлдсөн. Мөн энэ жишгийн дагуу дараагийн зургаан төсөл зарлагдаад байна. Энэ бол эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хувийн хэвшилтэй хамт, өрсөлдөөнтэй, ил тод зарчмаар хэрэгжүүлэх шинэ үе шатны эхлэл юм гэж Ерөнхий сайд хэллээ.
“Ногоон өртөө” нь эрчим хүчний реформ тээврийн шинэчлэлтэй холбогдож буй бодит дэд бүтэц. Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн автомашин бус, цэнэглэх станц, амрах цэг, үйлчилгээ, орон нутгийн бизнесийг хамтад нь хөгжүүлэх учиртайг Ерөнхий сайд онцоллоо.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!