Элсэлтийн шалгалтын материал задрах боломжгүй гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 10 секунд

2026 оны Элсэлтийн шалгалт өчигдөр /2026.06.25/ түүх, англи хэлний шалгалтаар эхэлсэн бол өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлал зэрэг шалгалтаар үргэлжилж байна.

Элсэлтийн шалгалтын явц болон олон нийтийн дунд үүсээд буй шалгалтын материал задарсан гэх асуудлын талаар Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө.

Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат “Өчигдөр эхэлсэн элсэлтийн шалгалтын Түүхийн шалгалтад улсын хэмжээнд 1320 шалгуулагч хамрагдаж, дүн оноо нь гарсан. Дүн оноог харахад улсын хэмжээнд хоёр шалгуулагч 800 оноо авсан байна. Харин Англи хэлний шалгалтад улсын хэмжээнд 31619 шалгуулагч шалгалтад хамрагдсанаас нийт 36 шалгуулагч хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан. Үүнийг аймаг, дүүргээр нь авч үзвэл нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, Хан-Уул дүүргийн 6, Баянгол дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 3, Сонгинохайрхан дүүргийн 2, Чингэлтэй дүүргийн 1, өмнөх оны 3 шалгуулагч байна. Орон нутгаас Орхон аймгаас 3, Завхан, Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул аймгаас тус бүр нэг шалгуулагч 800 оноо авсан байна” гэлээ.

Мөн элсэлтийн шалгалттай холбоотой олон нийтийн сүлжээнд гараад буй асуудлын талаар “Элсэлтийн шалгалтад орж буй шалгуулагчдын сэтгэл зүйн эмзэг байдалд тулгуурлан зарим нэг ашиг хонжоо хайсан этгээдүүд олон нийтийн цахим сүлжээнд буруу ташаа мэдээлэл түгээж байна. Тухайлбал элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар задарсан, худалдаж байна, тэдэн төгрөгөөр авсан, зарсан гэх буруу ташаа мэдээлэл тарааж байна. Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар задрах ямар ч боломжгүй. 24 цагийн камер, холбогдох хууль хүчний байгууллагын мэргэжилтнүүдийн хатуу хяналтад сэдэв даалгавар боловсруулагдаж, шалгалт зохион байгуулагдах өдөртөө шалгалтын төвүүдэд хуулийн байгууллагын тусламжтай хүргэгддэг тул задрах ямар ч боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Иймд элсэлтийн шалгалтын шалгуулагчид, эцэг эх, асран хамгаалагч, багш, иргэд олон нийтэд хандаж хэлэхэд буруу ташаа мэдээлэлд автаж, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирохгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй” хэмээн тайлбарлалаа.

Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан шуурхай ажлын хэсэг олон нийтийн дунд санаатайгаар буруу ташаа мэдээлэл тарааж, шалгуулагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа иргэдийг холбогдох хууль хяналтын байгууллагаар тогтоолгож, холбогдох арга хэмжээг авч ажиллах тал дээр шуурхай ажиллаж байгаа ажээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэрэнцоодол “Өчигдөр зохион байгуулсан Түүхийн шалгалтын сэдэвт дэлхийн түүхтэй холбоотой асуулт орж ирсэн талаар шалгуулагчид асууж байна. Бид элсэлтийн шалгалтын хичээл тус бүрийн агуулгын үндсэн чиглэл буюу блюпринтийг шалгалт зохион байгуулахаас өмнө олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Үүний дагуу энэ жилийн түүхийн шалгалтын блюпринтэд дэлхийн түүхүүдээс тодорхой хэмжээний агуулга ирнэ гэдгийг заасан байсан. Тиймээс энэ жилийн шалгалтад өгсөн блюпринтийн дагуу даалгаврууд орж ирсэн. Гэнэт шинэ агуулгаар шалгалт авсан зүйл байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусад шалгалтууд ч блюпринтийн дагуу орж ирнэ” гэв.

Мөн өнөөдөр болон энэ сарын 27-28-нд зохион байгуулагдах элсэлтийн шалгалтад ирэхдээ шалгуулагчид материалаа үнэн зөв, бүрэн бүтэн авчрах, заасан цагаас хоцрохгүй байхыг холбогдох байгууллагаас санууллаа.

Ноцтой ослын улмаас зорчигч гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ
Ноцтой ослын улмаас зорчигч гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ
 
Ө.Шижир: Нийслэлийн А бүс дэх улсын бүх сургууль, цэцэрлэгийн газар зарагдсан
Ө.Шижир: Нийслэлийн А бүс дэх улсын бүх сургууль, цэцэрлэгийн газар зарагдсан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!