Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар нээх асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тайлбар хийлээ. Тодруулбал,
"Консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, эсвэл тэнд оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй. Харин улс хоорондын найрсаг харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих зорилгоор олон улсын эрх зүйн хүрээнд (Дипломат болон консулын харилцааны тухай Венийн конвенцүүд) хэрэгждэг улс хоорондын дипломат харилцааны нийтлэг практик билээ.
Монгол Улсын соёрxон баталсан олон улсын гэрээ болох Консулын харилцааны тухай Венийн конвенцын 4 дүгээр зүйлээр консулын байгууллагыг нээх асуудлыг зохицуулсан байдаг ба томилогч улсаас консулын байгууллагыг хүлээн авагч улсын газар нутагт байгуулахдаа зөвшөөрөл авах зохицуулалттай. Түүнчлэн тухайн консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр өөрчилж болдог.
Дэлхийн олон оронд консулын газрууд нийслэлээс гадна томоохон хот, бүс нутгуудад байрладаг бөгөөд энэ нь тухайн улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг бус, харин хүлээн авагч улсын зөвшөөрөл, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөллийн хэлбэр юм.
Манай улсын 34 ЭСЯ-аас гадна 2 Байнгын Төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулсын төлөөлөгчийн газар багтана. Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!