Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөх асуудлыг хэлэлцэн баталлаа.
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулахад тэрээр “ Засгийн газраас "Оюутолгой" ХК-ийн Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдэд тодорхой шалгууруудыг тавьж өгч байна. Энэ нь маш чухал шийдвэр гэж бодож байна. Тавигдах шаардлагын тухайд наад зах нь гадаад хэлний мэдлэгтэй, гадныхантай харилцдаг байх ёстой. Мөн санхүү, хууль зүй, уул уурхайн өндөр мэдлэгтэй байх гэдэг шаардлага тавьж байгаа. "Оюутолгой" компани Монгол улсын хуулийн этгээд учир компанийн дүрэм журмаар явах ёстой. Жижиг сажиг асуудалд Засгийн газарт хандаад байх ёсгүй. ТУЗ дээрээ явах ёстой. ТУЗ хангалттай ажиллаагүй учраас өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн гэж үзсэн. ТУЗ-ийг хуулийн дагуу ажиллуулдаг болгоё, чадваржуулъя гэсэн ийм шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Одоо байгаа ТУЗ-ийн гишүүд нь өрсөлдөөд үзэх хэрэгтэй, нэлээд өндөр шалгуур тавьж байгаа” гэлээ.
Одоогийн байдлаар тус компанийн ТУЗ-ийн даргаар Г.Батсүх ажиллаж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Эрдэнэс Оюутолгой компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар Монголын талыг төлөөлж байгаа юм.