
Улсын онцгой комиссын 2026 оны I хуралдаан (2026.06.03) боллоо. Хуралдаанаар Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны аравдугаар Албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын гуравдугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, цаг үеийн нөхцөл байдлын талаар болон гамшгаас хамгаалах бэлэн байдал, холбогдох хууль, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.
Уул уурхайн болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдүүдэд хийж байгаа хяналт шалгалтын явц, нөхөн сэргээлтийн асуудал, “Стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээний тухай хууль”, “Гамшгийн тухай хууль”-ийн үзэл баримтлал, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Шадар сайд Н.Номтойбаяр үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагууд, ялангуяа, яамдын оролцоо чухал бөгөөд Улсын нөөцийн тогтолцоонд шинэчлэл хийх, экологийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг дурдлаа.
“Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг төр хариуцах ёстой. Иймээс Улсын онцгой комисс эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн байх зарчмаар ажиллах шаардлагатай”-г онцлов.
Хуралдаанаар
- Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний нөхцөл байдалд дүгнэлт хийж, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан бэлэн байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд устгалын арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
- Ус, цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол, шуурхай хүргэх,
- Шаардлагатай нөхцөлд аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлж, хүн хүч, техник хэрэгслийг тухай бүр дайчлан ажиллуулах,
- Үер, усны осол болон улирлын шинжтэй байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллах,
- Улсын онцгой комисс цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай шуурхай хамтарч ажиллахыг даалгалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!