
Нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа амиа хорлолт тэр дундаа эрэгтэйчүүдийн амиа хорлолтын талаар Гэр бүл судлаач, хосын сэтгэл зүйч С.Азжаргалтай ярилцлаа.
-Хүмүүс ихэвчлэн өсвөр насныхан амиа хорлодог гэж боддог. Гэтэл сүүлийн жилүүдэд амиа хорлосон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байна. Яагаад гэдгийг тайлбарлавал?
-Амиа хорлох бодол тухайн үед төрөөд тэр үед л үйлдэгддэг зүйл биш. Маш удаан хугацаанд бодогдсон олон таагүй мэдрэмжүүдийн нийлбэр байдаг. Амиа хорлох төлөвлөгөө хүртэл боловсруулаад ирсэн хүмүүс байдаг. Тийм учраас гуниглах мэдрэмж, сэтгэл гутрал гэдэг хоёр зүйлийг ялгаж таних хэрэгтэй. Хэрэв сэтгэл гутрал байгаа бол сэтгэцийн эмчид хандаж, эмчлүүлэх хэрэгтэй. Үгүй бол үр дүн нь амиа хорлолтод хүргэх эрсдэлтэй.
-Гуниглах, гутрал хоёрыг яаж ялгах юм бэ?
-Дуртай зүйлдээ дургүй болох. Тусгаарлагдмал орчинд ганцаараа байхыг хүсэх. Амьд харилцаанаас зугтаагаад энэ нь 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар үргэлжлээд эхэлбэл сэтгэл гутрал гэдэг зүйл рүү орж байна гэж ойлгож болно.
-Сэтгэл гутрал эрэгтэйчүүдийн дунд хэр түгээмэл байгаа вэ?
-Маш их байгаа. Эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт, сэтгэл гутралд нөлөөлж байгаа маш олон зүйл байгаа. Нийгэм, эдийн засаг, амьд харилцаа, хүүхэд насанд үлдсэн таагүй дурсамжууд гэх мэт. Бид мэдрэмжээ ажиглаж байж үүнийг мэдэх боломжтой. Гэтэл тэр мэдрэмжийг ойлгох гэж хичээхээсээ урьтаад "Юундаа уурлаад байгаа юм. Яагаад архи уугаад, яагаад мөрийтэй тоглоод байгаа юм" гээд байдаг. Энэ нь бүх зүйлүүд нь гаргаж чадахгүй байгаа мэдрэмжүүдээ хадгалаад буруугаар гаргаад байгаатай холбоотой. Тэгэхээр бид мэдрэмж гэдэг зүйлийг илүү их мэддэг байх хэрэгтэй. Тэр тусмаа эрэгтэй хүмүүс. Эмэгтэйчүүд мэдрэмжээ мэддэг. "Би гуниглаад байна. Би ганцаардаад байна. Би хэн нэгэнтэй ярилцмаар байна. Би уйлмаар байна" гэдгээ мэддэг учраас гадагшлуулж чаддаг. Харин эрэгтэйчүүд тэр мэдрэмжүүдийг ялгаж мэддэггүй. Мэдрэмжээ ойлгохгүй сэтгэл гутралд орчихсон эрэгтэй хүмүүс мөрийтэй тоглодог, архи уудаг. Ингэж явсаар байгаад гэр бүлийнхнийхээ хувьд хэн ч биш болж, хэнд ч хэрэггүй хүн болсон гэсэн мэдрэмжийг авахаараа амиа хорлодог.
-Хамт байгаа хүмүүс нь яаж мэдэрч, даван туулахад нь яаж туслах ёстой юм бэ?
-Нэгдүгээрт, сонсох хэрэгтэй. Эрэгтэй хүн ямар ч гарцгүй болсон үедээ эхнэртээ "Надад хэцүү байна" гэж хэлдэг. Гэтэл эхнэрүүд нь "Ийм жижигхэн зүйлийг даваад гарч чадахгүй байгаа юм уу. Чи чадна шүү дээ" гээд зөвлөгөө өгөөд байдаг. Энэ буруу зөвлөгөө өгч, үглэхээсээ урьтаад сонсдог л байх хэрэгтэй. Эрэгтэй хүн өөрийнх нь ярьж байгааг хэн нэгэн анхааралтай сонсохыг харахаараа би тэр хүнд хүлээн зөвшөөрөгдөж байн гэсэн мэдрэмжийг авдаг. Хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж авахгүй байгаа эрэгтэй хүн "Би хэнд ч хэрэггүй юм байна. Хэн ч намайг ойлгохгүй юм байна" гэж бодож эхэлдэг. Ингээд өөрийгөө улам тусгаарлаж, эцэст нь хорвоогоос явах сонголтыг хийж байгаа юм.
Эрэгтэйчүүдийг сонсохгүй байгаа учраас энэ хорвоо дэлхий дээр ганцаараа байгаа юм шиг мэдрэмж аваад амиа хорлох сонголт хийдэг.
-Сэтгэл гутрал аль насныханд илүү түгээмэл байна вэ?
-2022 онд хийгдсэн тоон судалгаа харахад, хамгийн эрсдэлтэй нас нь 17-25 нас байсан. Одоо бол өөрчлөгдсөн байх гэж бодож байна. Өсвөр наснаас илүү амьдралын хэцүү үеийг туулж байгаа идэр насныхны дунд илүү их болсон байх. Өөрөөр хэлбэл 30-аас дээш насныхан гэсэн үг. Нэг үеэ бодоход эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ анхаардаг болчихсон. Харин идэр насны залуучуудад хэн ч анхаардаггүй. "Амьдрал ямар байна. Өр зээл чинь яаж байна. Сэтгэл санаа чинь ямар байна" гэж хэн ч асуудаггүй. Анхаарлаас гадуур үлдчихдэг.
-Амиа хорлох төлөвлөгөө гаргачихсан хүмүүс тань дээр ирж байсан гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хамгийн бага нь 23 настай. Хамгийн ахмад нь 56 настай хүн ирж байсан. А, Б, С хувилбар гээд 2-3 бичгийн цаас амиа хорлох төлөвлөгөө гаргачихсан хүн ч ирж байсан. Амиа хорлох төлөвлөгөө гэдэг зүйл хүний тархийг донтуулдаг. Өр зээлээ яаж дарах вэ, харилцаагаа яаж сайжруулах уу, сэтгэл гутралаа яаж эмчлэх вэ гэж бодохоосоо илүү амиа хорлох талаар л бодоод байдаг. Тэгэхээр таны эргэн тойронд ийм шинж тэмдэгтэй хүн ажиглагдвал маш сайн ярилцаж, чадахаараа сонсоод өгөөрэй. Сэтгэл зүйч, сэтгэцийн эмчтэй уулзуулаад өгөөрэй гэж хэлмээр байна.
-Энэ хүн сэтгэл гутралтай байна гэдгийг гаднаас нь хараад мэдэх боломжтой юу?
-Энгийн хүн мэдэх боломжгүй. Мэргэжлийн хүмүүс л мэднэ. Сэтгэл гутралд орсон хүмүүс хоёр янз байдаг. Нэг нь хэт дуугаа хурааж, нийгмээс өөрийгөө тусгаарласан хүмүүс. 27 жил гэрээсээ гараагүй хүнтэй би ажиллаж байсан. Нөгөө талд нь тантай уулзах болгондоо танд мотиваци өгдөг хэт эрч хүчтэй хүмүүс. Хүнийг дандаа магтаж, урам зориг өгдөг хүн өөрөө хов хоосон болчихсон байдаг. Анзаараад үзвэл амиа хорлосон хүмүүсийн дийлэнх нь тийм хүмүүс байдаг. Тийм учраас хайртай дотны хүмүүсээ маш сайн анзаарч, ажиглаж, "Амьдрал яаж байна. Асуудал юу байна" гэж асуудаг. Ярилцдаг бас сонссдог байх хэрэгтэй.
-Сүүлийн үед гарч байгаа амиа хорлолтын кэйсүүдийг харахаар залуучуудын дунд салалтаас шалтгаалсан амиа хорлолт багагүй байх шиг байна. Салж, нийлэх нь хүний амьдралд байдаг л зүйл. Гэтэл яагаад амиа хорлох шалтгаан болоод байна вэ. Ийм жижигхэн зүйлийг ч даваад гарч чадахааргүй сэтгэлийн хатгүй залуучуудтай болчихсон юм уу гэж бодогддог?
-Бага насандаа хайртай хүмүүстээ хаягдаж, "Би хэн ч биш юм байна" гэсэн мэдрэмж авч өссөн хүүхдүүд САЛАЛТ гэдэг зүйлийг давж чадахгүй амиа хорлож байна. Тэгэхээр нь энэ зөвхөн салалтаас үүдэлтэй асуудал, сэтгэл хөдлөл биш. Сэтгэлийн хатгүй арчаагүй хүний үйлдэл ч биш. Бага наснаасаа хойш маш их шарх авсан. Сэтгэцийн хувьд өвчдчихсөн хүмүүсийн аргаа барахдаа хийдэг үйлдэл. Зөвтгөж байгаа юм биш. Гэхдээ бас буруутгаж болохгүй. Тэр хүн төдийгөөс өдий хүртэл юуг туулж энд ирсэн юм бэ. Өнөөдрийн энэ салалт яг ямар шархийг нь хөндөөд тэсэхийн аргагүй өвтгөж, ямар мэдрэмж төрүүлсэн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Тийм учраас хэн нэгэнд хэцүү байгаа юм шиг гундуухан, гутруухан харагдвал хамт суугаад ярилцдаг. Энэ хорвоо дээр ганцаараа биш шүү гэдгийг нь ойлгуулж, хэн нэгэнд хэрэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй байгаа юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!