
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2025–2026 оны улирал аравдугаар сарын 2-нд эхэлнэ.
Тэгвэл шинэ улирлын нээлтийн тоглолтод өнгөрсөн улирлын аваргын төлөөх өрсөлдөөний эзэд болох “Хасын Хүлэгүүд” болон “Сэлэнгэ Бодонс” багууд учраа тааран тоглох аж. Ингэснээр өнгөрсөн улирлын гал гарсан финалын өрсөлдөөн шинэ улирлын эхний тоглолтоор дахин үргэлжлэхээр болоод байна. Өнгөрсөн улиралд “Хасын Хүлэгүүд”, “Сэлэнгэ Бодонс” багууд аваргын төлөө долоон тоглолт хүртэл өрсөлдөж Дээд лигийн хамгийн сонирхолтой цувралыг бидэнд хүргэсэн билээ. Харин шинэ улирал эхлэхийн өмнө багууд бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, дотоодын болон гадаадын тоглогчдоо шинэчилсэн нь энэ жилийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байгаа гэлтэй.
Мөн нээлтийн өдрийн хоёр дахь тоглолтод “Би Си Эйч Найтс” болон “Эс Жи Эйпс” багуудын тоглохоор болсон. Үндэсний дээд лигийн улирлын өмнөх гол анхаарлын эзэд болох “Эс Жи Эйпс” баг “Сэлэнгэ Бодонс” багтай улирлын өмнөх нөхөрсөг тоглолт хийхдээ NBA-ийн аварга, найман удаагийн All-Star Дуайт Ховард-ыг тоглуулсан. “Эс Жи Эйпс” багийн хөгжөөн дэмжигчид болон сагсан бөмбөг сонирхогчид шинэ улиралд ч мөн Ховардыг Монголд тоглоно гэсэн хүлээлттэй байсан хэдий ч Гүржийн “Black Fortress Tbilisi” багтай гэрээ хийсэн.
Ийнхүү Үндэсний дээд лигийн шинэ улирал эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Өнгөрсөн улирлын финалын хоёр баг шууд учраа таарах нээлтийн тоглолтоос эхлээд энэ улирлын аваргын төлөөх өрсөлдөөн хэрхэн өрнөх нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байх нь гарцаагүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!