
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат болон холбогдох албаныхан хаврын тариалалтын явцтай газар дээр нь танилцаж, тариаланчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр Монгол улсын газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт (2026.05.23) ажиллав.
Засгийн газрын тэргүүн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд тариалалт хийж байгаа "Ивэн түрүү" ХХК-ийн талбайд очиж, тариаланчидтай уулзлаа. Тус компани 2015 онд байгуулагдсан. Эргэлтийн 1826 га талбайтай. Жилдээ 1300-1400 га талбайд тариалалт хийдэг. Нэгж га талбайгаас 20-25 цн ургац буюу 2200-2300 тн хүнсний улаан буудай хураан авдаг байна. Энэ жил 1400 га-д улаанбуудай тариалж буй юм.
“Ивэн түрүү” ХХК-ийн тариан талбайд болсон уулзалтын үеэр газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл Ерөнхий сайд болон салбарын сайдад энэ жилийн тариалалтын явц болон тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулж, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улаанбуудай болон төмсний үрийн хангамжийг сайжруулах, гурилын борлуулалтыг дэмжих, улаанбуудайн нөөцийг бүрдүүлэх, үүлэнд нөлөөлөх нөлөөллийг зохицуулах зэрэг саналууд тавьсан.
Ерөнхий сайд Н.Учрал болон ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат тариаланчдын тавьсан асуудлуудад тодорхой хариулт өгч, хөнгөлөлттэй зээлийн шалгуур, бодлогын хүү, өр авлагын харьцааг бууруулах, эрсдэлийн жинг буулгах талаар арилжааны банкнуудтай гэрээ, хэлэлцээ хийж шат дараатай арга хэмжээ авч буйгаа мэдэгдэв.
Баруунбүрэн сумын хэмжээнд 26 аж ахуй нэгж, 60 гаруй иргэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Газар тариалангийн зориулалтаар ашиглагддаг нийт 22600 га эргэлтийн талбайг 100 хувь ашиглаж байна. Жил бүр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, иргэд 10,0-12,0 мянган га талбайд тариалалт хийдэг. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдийн 80 гаруй хувь нь техник шинэчлэлтийг хийж, нийт эргэлтийн талбайн 90 хувийг хашаажуулсан байна. Улаанбуудай 5100 га, тосны ургамал 200 га, төмс 10 га, хүнсний ногоо 10 га талбайд тус тус тариалаад байна. 2024-2025 онд нийт 27 аж ахуйн нэгж, иргэнд 20774 ш төмөр бетон шон олгожээ.
Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар мөн Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Шийрийн Ундарга” ХХК-ийн бүрэн автомат зоорийг үзэж танилцав. Тус компани 2022 онд байгуулагдсан бөгөөд эргэлтийн 450 га талбай талбайтай.
2026 онд эртийн сортын төмс, лууван, сонгино нийт 96 га-д, улаанбуудай 200 га талбайд тус тус тариалаад байгаа үлдсэн талбайдаа лууван, манжин, төмс нэмж тариалж, талбайн ашиглалтыг 100 хувьд хүргэхээр төлөвлөжээ. 80 га талбайн бүрэн автомат услалтын систем, 25 га луувангийн талбайдаа дуслын усалгааны систем суурилуулахаар төлөвлөжээ. Бусад талбайд дамартай бороожуулагч ашигласнаар төмс, хүнсний ногоог бүрэн усалгаатай болгох аж.
“Шийрийн Ундарга” ХХК 1000 тоннын багтаамжтай бүрэн автомат төмс, хүнсний ногооны зоорь шинээр ашиглалтад оруулж, 2022-2026 онд орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг бүрэн хийсэн байна. Өмнө нь 200 тоннын багтаамжтай зооринд хураан авсан ургацаа өвөл, хаврын саруудад бүрэн хадгалж, борлуулах боломжгүйн улмаас намар хямд үнээр ногоогоо борлуулж иржээ. Тиймээс тус компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авч 1000 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь барьж ашиглалтад оруулжээ.
Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар тариаланчдын тавьсан асуудлуудад тодорхой хариулт өгч, хөнгөлөлттэй зээлийн шалгуур, бодлогын хүү, өр авлагын харьцааг бууруулах, эрсдэлийн жинг буулгах талаар арилжааны банкуудтай ярилцаж шат дараатай арга хэмжээг авч буйгаа мэдэгдэв.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын хувьд 42 ААН, 200 гаруй иргэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Газар тариалангийн нийт 27132 га эргэлтийн талбайтай үүнээс төмс хүнсний ногооны зориулалтаар 960 га талбайг 100 хувь ашиглаж байна.
2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар, улаанбуудай 4300 га-д, тосны ургамал 725 га-д, төмс 594 га-д, хүнсний ногоо 301 га талбайд тариалаад байна.
Тус сумын тариаланчид 2008 онд "Монгол төмс" хөтөлбөрт хамрагдан Солист, Гала сортын үрийг нутагшуулах зорилгоор үрийг үржүүлэхээр анх тариалалт хийж эхэлсэн байна. Орхон сумын Бэлэндалай багийн нутаг Шийрийн голын үржил шимт хөрсөнд тарьж ургуулдгаас шалтгаалан “Шийрийн төмс” гэж нэрлэгдсэн эрт болцийн төмс юм. Орхон сумын тариаланчид эрт ургацын төмсийг 4 дүгээр сарын 20-ноос эхлэн тариалж, 7 дугаар сарын дунд үеэс эхлэн ургац хураалтыг явуулж эхэлдэг. Жилд дунджаар 250 га талбайд эрт ургацын сортын төмсийг га-гаас 150-300 цн ургац хураан авч, 2 тэрбум гаруй төгрөгийн борлуултыг хийж 1200 гаруй түр ажлын байрыг бий болгон ажилладаг. Орхон сум нь аймгийн төмсний тариалалтын 21 хувийг эзэлдэг байна.
Шийр, Бэлэндалай чиглэл рүү төмс хүнсний ногоог хөгжүүлэхэд стандартын шаардлагад нийцсэн зоорины тоог нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн жилүүдэд МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсал” хөдөлгөөн, Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариаланчдад олгосон хүүгийн хөнгөлөлттэй зээлээд тус сумын 5 аж ахуйн нэгж, иргэн 500-1000 тн зоорийг шинээр барьж ашиглалтад оруулаад байна. ХХААХҮЯ-наас усалгаатай тариаланг нэмэгдүүлэх зорилгоор төмс хүнсний ногооны чиглэлээр 50-75 га талбайг услах хүчин чадал бүхий услалтын 6 системийг олгож, тариаланчид ашиглаж байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ хавар үр тариа 134.4 мянган га-д, тэжээлийн ургамал 23.3 мянган га-д, тосны ургамал 44.7 мянган га-д, төмс 2.4 мянган га-д, хүнсний ногоо 7.9 мянган га-д талбайд тус тус тариалахаар, мөн 110.5 мянган га талбайд уринш боловсруулахаар төлөвлөжээ.
2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар:
Үр тарианы тариалалт 67.4 мянган га-д буюу 50.2 хувь,
тэжээлийн ургамал 86 га-д талбайд 0,3 хувь, тосны ургамал 6.3 мянган га-д буюу 14.2 хувь,
төмс 1340 га-д буюу 55.8 хувь,
хүнсний ногоо 881 га талбайд буюу 11.1 хувьтай үргэлжилж байна.
Ингэснээр хаврын тариалалтын ажил аймгийн хэмжээнд нийт 34.6 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд тариалалтын ажлыг хугацаанд нь чанартай зохион байгуулахад анхаарч ажиллаж байна.
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд олгогдож буй Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн хүрээнд Сэлэнгэ аймгаас нийт 472 иргэн, аж ахуйн нэгжийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг арилжааны банкнуудад хүргүүлжээ.
2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 208 иргэн, аж ахуйн нэгжид нийт 45.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Тухайлбал,
- Эргэлтийн хөрөнгийн зээлд: Үр тариа, тосны болон тэжээлийн ургамлын үйлдвэрлэлийн 130 иргэн, аж ахуйн нэгжид 34.3 тэрбум төгрөг,
- Үр үйлдвэрлэлийн чиглэлээр нэг аж ахуйн нэгжид 3 тэрбум төгрөг,
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 75 иргэн, аж ахуйн нэгжид 7.4 тэрбум төгрөг,
- Жимс, жимсгэний үйлдвэрлэлд нэг иргэнд 50 сая төгрөгийг тус тус зээлд хамрагдсан байна.
Харин хөрөнгө оруулалтын зээлийг төмс, хүнсний ногооны техник, тоног төхөөрөмж худалдан авах нэг ААН 300 сая төгрөгийн зээлд хамрагджээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!