
IMC ОУ-ын математикийн олимпиадыг Монголд анх удаа зохион байгуулж, орон орны математикч хүүхдүүдийг эх орондоо цуглуулсан математикийн багш Б.Идэржавхлан өчигдөр өөрийн цахим хуудастаа, "Олимпиад сайхан боллоо. Одоо зуслангийн байшингаа зараад төлбөр тооцооны ажлуудаа дуусгана даа" хэмээн нийтэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал түүнийг хүлээн авч уулзаад, "Б.Идэржавхлан багш та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Олимпиадын хүрээнд гарсан санхүүгийн асуудлыг Ерөнхий сайдын хувьд бүрэн шийдвэрлэж өгнө" гэж хэлсэн байна.
Тодруулбал тэрбээр, "Та бүхэн дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж амжилт үзүүлж, эх орноо сурталчлан таниулсан. Б.Идэржавхлан багшийн өөрийн цахим хуудаснаа бичсэн мэдээллийг уншсан. Та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Засгийн газар боловсролыг онцгойлон дэмжинэ. Олимпиадын хүрээнд гарсан санхүүгийн асуудлыг Ерөнхий сайдын хувьд бүрэн шийдвэрлэж өгнө" гэжээ.
Харин MIMC 2026 олон улсын олимпиад зохион байгуулах хорооны дарга, багш Б.Идэржавхлан, "Ерөнхий сайд хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж өгч буйд баяртай байна. Орон нутгийн сурагчид олон улсын олимпиадад оролцох боломж хомс байдаг тул 21 аймгийн сурагчдыг бүрэн хамруулсан. Энэ нь орон нутгийн сурагчдад итгэл, урам зориг өгөх зорилготой байсан" хэмээн онцолсон байна.
Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад математикийн боловсрол, амжилтаараа дэлхийд тэргүүлэгч 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монголын багийн сурагчид хоёр алтан медаль, есөн мөнгөн медаль, 22 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!