ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-өөс шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.
Мэдээллийн тэргүүнд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “2020 оны 01 сарын 28-нд ДЭМБ-ын удирдах ажилтнууд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Ухань хотод халдварын тархалтыг удаашруулах, биологийн сорьцыг өгөхөөр тохиролцсон. Энэ нь эмчилгээний үр дүн гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Одоогийн байдлаар нийт 4593 тохиолдол батлагдаж, 6973 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 106 нас баралт бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна 14 улсад 56 тохиолдол батлагдсан. Үүний 42-т нь БНХАУ-ын Ухань хотод аялсан хүмүүс байгаа бол зөвхөн нэг нь Вьетнамд бүртгэгдсэн бөгөөд ойрын хавьтал байсан. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд, 40 хувь нь архаг хууч өвчтэй гэсэн мэдээ байна. Нас баралтын түвшин нь 2003 онд гарсан САРС-ын дэгдэлттэй харьцуулахад бага байна.
Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-д зорчсон халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүс эмнэлгийн байгууллагад хандах нь зүйтэй. Халдвар БНХАУ-аас бусад улсад дэгдэлт хэлбэрээр биш алаг цоог байгаа тул иргэд иргэний үүргээ биелүүлж, хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Жишээ дурдахад, АНУ-д бүртгэгдсэн таван тохиолдол бүгд БНХАУ-д зорчсон иргэд сайн дураар эмнэлэгт хандан оношлогдсон.
Австрали улсын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллага нь нэгдүгээр сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д 12:40 цагт Монгол Улсын иргэнд халдвар илэрсэн гэх мэдээллийг ирүүлсэн боловч гурван цагийн дараа халдвар илрээгүй халдвар илэрсэн хүний ойрын хавьтал гэдгийг мэдээлсэн" гэлээ.