
Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна.
Их дүйчин өдөр нь Буддын шашныг үндэслэгч Гаутама Буддагын мэндэлсэн, гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг олсон гурван их үйл явдал нэгэн өдөр давхацсан хэмээн үздэг онцгой өдөр юм. Энэ өдрийг буддын шашинт улс орнууд өргөн тэмдэглэж, сүсэгтэн олон хийд, сүмд мөргөл үйлдэн, буян номын ажилд оролцож, энэрэн нигүүлсэхүйн үзлийг түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай. Монгол Улсад ч мөн Их дүйчин өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр сүсэгтэн олон мацаг барих, амьтан суллах, өглөг буяны үйл хийх, ном хуруулах зэрэг сайн үйлсэд шамддаг. Нийслэл болон орон нутгийн сүм хийдүүдэд ном хурж, шашин соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Буддын шашны сургаалд Их дүйчин өдрөөр үйлдсэн сайн үйлсийн буян хэд дахин арвиждаг хэмээн үздэг тул энэхүү өдрийг хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлийг түгээх, өөрийгөө дотооддоо хөгжүүлэх боломж хэмээн сүсэгтэн олон хүндэтгэн тэмдэглэдэг билээ.
Уг өдөртэй холбогдуулан Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд дараах хөтөлбөрийн дагуу ном хурах юм.
Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр:
- Тавдугаар 31-ний өглөө 04:00 цагаас бурхан багшийн Дүйчин өдрийн үйл ажиллагаа эхэлнэ.
- Өглөө 07:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн гандан дуганд бурхан багшийн төвийн чого хурна.
- 09:30 цагт бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг залах үйл ажиллагаа болж, их Дүйчин өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- 14:00 цагаас Сүхбаатарын талбайд олон үйл ажиллагааг төлөвлөж бэлдсэн байна.
- Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 31-нд хүрэлцэн ирж оройн 20:30 цагт гэрэлт жагсаалд оролцож болно.
Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж буй аж.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!