Төрийн өмчийн компаниудын алдагдал болон санхүүгийн бусад асуудлын талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс зарим зүйлийг тодруулан ярилцлаа.
-УИХ-ын чуулганы үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ТӨК-иуд 5 тэрбумын орлого олоод 55 тэрбумын түрээсийн зардлыг төсвөөс гаргуулж буй асуудлыг хөндсөн нь олны анхаарлыг татахын зэрэгцээ багагүй шүүмжлэл дагууллаа. Үнэхээр ийм асуудал үүссэн үү?
-Бид Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд түрээсийн төлбөрийн асуудлаар танилцуулга хийсэн. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-аас санаачилж боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулсан гэсэн үг. Өнөөдрийн байдлаар ТӨБЗГ 7000 гаруй байгууллагатай харьцаж байна. Төсвийн болон орон нутгийнх, нийслэлийнх мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагууд нийлээд 7000 гаруй байгууллага байдаг. Эдгээрийн дийлэнх нь төсөвт газар буюу албан байгууллагууд бий. Эдгээр газрууд төрийн өмчийн бүртгэлтэй байр саванд үйл ажиллагаа явуулж байна.
Мэдээж тухайн байгууллагуудад илүүчлэх жижиг талбайнууд байдаг шүү дээ. Жишээлбэл, нэг жижиг буланд цайны газар, эмийн сан ажиллуулах хүсэлтүүд иргэд, ААН-үүдээс байнга ирдэг. Тиймээс сул байгаа зай талбайнуудыг бид тодорхой орлого олох зорилгоор сонгон шалгаруулалтыг нээлттэй зарчмаар явуулаад, хоёр тал гэрээ байгуулж гэрээгээ батлуулах хүсэлтээ ТӨБЗГ-т ирүүлдэг. Үүнийг нь бид хянаж үзээд баталгаажуулдаг юм.
2025 оны байдлаар 1139 түрээсийн гэрээг 128 хуулийн этгээдтэй байгуулсан байна. Тухайн гэрээнд “Олж буй орлогын 40 хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж тусгасан байдаг. Үлдэж буй 60 хувийг тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаандаа зарцуулах журам байдаг. Орлогын 40 хувь буюу нийт 5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Тэгвэл үүнээс гадна бусдаас өндөр үнээр байр түрээсэлж буй асуудал байна гэж үзэж байгаа. ТӨБЗГ бусдаас түрээсэлж байгаа асуудлыг зохицуулдаггүй. Яагаад гэвэл манай чиг үүрэгт байхгүй. Гэхдээ бид үүнийг сул чөлөөтэй орхиогүй.
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт ямар тарифаас ихгүй байдлаар түрээслэх вэ, захын гурван дүүрэгт ямар байдлаар түрээслэх вэ гэсэн жишиг хязгаарыг баталж өгсөн. Бидний баталж өгсөн тариф өнөөгийн үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдахгүй байна гэсэн гомдлууд ирдэг. Гэхдээ бид нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1 м.кв түрээсийн үнэ 50 мянган төгрөгөөс илүүгүй байхаар тогтоож өгсөн. Харамсалтай нь төрийн өмчит 18 компани тогтоосон хязгаарыг хэтрүүлж бусдаас байр түрээсэлсэн гэх судалгаа гарсан. Үүнд бид дүгнэлт хийх ёстой. Ямар хэмжээний зардал гаргаж буй талаар судалгааны дүнг харахад, түрээсийн төлбөрт 43 тэрбум төгрөг мөн ашиглалтын зардалд 10 гаруй тэрбум төгрөг буюу ЗГХЭГ-ын даргын хэлснээр нийт 55 орчим тэрбум төгрөг болж байгаа юм.
-Төрийн өмчит 18 компани түрээсийн төлбөрийн хязгаарыг хэтрүүлсэн-
-Түрээсийн төлбөрөө хэтрүүлсэн компаниудыг нэрлээч?
-Энэ мэдээллийг өгч болно. Бүгд жагсаалтаараа байгаа. Үүн дээр тайлбарлах хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, төр өөрөө бүгдийг нь байр саваар хангаж чадахгүй байгаа учраас хэрэгцээ шаардлага нь байгаад байна. Энэ нь манай төсвийн боломжуудаас хамаарч байсан гэж хэлж болно. Дээр миний хэлсэн 43 тэрбум төгрөгийн зарцуулалтын 50 гаруй хувь нь нийтийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд байгаа. Тухайлбал, ямар компаниуд байгаа вэ гэхээр Улаанбаатар төмөр зам, Төрийн банк, Монгол шуудан зэрэг байгууллагууд орчихоод байна.
Эдгээр байгууллагууд иргэд олон нийтэд үйлчилдэг учраас хаана төвлөрөл их байна, тэр газар байр түрээслэх шаардлага гардаг. Тийм учраас илүү үнээр байр түрээслэх зайлшгүй шаардлага үүсэж байна гэж үзээд байгаа. Тиймээс шууд утгаар буруутгах нь учир дутагдалтай. Гэхдээ нэг дүгнэлт нь бусдаас бусдаас байр, талбай түрээслэхэд ашиглалтын зардлаас гадна 40 орчим тэрбум төгрөг зарцуулж буй явдлыг эргэж харж, төрийн байрны ашиглалтыг сайжруулж, суларч буй байруудыг эдгээр байгууллагуудад хуваарилах зэрэг саналыг саяхан Засгийн газарт оруулсан.
Тухайлбал, ШУА шинэ цогцолборт орж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ ажлыг санаачлаад, шинжлэх ухааны бүх байгууллагуудыг нэг байранд оруулахаар болсон. Эхнээсээ 3, 4 обьект нь ашиглалтад орсон. Үндсэндээ, 7-8-р сар гэхэд 100 хувь ашиглалтад орчихно. Улмаар ШУ-ны байгууллагуудын 10 гаруй байр суларч буй учраас өндөр түрээс төлөөд байгаа байгууллагуудыг эдгээрт байруудад оруулах, хоёрдугаарт төрийн чиг үүрэг гүйцэтгэж буй байгууллагуудыг ашиглалтын зардлаар нь дээрх байруудад байлгах ч гэдэг юм уу ийм байдлаар менежмент хийнэ.
Үүнийг Засгийн газарт танилцуулсан учраас ЗГ-ын тэмдэглэл гарч байгаа.
-Өнгөрсөн хугацаанд IT паркийн асуудал олон удаа хөндөгдсөн. “Өргөө” кино театрт маш хямд хүнээр түрээсэлж, улмаар цааш нь дамлаж түрээсэлдэг байсан гэх асуудал яригдаж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Энэ бол маш олон түүхтэй. Анх 2013 онд “Түрээслээд хөрөнгө оруулалт хийж тодорхой хугацаанд ашиглуулах” асуудлыг тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор оруулаад дэмжсэн юм билээ. Гэхдээ анх гэрээ байгуулахдаа ямар хугацаанд хөрөнгө оруулалтаа хэрхэн тооцох юм, хэдэн жилийн дараа IT PARK-ийг төрд нь өгөх юм гэсэн асуудлыг тусгаагүй алдаа гарсан.
Сүүлдээ хоёр тал шүүхдээд, түрээсэлж буй байгууллагыг гарах нь зүйтэй гэсэн байр суурь дээр ТӨБЗГ хамтран ажилласнаар амжилт үзүүлсэн. Шүүхээс тухайн байгууллагыг IT PARK-аас гар гэсэн шийдвэрийг гаргасан. Ингэхдээ 700 сая орчим төгрөгийг гарч буй байгууллагад олгох шийдвэр гарсан. Тиймээс байгууллагын гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас IT PARK-ийн дансыг хаасан тохиолдол гарсан.
-Таныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар томилогдох гэж байгаа гэх мэдээлэл гарсан. Ямар нэг санал ирсэн үү?
-Иймэрхүү мэдээлэл анх удаа гарч байгаа гэж бодохгүй байна. Өмнө нь ч иймэрхүү мэдээлэл гарч байсан. Ямар санаа, зорилгоор ийм мэдээлэл гаргаж тавиад байгааг мэдэхгүй юм. ТӨБЗГ бол ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг шүү дээ. Миний хариуцсан чиг үүрэгтэй холбоотой хийж, хэрэгжүүлэх ажил маш их байна. Тийм учраас энэ төрлийн мэдээлэлд анхаарал хандуулдаггүй.
-Зүүнбаянгийн төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хөрөнгийг нь гаргаад 1.3 их наяд төгрөгөөр барьсан шүү дээ-

-Төрийн өмчит компаниудын алдагдал олон нийтийн анхааралд байсаар байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, алдагдал хэдий хэмжээнд хүрээд байгаа вэ. Алдагдлыг бууруулах ямар арга хэмжээ авч байна?
-ТӨК-иудын өглөг, авлагын асуудал дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Авлага ч их байна, өглөг ч их байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, 20 гаруй их наядын авлага, 30 гаруй их наядын өр төлбөр байна гэж үзэж байгаа. Энэ асуудлыг бүх холбоосоор нь гаргаж ирэх ёстой.
Нэг л жишээ хэлье. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр төмөр зам барьсан шүү дээ. Зүүнбаянгийн төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хөрөнгийг нь гаргаад 1.3 их наяд төгрөгөөр барьсан. Өнөөдөр 416 км төмөр замтай болсон. Үүгээр тээвэрлэлт хийгээд явж байгаа. Гэхдээ энэ нь компани хоорондын өр төлбөрийн асуудал болоод явчхаж байгаа юм. Энэ мэтээр ангилж, ялгаж салгах асуудлууд байна.
-Г.Занданшатарын ЗГ-ын үед өр барагдуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байсан. Энэ ажлын хэсэг одоо байгаа юу, ямар үр дүн гаргасан бэ?
-Тэр ажлын хэсгийг би ахалж байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Яагаад гэвэл өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн ажил, албан тушаал нь өөрчлөгдсөн учраас Ерөнхий сайд Н.Учралын захирамжаар ажлын хэсгийг шинээр байгуулсан. Ирэх гурав дахь өдөр ажлын хэсэг хуралдана. Улмаар хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!