Г.Баяр-Эрдэнэ: Хүүхдээ гүний уурхай руу оруулах гэж байна гэж төсөөлж ажилладаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 52 секунд

UBN STORY булангийнхаа энэ удаагийн дугаарт залуухан, чадварлаг инженер Г.Баяр-Эрдэнийг онцолж ярилцлаа. Г.Баяр-Эрдэнэ 1300 метрийн гүний уурхайн загварчлал, аюулгүй ажиллагаатай холбоотой, алдаа гаргах эрхгүй ажил хийдэг. Тэрбээр саяхан Оюу толгойн уурхайн цогцолборт байрлах Өмнийн говийн гүний уурхайн институтийн анхны төгсөгчдийн нэг болж, дэлхийн шилдэг мэргэжилтнүүдээс суралцаж, мэргэжлийн ур чадвараа ахиулсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Г.Баяр-Эрдэнэ гэдэг. Геологич мэргэжилтэй.

-Ажлаа товч танилцуулбал?

-Би Оюу толгой үйлдвэрт ажиллаад зургаан жил болж байна, одоогоор гүний уурхайн геотехникийн дизайны багт ахлах инженерээр ажиллаж байна. Өмнө нь геологич мэргэжлээр Эрдэнэтийн Овоо, Хармагтай зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байсан.

-Эзэмшсэн боловсролын тухайд?

-Би Өвөрхангай аймагт төрж, өссөн. Аймгийн ЕБС-ийг төгсөөд, ШУТИС-ийг геологич мэргэжлээр төгссөн. 2021 онд мөн ШУТИС-даа магистрын зэрэг хамгаалсан.

-Яагаад геологич мэргэжлийг сонгох болсон бэ?

-Мэргэжил сонголтод аав минь их нөлөөлсөн. Аав минь усны аж ахуйд ажилладаг байсан, худаг ус гаргадаг, хөдөө говиор их явдаг, өрөмдлөгийн ажил хийдэг байлаа. Аавыгаа харж байхад говийнхон их сайхан хүлээж авдаг, идээ будааныхаа дээжийг барьдаг, ус гаргах гэж байна, сайхан ажил хийдэг гээд л их хүндэлдэг. Түүнтэй төстэй ашигт малтмалын эрэл хайгуул хийдэг ажил их сонирхолтой юм байна гэсэн ухамсар төрөөд, арван жилээ төгсөөд геологич мэргэжлийг сонгосон.

-Яагаад Оюу толгой үйлдвэрийг сонгох болсон юм бэ?

-Оюу толгой үйлдвэрт орохын тулд нэлээд хичээсэн л дээ. Уул, уурхай геологийн мэргэжилтэй хүмүүс ихэвчлэн сонирхож, орох юм сан гэж боддог. Би ч гэсэн тэдний нэг нь л байсан. Намайг их сургуулиа төгсөх үед уул, уурхайн эрэлт буураад нэг хэсэг гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болчихсон, салбар маань уналтад орсон байсан. Дөнгөж сургуулиа төгссөн хүнд ажил олдоход хэцүү байлаа. Тэгээд янз бүрийн л ажил хийсэн. Манай аав, ээж хоёр тухайн үед Оюу толгойгоос урагшаа Цагаан хаданд гэр бүлийнхээ бизнесийг эрхэлдэг байсан. Тийшээ явахаар Оюу толгойн хойгуур өнгөрнө. "Аюулгүй байдал хүн бүрийн хариуцлага мөн" гэсэн цэнхэр том бичиг нүдэнд их тусна. Цэнхэр том барилгуудыг хараад энэ Оюу толгой юм байна гээд хажуугаар зөрнө. Энд ажиллах юм сан гэдэг бодол их төрдөг байсан ч тухайн үедээ орж чадаагүй. Дараа нь Хармагтай зэсийн ордод геологичоор ажилласан. Эрдэнэт уурхайд бас геологичоор ажиллаад, тодорхой туршлага хуримтлуулж байгаад Оюу толгойн туслан гүйцэтгэгч гэрээт компанид ажилд ороод, тэндээсээ дамжин Гүний уурхайд орсон түүхтэй.

-Өдөр тутамдаа хийдэг ажлаасаа хуваалцвал?

-Гүний уурхайн аюулгүй байдалд анхаарал хандуулдаг гэсэн үг. 1300 метрийн гүнд олон арван км урттай туннелийг барьж байгуулж байгаа учраас янз бүрийн чулуулгийн нөхцөл, хөрсний нөхцөл, муу чулуулаг, сайн чулуулаг, зарим нь унаад ирэхэд бэлэн нөхцөлтэй тулж байдаг. Аюулгүй байдлыг шийдвэрлэхийн тулд бэхлэгээ хийх шаардлагатай. Чулуулаг руу боолт боогоод, тор тавьж шүршмэл бетоноор цутгах ажлыг бид хийдэг. Энэ бол гүний уурхайд ажиллаж байгаа бидний найз нөхөд, хамт олонд хамгийн түрүүнд тавигдах аюулгүй байдлын нэн чухал бэхэлгээ. Үүний дизайныг боловсруулах, загварыг гаргах, эргээд суулгалтынх нь чанарыг хариуцах ажлыг манай геотехникийн баг хийдэг.

-Тэгэхээр нэг ээлжиндээ хэчнээн хүний аюулгүй байдлыг хариуцдаг гэсэн үг вэ?

-Гүний уурхайд нэг ээлждээ 1000 орчим уурхайчид ажилладаг. Энэ хүмүүсийн аюулгүй байдал манай багийн гол хариуцлага болохоор би хийж байгаа ажилдаа алдаа гаргах эрхгүй. Нөгөөтээгүүр мэргэжлээрээ маш их бахархдаг.

-Оюу толгойд ажилласнаар ур чадвараа хэрхэн хөгжүүлж ахиулж байна вэ?

-Оюу толгой ажилтнуудаа суралцах боломжоор тогтмол хангадаг. Цаг хугацаа, нөхцөл боломж нь байвал суралцах чинь хамгийн гоё хөдөлмөр шүү дээ. Суралцах шиг гоё хөдөлмөр байхгүй. Үүний нэг жишээ нь Рио Тинто Өмнийн говийн гүний уурхайн институтийг Австралийн Квинсландын их сургуультай хамтран байгуулаад, дэлхийн том мэргэжилтнүүдийг Оюу толгойн уурхайн цогцолборт авчирч нэг жилийн хугацаанд эрчимжүүлсэн сургалт зохион байгуулсан. Салбартаа шилдэг мэргэжилтнүүдийг Оюу толгой уурхайдаа авчраад дадлага, онол, практик хосолсон сургалт хийсэн нь надад маш том үнэ цэн өгсөн. Яагаад гэвэл би тэр олон дэлхийн шилдэг мэргэжилтнүүдтэй дэлхийг тойроод очиж уулзаж чадахгүй. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэж үг байдаг шүү дээ. Харин заавал хээрийн галуу нисэн үл хүрэх газар руу явах шаардлагагүйгээр олон улсын эрдэмтэд өөрсдөө ирээд зааж байгаа болохоор маш сайхан санагдаж байгаа. Нэг их сургууль дээр очоод сурахад нэг сайн профессор байна. Гэтэл энэ хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан. Жишээ нь, Чили, Канад, Австралийн шилдэг мэргэжилтнүүд ирсэн. Тэдгээр мэргэжилтнүүдэд өөр өөрсдийн орны онцлог байгаа учраас янз бүрийн техникийн сорилтууд байдаг. Тэр болгоноо ирээд ярьж өгнө гэдэг илүү үр дүнтэй байгаа юм. Тэгэхээр гадаадын тэр олон орноор явж цуглуулах мэдлэгийг Оюу толгой уурхайдаа авчраад авч байна гэдэг маш үнэ цэнтэй.

-Та сая Өмнийн говийн гүний уурхайн институт гэж ярилаа. Энэ талаар дэлгэрүүлж яриач?

-Өмнийн говийн гүний уурхайн институт (ӨГГУИ)-ийг Рио Тинто санхүүжүүлээд, Австралийн Квинсландын их сургуультай хамтарсан хөтөлбөр юм. Австралийн Квинсландын их сургуулийг би өмнө нь сонирхож байсан л даа. Уул, уурхайн томоохон мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Австрали өөрөө уул, уурхайн орон болохоор их сургууль нь дагаад маш сайжирчихсан. Би сургуулиудыг нь сонирхоод, боломж олдвол суралцах хүсэлтэй байсан. Анх Рио Тинто Квинсландын их сургуультай хамтраад Оюу толгой үйлдвэрт сургалт зохион байгуулна гэсэн зар хараад алдаж болохгүй боломж шиг санагдсан. Тэгээд л эргэлзэх зүйлгүй бэлдэж, бүртгүүлж, сонгон шалгаруулалтад оролцсон.

-Сонгон шалгаруулалт нь хэрхэн явагдсан бэ?

-Сонгон шалгаруулалт нь нэлээд өрсөлдөөнтэй болдог юм билээ. Эхлээд анкет, өргөдлөө өгөөд, тестийн шат, ярилцлагын шат дамжин тухайн хэлтсийн менежертэй уулзаж, ажил төрлөө зохицуулах болно. 3-4 шатны сонгон шалгаруулалт болсон. Ингээд 27 хүн хамгийн анхны сургалтад хамрагдсан. Зөвхөн Оюу толгой гэлтгүй ШУТИС, гадны уурхайнуудаас ч хүн ирсэн. Мөн Эрдэнэс Оюу толгойгоос ч хүмүүс шалгарсан. Өргөн бүрэлдэхүүнтэй нэг анги болоод төгссөн дөө.

-ӨГГУИ-д сурснаар мэргэжилтэй чинь холбоотой ямар давуу талууд бий болж байгаа вэ?

-Энэ сургалт миний ажилтай маш их уялдсан хөтөлбөрүүдтэй. Нэг жилийн хугацаанд, нэг удаадаа 12-14 хоногийн хооронд дөрвөн хичээлтэй. Нийт 10 өөр сэдвээр явагдсан сургалт болсон. Ихэнх сэдэв нь геотехниктэй холбоотой сэдэв байсан. Ойролцоогоор найман сэдэв нь геотехниктэй ямар нэгэн байдлаар холбоотой байсан учраас маш их зүйл сурч мэдсэн, надад их өгөөжтэй байсан. Манай төслийн удирдагч Андрей багш надад "Хэрвээ та нар гүний уурхайн загварчлал хийх гэж байгаа, янз бүрийн шийдвэр гаргах гэж байгаа, аюулгүй байдал, геотехниктэй холбоотой шийдвэр гаргах гэж байгаа бол танай хүүхэд тэнд ажиллана. Чи хүүхдээ тийшээ оруулах уу гэж дотроо бодоод үз" гэсэн. Тэр нь надад маш энгийн бөгөөд ойлгомжтой санагдсан. Яагаад гэхээр миний ажил маш хариуцлагатай ажил. Хэн нэгний ах дүү, хэн нэгний гэр бүл тэнд ажиллаж байгаа учраас бид янз бүрийн буруу шийдвэр гаргах, эсвэл зардал хэмнэх үүднээс алдаатай бэхэлгээ хийх ч юм уу тийм орон зай бидэнд байхгүй. Тэгэхээр тооцоолол, ард талын тооцоо судалгаа бүх зүйлээ нарийн найдвартай хийж байж гүний уурхай маань аюулгүй ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн зөвхөн суралцаад төгсөх биш юу сурсан түүнийгээ ажилдаа ашиглах, сурсан мэдлэгээ багийнхандаа хуваалцах том даалгавар надад үлдсэн.

-Таны багын мөрөөдөл юу байв. Одоогийн мэргэжил тань мөрөөдөлтэй чинь хэр нийцэж байгаа вэ?

-Багадаа Индиана Жонс шиг л төсөөлдөг байлаа. Эрдэнэс хайгаад л... Одоо эргээд харахад карьер, ажлын туршлага маань нэг хэсэг нь геологитой холбоотой, нөгөө хэсэг геотехниктэй холбоотой байгаа юм. Нэг юмны хоёр тал шиг л надад санагддаг. Нэг нь ашигт малтмалыг олж илрүүлэх, хаана байна гэдгийг нь нээх. Энэ бол геологи. Геотехник нь олдсон ашигт малтмалыг аюулгүйгээр олборлох, эдийн засгийн үр өгөөжтэй олборлох гэдэг утгаараа нэг зоосны хоёр тал ч юм шиг. Одоогийн байдлаар нэг зүйлийг цогцоор нь хараад, уул уурхай манай эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байгаа. Тэгэхээр үүний нэг хэсэг болоод ажиллаж байгаадаа баяртай байдаг. Сүүлийн үед залуучууд хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи чиглэл рүү их орж байна. Нэг хэсэг эрх зүйч, гадаад харилцааны мэргэжил их байсан. Буцаад ногоон хувьсгал, цахилгаан авто машин, дата төв, хиймэл оюун ухааны ард уул уурхай хэрэг болно. Түүнийг ажиллуулах дата центрийг барих ёстой. Цахилгаан машиныг явуулахад моторт нь маш их зэс орно. Тэднийг холбох дэд бүтцүүд байна. Тэгэхээр буцаад л уул уурхай руугаа орж байгаа юм. Тиймээс бидэнд эрчим хүч хэрэгтэй, уул уурхайн бүтээгдэхүүн хэрэгтэй. Иймээс уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хомсдохгүй байх. Тиймээс ирээдүй гэрэлтэй байгаа л гэж би боддог.

-Дэлхийн хэмжээний ийм институтэд хамрагдаж ур чадвараа ахиулсан учраас цаашдын ажил карьераа хэрхэн харж байна вэ?

-Оюу толгойн уурхайд манай геотехник, дизайны баг байгуулагдаад удаагүй байна. 1-2 жил л болж байна. Өмнө нь манай уурхайн загварчлалыг Австралийн Брисбэн хотоос гадаад мэргэжилтнүүд гаргадаг байсан. Тэр туршлагыг одоо бид өөрсдөө авчраад нутагшуулаад удаагүй байгаа. Тэгэхээр миний ойрын зорилго багаа чанартай инженерүүд, гүний уурхайн дизайнаа зөв, өргөн хүрээний мэдлэг шингэсэн загвар гаргадаг сайн баг болгох зорилготой байгаа. Тэр зорилгынхоо талд нь л явж байна.

-Та мэргэжлийн үнэ цэнээ юу гэж тодорхойлох вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, хэрэглээ талаас нь тайлбарлая. Дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт багасаж байгаа. Яагаад гэвэл ашигт малтмалын нөөц илүү гүнээс илэрч байгаа тул түүнийг олборлох илүү хэцүү болоод байгаа. Нөгөө талаар хэрэглээ нь нэмэгдээд байдаг. Яагаад гэхээр шинэ технологиуд, шинэ дата төв, цахилгаан автомашины эрэлт, дэд бүтцийн асуудлууд байна. Нийлүүлэлт багасаад, хэрэглээ нь өсөөд байхаар үнэ нь өснө. Үнэ өсөхөөр бидэнд хөрөнгө оруулалтын боломжийн нэмэгдэж байдаг. Хөрөнгө оруулах боломж нь цаашдаа нэмэгдээд байвал салбар маань тогтвортой болж эхэлнэ. Салбар үнэ цэнтэй болбол тэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн үнэ цэн өснө гэсэн энгийн логик байгаа. Тэгэхээр энэ салбарыг сонирхож байгаа залууст ойрын үедээ энэ мэргэжлийн үнэ цэн алдагдахгүй, илүү өссөн хэвээр байх болно. Гэхдээ мэдээж чамаас шалтгаална. Суралцсан, судалсан мэргэжилдээ чи сайн байгаад том асуудлыг шийдэж чадвал хэзээд эрэлттэй мэргэжилтэн байх болно.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 7 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 7 хэм дулаан
 
Ж.Энхбаяр: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжиж байгаа
Ж.Энхбаяр: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжиж байгаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!