ДАТА: Төрийн “татвар“-тай халаас 10 жилийн хугацаанд 6 дахин зузаарсан шиг өрхийн орлого ӨССӨНГҮЙ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 0 секунд

Өнөөдөр бид бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж буй боловч чухамдаа хэн илүү хөдөлмөрлөсөн нь хамгийн их "дарамт" үүрдэг нийгэмд аж төрж байна. Орлого нь өчүүхэн нэмэгдэх төдийд татвар, нийгмийн даатгал, өр төлбөрүүд ар араасаа нэхэгдэнэ. Хэдийгээр "Төр оршихуй дор татвар буй" гэх зарчимдаа үнэнч байж татвараа төлөх нь бидний үүрэг боловч түүнийхээ үр шимийг өөрөөсөө бус дарга нарын тансаглал дундаас олж харах болсон нь нууц биш. Үүнийг нь батлах дүр зураг бол нийгэмд баян, ядуугийн зааг хэт хүч түрж, өдрөөс өдөрт дундаж давхарга гэх ойлголт бидний дундаас арчигдсаар, арилсаар, алсарсаар байгаа явдал мөнөөсөө мөн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд "Уулыг нураана, усыг эргүүлнэ" гэж сонгогдсон төрийн түшээд маань бидэнд татварын ямар орчныг бий болгож өгсөн бэ гэх асуултад хэд хэдэн датанд дээр суурилж, хариулт эрэх гээд үзье.

-2016 оноос хойш 2 татвар ШИНЭЭР нэмэгдсэн бол 11 татварын хувь хэмжээ НЭМЭГДЖЭЭ -

2016 оноос хойш гэж үзвэл энэ хугацаанд Монгол Ардын нам дангаараа төрийн эрхийг барьсан он жилүүд үргэлжилж байна. Тэгвэл энэ хугацаанд өөрчлөлтөд орсон дээрх 17 төрлийн татвар байна. Үүнээс хоёр төрлийн татвар шинээр нэмэгдсэн байгаа юм. Тодруулбал, нэгдүгээрт, малын тоо толгойн албан татвар. Нэг малын тоо толгойд 0-2000 төгрөг ногдуулах бие даасан татварын хууль нь 2021 оноос мөрдөгдөж эхэлсэн юм. Хэмжээг сум, дүүргийн ИТХ, орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтоохоор хуульчилжээ. Хоёрдугаарт, генетик нөөц, уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр. 2022 оноос мөрдөгдөж эхэлсэн эл татвар нь шинээр нэмэгдсэн төлбөрийн төрөл боловч хэрэгжилт тодорхой бус, төсөвт орлого ороогүй гэдгийг эх сурвалжууд хэлж буй.

Эдгээр 17 татварын өөрчлөлтөөс хамгийн их хэл ам дагуулсан нь нийслэл дээрх татварууд юм. Тухайлбал, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар. НИТХ-ын 2024.12.04-ний өдрийн 24/28 дугаар тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотод автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хувь хэмжээг шинэчлэн баталсан. Суудлын автомашинд цилиндрийн багтаамжаар 2001 см³ хүртэл 72 төгрөг/см³, 2001–3001 см³ хүртэл 81 төгрөг/см³, 3001 см³ болон түүнээс дээш 99 төгрөг/см³ байхаар тогтоосон байдаг.

Үүний дагуу нийслэлд бүртгэлтэй суудлын автомашины жил бүр төлөх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээ бүх ангилалд 3 дахин өссөн билээ. Мөн та бидний мэдэх Хотын албан татварын хамрах хүрээ өргөжиж, хувь хэмжээний дээд хязгаарыг хуулиар нэмсэн.

-10 жилийн хугацаанд татварын орлого 5.5-6 дахин ӨСЖЭЭ-

Тэгвэл татварын орлого хэрхэн нэмэгдэв. Татварын орлого гэдэгт орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, НӨАТ, онцгой албан татвар зэрэг татварууд багтана. Тэгвэл 2016 онд 4.9 их наядын татварын орлого 2025 онд 27 их наяд болжээ. Өөрөөр хэлбэл, татварын орлого 2016 онтой харьцуулахад 5.5-6 дахин өсөлтийг үзүүлжээ.

Тэгвэл нөгөө талд иргэдийн орлого, амьжиргаа энэ хэмжээгээр өссөн үү гэдгийг харж үзье.

-Татварын орлого 6 дахин өссөн ч өрхийн орлого 6 дахин ӨССӨНГҮЙ -

Татварын орлого жилээс жилд өсөж буй нь нэг талаараа сайшаах дүр зураг мөн. Гэвч үүнтэй уялдаад иргэдийн маань аж амьдрал ч сайжирч байна уу гэдэг асуулт урган гарна. Гэвч дүр зураг үүнтэй эсрэгцэж байна. 2016 оноос хойш татварын орлого 6 дахин өсөлтийг үзүүлсэн байхад айл өрхийн хаалгаар орох орлогын өсөлт ийм байсангүй. Бодит байдал л чухал. 2016 онд 914 мянган төгрөгийн орлоготой байсан нэг өрхийн дундаж орлого 10 жилийн дараа 3 сая төгрөг болсон байна. Гурав дахин өсөлт гэсэн үг. Гэхдээ мөнгө "цаас" болж хувирсан ийм нөхцөлд үнийн өсөлтийн шуурга дунд иргэд бөхийхөд тун ойрхон байна шүү, түшээд ээ.

-Төсвийн нийт зарлага 10 жилийн хугацаанд 9 их наядаас 31 их наядад ХҮРЭВ-

Дараагийн асуудал. Төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгджээ. Үүнтэй уялдаад төсвийн зарлага ч сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөнийг бид дээрх графикаас харж болно.

Бид өдөр бүр ажиллаж, татвараа төлөхдөө "Зам сайжраасай, сургууль нь хүрэлцээтэй байгаасай, эмнэлэг нь хүртээмжтэй байж хүнээ боддог байгаасай гэж найддаг. Тэгж итгэхийг хүсдэг. Гэвч жилээс жилд бидний төлсөн татвараар бүрдэж буй төсвийн хөрөнгийг хэдэн жил дамнасан барилга байгууламж, цемент болгон цутгасаар өнөөдөр хүрлээ. Энэ нь эргээд нийгмийн суурь асуудлаа шийдэхгүйгээр төсвийн үр ашиггүй зарцуулалт хийж буй бодлогын уялдаагүй байдалтай шууд холбогдоно.

Өнөөдөр бид арван жил өмнө асуудал болгон ярьж байсан утаа, түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал гээд бүх л асуудлаа ярьсан хэвээр л байна. Тэгвэл дараагийн 10,20 жилд бид хэрхэх вэ. Энэ нь төсвийн бодлогоос шууд шалтгаална.

Төсөв бол зүгээр л нэг мөнгө хуваарилалт биш. Урсгал зардал, тансаг хэрэглээ, богино хугацааны улс төрөө харсан шийдвэрээс илүүтэйгээр үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц рүү чиглэсэн ажлын байр бий болгож, иргэдийн амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэх шаардлага байна.

“ХҮҮХДИЙН БАЯР“-тай 10 хоногт 4 хүүхэд цооногт унаж, тогонд цохиулж, цементэн хашаанд даруулж НАС БАРЛАА
“ХҮҮХДИЙН БАЯР“-тай 10 хоногт 4 хүүхэд цооногт унаж, тогонд цохиулж, цементэн хашаанд даруулж НАС БАРЛАА
 
Өнөөдөр ХУД, БЗД, Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ
Өнөөдөр ХУД, БЗД, Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!