"Egyptian King" хочит Мохамед Салах энэ улирлыг дуусгаад 9-н жил хүчин зүтгэсэн Ливерпүүл клубийг орхиж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. 14 настайгаасаа мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлж AS Roma-д түүний карьер гэрэлтэж эхлэв. Ливерпүүлийн өмсгөлтэй өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж, авч болох бүх шагналыг түүв. Харин энэ бүхэн ард үлдэж түүний хувьд шинэ аяллаа эхлүүлэх гэж байна. 33 настай тоглогч зодог тайлах талаар арай бодоогүй байх. Түүний ур чадвар, тэсрэлт, тамирчны сэтгэлзүйг харвал дахиад 2-3 жил мэргэжлийн тоглогчийн замналаа үргэлжлүүлэх байх. Гэхдээ яагаад энэ шийдвэрийг гаргав, түүний ирээдүй хэрхэх талаар бүх зүйл таамаг төдий байна.
Ливерпүүлд тэр ямар өвийг үлдээв
М.Салахын наймаа Английн Премьер лигийн түүхэнд хийгдсэн хамгийн амжилттай солилцооны нэг болж үлдсэн. Тухайн жилд Нэймар 222 сая еврогоор ПСЖ-д нэгдэж шуугиан тарьж байв. Мөнгөн дүнтэй нь харьцуулахад тийм өндөр биш ч тухайн үед Ливерпүүлийн хийсэн хамгийн өндөр дүнтэй гэрээний нэг болсон. 2018 оны Европын аваргын финалын шат. Ливерпүүл шинэ довтолгооны гурвалтай болж хамгийн аюултай баг болсноо мэдэгдэж Реал Мадрид клубтэй аваргын цомын төлөө өрсөлдөв. Гэвч М.Салах тоглолтын 30 дахь минутад Мадридын Серхио Рамостой мөргөлдөж талбайг чөлөөлөв. Ливерпүүл гол довтлогчоо алдаж улмаар цувралд ялагдал хүлээсэн. Харин дараа жил нь Ливерпүүл “Champions League” аварга болов. Түүнээс хойш олон лигт түрүүлж супер карьераа үргэлжлүүлэв. 9-н жилийн хугацаанд М.Салах 435 тоглолтод оролцож 255 гоол, 118 гоолын дамжуулалт өгч Ливерпүүлийн бүх цаг үеийн түүхэнд гурав дахь мэргэн бууч болсон. Түүний дээр Ливерпүүлд 15 улирлыг өнгөрүүлсэн Иан Раш, 11 улирлыг өнгөрүүлсэн Рожер Хант нар бичигдэж байна. Гэхдээ улирал хараахан дуусаагүй байгаа. Энэ тоо өсөхийг үгүйсгэхгүй. Хувийн шагнал статыг энд дурдах илүүц биз. Нэг үгээр дүгнээд хэлбэл М.Салах Ливерпүүлийн довтолгооны гол цөм байв.
![]()
Ливерпүүлийн ирээдүйд М.Салах багтаагүй
Ливерпүүлээс явж байгаа шалтгааныг спортын аналистууд, шинжээчид өөр өөр өнцгөөс тайлбарлаж байна. Хамгийн эхэнд шинэ гэрээний асуудал хөндөгдсөн байх. М.Салах урт хугацааны тогтвортой гэрээг хүссэн. Харин Ливерпүүл шинэ тоглогчдоор багаа бүрдүүлж багийг сэргээн босгох ажлыг эхлүүлсэн. Харин энэ бүрэлдэхүүнд түүний нэр багтаагүй нь лавтай. Мэдээж багийн ахлах дасгалжуулагчтай санал зөрөлдсөн асуудал нөлөөлсөн нь тодорхой. Түүний тоглолт бүх зүйлийг гэрчлэх мэт Ливерпүүлд өнгөрүүлсэн хамгийн тааруу улирал нь энэ жил болж байна. Энэ улиралд 34 тоглолтод оролцож 10 гоол оруулжээ. Мэдээж энэ бүхэн бүх тоглогчдын туулаад гарах ёстой замнал. Тоглогчдын оргил цаг дуусах үед баг ирээдүйгээ бодсон шийдвэрийг гаргах нь бизнесийн зарчим.

Ливерпүүлтэй хамт хийх сүүлчийн дайралт Европын аваргуудын лиг
Ливерпүүл Европын аваргуудын лигийн шөвгийн наймд шалгараад байгаа. Эхний шатанд өнгөрсөн жилийн аваргуудтай таарсан. Тэд өнгөрсөн жилийн шөвгийн 16-д таарч Ливерпүүл ялагдаж нутаг буцаж байв. Харин энэ удаад өнгөрсөн жилийн даагаа нэхэх боломж гарлаа. Энэ цувралд Ливерпүүл хожих магадлал илүү байгаа. Мэдээж М.Салах энэ цувралд эргэн ирэхээс бүх зүйл шалтгаална. Түүний хувьд булчингийн гэмтэл авч одоог хүртэл талбайд гараагүй байгаа. Бэртэл хөнгөн бөгөөд ПСЖ багийн эсрэг хийх тоглолтод талбайд гарах магадлал хамгийн өндөр байгаа. М.Салах ч энэ тэмцээнд өөрийгөө бэлдэж байгаа нь ойлгомжтой. Ливерпүүлд өнгөрүүлж буй сүүлийн улирлын хаалтаа аваргын цомыг өргөөд дуусвал жинхэнэ үлгэрийн мэт төгсгөл байх болно. Тэр талбайд байгаа цагт бүх зүйл боломжтой.
М.Салах мөнгө эсвэл нэр хүнд хоёрын аль нэгийг сонгоно
Мохамед Салах ирэх улиралд хаана байх, хаачих талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа. Гэхдээ түүнийг чөлөөт агент болох сургаар олон төрлийн мэдээллүүд гарч эхэлсэн. Тэндээс байж болох хамгийн өндөр магадлалуудыг хүргэе.
М.Салах ирэх улиралд Саудын Арабын багт тоглоно гэж олон эх сурвалжууд үзэж байна. К.Роналдо тэргүүтэй тоглогчид яг энэ замналаар яваа. Саудын Араб сүүлийн жилүүдэд хөл бөмбөгт хөрөнгө оруулалт хийж өөрсдийн лигийн нэр хүндийг өсгөж чадсан. Хэрвээ М.Салах ирвэл К.Роналдог орлох дараагийн супер од тоглогч байх болно. Цалингийн хувьд ч түүний хүссэн дүнг санал болгож чадна. Ойролцоогоор түүнд 200 сая долларын гэрээ санал болгох баг ганц нэгээр тогтохгүй байх.

Эсвэл Л.Месси, Д.Бэкким нарын адил карьераа Америкт дуусгаж болно. Гэхдээ санхүүгийн талаас түүнд өндөр хэмжээний цалинг амлаж чадахгүй. Мэдээж Европтоо үлдэх магадлал ч бас яригдана. Карьер амжилтаа бодоод бага цалингаар ПСЖ, Реал Мадрид, Барселона, АС Милан эсвэл Рома клубдээ очих зам байж болно. Тэр ямар ч багт очсон баруун жигүүрийн довтолгоог сайжруулж чадна. Улирал дууссаны дараа бүх зүйлс тодорхой болно. Харин яг одоо Европын аваргуудын лигт гол анхаарлаа хандуулж байгаа. Харин энэ бүхэн дууссаны дараа тэр салаа замын уулзвараас сонголтоо хийж өөрийн шинэ аяллыг эхлүүлнэ. Ирэх улирал бид түүнийг ямар өмсгөлтэй харах бол.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!