СУРВАЛЖИЛГА: Зээлийн батлан даагчгүй ахмадууд банкнаас гэртээ хоосон буцаж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 45 секунд

20 гаруй хоногийн дараа монголчуудын уламжлалт сар шинийн баяр тохионо. Ялангуяа азай буурлууд хэнээс ч дутахгүй, элбэг дэлбэг идээ будаатайгаар сар шинээ угтахыг эрмэлздэг. Тэд ингэхдээ үр хүүхдүүдээсээ тусламж авах эсвэл тэтгэврийн зээл авахаас өөр гарцгүй болдог. Энэ жилийн тухайд, тэтгэврийн зээлд тавьсан хугацааны хязгаарлалтыг болиулж, 36 сараар олгож эхэлсэн ч ахмадуудыг “туйлдуулж” буй нэг зүйл нь зээлийн батлан даагч буюу хамтран зээлдэгч шаардах явдал юм.

Тэгвэл бид тэтгэврийн зээлийн асуудлаар ажиглалтын сурвалжилга хийхээр “Тэтгэврийн зээл хамгийн их авдаг” гэх Хаан банкны Зүүн 4 замын урд байрлах салбараар ороход ачаалал харьцангуй бага байсан ч орж ирж буй хүмүүсийн олонх нь ахмадууд байлаа. Өөрөөр хэлбэл, орж ирсэн таван хүний дөрөв нь ахмад настан байх бөгөөд тэд тэтгэврийн зээл авах гэж буйгаа үүдний угтах ажилтанд учирлана. Цаашлаад теллер буюу үйлчилгээний ажилтанд хандвал тэднээс хамгийн түрүүнд тоон гарын үсэг шаардаж, дараа нь хамтран зээлдэгч шаардана. Хэрвээ хамтран зээлдэгчгүй бол гар хоосон гэртээ харихаас өөр аргагүй.

Тэд аргаа барахдаа хэн нэгэн рүү утсаар залган “Заавал батлан даагч авч ир гээд байна аа. Чи батлан даагчаар ороод өгөөч” гэж гуйна.

Батлан даагч байх хүн нь ямар шалгуур хангасан байх ёстой талаар сонирхвол:

-18 насанд хүрсэн байх

-Үндсэн зээлдэгчийн эхнэр, нөхөр болон тэдгээрийн эцэг, эх болон төрсөн ах, эгч, дүү, төрсөн болон үрчилж авсан хүүхэд байх

-Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа

-Сүүлийн 6 сар тогтмол орлоготой байх, энэ нь холбогдох баримтаар нотлогдсон байх

-Зөвхөн тэтгэврийн орлоготой харилцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулахгүй

-Үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн холбоо хамаарлыг нотлох баримт бичгийн хуулбар, лавлагааг шаардаж байгаа аж.

Түүнчлэн 15.6-17.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл олгож байгаа юм байна.

-"Хэдэн хөгшид юугаараа цагаалж, яаж шинэлэх юм бэ"-

Тэгвэл цахим орчинд “Тэтгэврийн зээл 36 сар”, “Тэтгэврийн зээл” гэх мэт групп доторх ахмадуудын сэтгэгдлийг харвал дийлэнх нь “Банкууд больё оо, хүү өндөр суутгаж байна. Батлан даагчаа болиоч ээ” гэх бухимдсан сэтгэгдлүүд зонхилно. Мөн нэгэн ахмад настан “Тэтгэврийн зээл авъя гэхээр хамтрагч нэхээд байна. Хэдэн хөгшид юугаараа цагаалж, яаж шинэлэх юм бол доо гэж гайхах юм. Дээр байгаа хүмүүс эцэг, эхтэй л баймаар юм. Юу санаж, бодож явдаг юм бол …” гэжээ.

Харин зээлийн шалгуурыг өндөрсгөж, батлан даагч шаардах болсон шалтгааныг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Б.Мөнхзаяа “Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтууд байхгүй болж, хугацаа уртассантай холбоотойгоор банкууд эрсдэлийн шагналаа өндрөөр тогтоож эхэлсэн.

Хэдийгээр 18 хувийн хүү нь өндөр байгаа ч хэрэгцээтэй иргэд нь зээл авахаас биш нийгмийн халамж шиг хавтгайрсан хямд өртөгтэй зээл байх боломжгүй. Тэтгэврийн насны хүмүүс зээлээ хугацаандаа бүрэн төлөх боломж нь бусад зээлээс бага мөн барьцаагүй учраас зээлийн хүү өндөр тогтож байгаа” гэж тайлбарласан байдаг.

Нэмэлт мэдээлэл дуулгахад, УИХ-ын дарга Н.Учрал орон нутагт ажиллах үеэрээ "Тэтгэврийн тогтолцоог хаврын чуулганаар заавал шинэчилнэ. “Хэзээ шинэчлэх бол” гэж хүлээсээр байтал ахмадууд цөхөрч байна. "Анхааралтай ажиглаж байна" гэж ярьсаар байтал цаг хугацаа алдаж дууслаа. Эх орныхоо хөгжлийн төлөө залуу насаа зориулсан ахмадууд маань хангалттай тэтгэвэр авах ёстой" гэж мэдэгдсэн юм.

Гэхдээ ахмадуудад тэтгэврийн зээл цагаан сараас өмнө зайлшгүй хэрэгтэй байгаа нь тэдний бухимдсан, эсэргүүцсэн байр сууриас бэлээхэн харагдсаар байна.

Ц.Даваасүрэн: У.Хүрэлсүхийн ЗГ, бидний үед хүчин чадлыг нэмэгдүүлээгүй бол гал алдах байж дээ
Ц.Даваасүрэн: У.Хүрэлсүхийн ЗГ, бидний үед хүчин чадлыг нэмэгдүүлээгүй бол гал алдах байж дээ
 
Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулах шаардлагыг хүргүүллээ
Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулах шаардлагыг хүргүүллээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!