Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Монголд нам дагасан, худалдагдсан, “бэртэгчин” экспертүүд л байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 36 секунд

Нэг үеэ бодвол бид аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөхийн тулд мэргэжлийн экспертүүдийнх нь үгийг сонсож, судалдаг болсон. Харин олон нийтийн энэ хандлага дээр төр "тоглолт" хийдэг болоод удаж байна. Үүнийх нь зүй тогтол маш энгийн. Аль дорвитойхон шиг ярьж, хэлж, бичиж чадаж байгаад нь албан тушаал сарвайлгаад, нам дээрээ "өөрийн хүн" болгон татаж авах. Өнгөрсөн хугацаанд ийм байдлаар бид маш олон чадварлаг мэргэжилтнээ нам, эрх мэдэлтнүүдэд "алдсан". Нэр нүүрээ барахдаа өнөө нөхдүүд нь ч амаа тас гэгч нь үдэж орхино. Аль эсвэл чиглүүлэгтэйгээр дуугардаг болно. Энэ байдал ч утгаа алдаж сүүлдээ "Тэр чинь аль намын, хэний хүн билээ" гэдэг үгэнд ороогддог болчихсон явж байх жишээтэй. Бодит байдал ийм л. Гэтэл өнөөдөр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан гээд салбар бүрийн үй түмэн асуудал тулгарахад бид хэний үгийг сонсох вэ. Хаашаа очиж, хэний үүдийг цохих вэ.

Саяхны нэгэн жишээг бодъё л доо. Өнгөрөгч хэд хоногт Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан үйл явцтай холбоотой асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал үүслээ. Үүнтэй зэрэгцэн сошиалд Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэх болсон, болоогүй өчнөөн л олон мэдээллүүд урсав. Ийм л үед бидэнд мэргэжлийн хүмүүсийнх нь дуу хоолой, үнэлэлт дүгнэлт хэрэгтэй байсан ч хуулийг өөр, өөрөөр тайлбарлах мэргэжилтнүүдийнх нь үг энэ эргэлзээ, тээнгэлзээг улам гүнзгийрүүлж орхисон юм.

Энэ нөхцөл байдлыг "шинжсэн" нэгэн иргэн өөрийн сошиал хуудаснаа "Монголын нийгмийн оюун санаанд маш том гажуудал бий болж байна. Логик сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлага хумигдаж, мэдлэг цөөнхийн хувьд хүчин төгөлдөр, олонхын хувьд харь зүйл болон хувирч байна. Бодит байдлыг үнэнээр нь хэлэх хүн үгүй болж, худал хуурмагаас үүссэн хаос орчноос олз олдог нийгмийн бүлэг улам олон болж байна. Нийгмийн оюун санааны бат тулгуур байх ёстой боловсролын институциуд дотроосоо ялзарч, эрх мэдлийн сүүдрээс өндийх чадваргүй болжээ" хэмээн нийтэлснийг харлаа.

Нээрээ л эрх мэдлээс өндийхөө больсон энэ нийгэмд үнэнийг хэлэх хүн нь ховордож байна. Ийм л цаг үед олон нийтийн оюун санааг мэдлэгээр "тэжээж", соён гэгээрүүлэх үүргийг салбар бүрт эчнээ зүтгэж яваа мэргэжлийн экспертүүд хүлээнэ. Хэдийгээр тэд хуулиар энэ үүргийг хүлээгээгүй ч үзэл санаа, үнэт чанараа бодож үзвэл хэлүүлэлтгүйгээр ухамсарлах буй за. Ямартай ч нөхцөл байдал ийм байна. Дориу ярьдаг хэдэн экспертүүд нь аль нэг нам дагаад эхлэхээр "сүжиг" ч төрөхөө больж, хэний үг үнэн бэ гэдгийг эрж хайж байна. Та ч үүнтэй санал нийлнэ биз ээ.

Нөгөө талдаа албан тушаалд очиж болно. Тэр сонголтыг хийж болно. Хувь хүний л сонголт. Хамгийн гол нь А-Я хүртэл нь судалж, мэргэшсэн зүйлийнхээ эсрэг зогсох үйлдэл л хамгийн ёсзүйгүй, байж болшгүй сонголт. Угтаа энэ л тэдэнд ногдох хамгийн том сорилт. Харин сонголт нь зөв байгаад асуудлаа, бодит нөхцөл байдлаа, үнэлэлт дүгнэлтээ бодитойгоор өгч чадвал албан тушаалаас илүү нэр хүнд манай судлаачдад бий болно. Угаас албан тушаал гэдэг мөнх биш. Харин нэр хүнд, үнэт чанар, үзэл бодол гэгч л үүрдийн нэрийн хуудас болдог учиртай.

Товчхондоо, өнөөгийн нийгэм ашиг, сонирхол хөөж, албан тушаал горилдоггүй мэргэжлийн экспертүүдээр нийгэм “цангахын дээдээр цангаж" байна...

АЛТАН ЦОМ: Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд эхний ялалтаа авлаа
АЛТАН ЦОМ: Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд эхний ялалтаа авлаа
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.