
Эрчим хүчний яам болон Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Эрчим хүчний салбарын хөгжил ба реформ судалгаа” төслийн дунд шатны тайланг өнөөдөр хэлэлцлээ.
Тодруулбал, цахилгаан эрчим хүчний зах зээлийн загвар, үйлдвэрлэлийн өртгийн тооцоолол, тарифын шинэчлэл, зохицуулалтын арга хэлбэр, дамжуулах болон түгээх сүлжээг цахимжуулах зэрэг долоон багц хэсэгтэй. Манай улсын нөхцөлд тохирсон боломжит хувилбаруудыг танилцуулж, оролцогч талууд харилцан санал солилцлоо. “Монголын эрчим хүчний системийн хөгжил, реформ” төслийн хүрээнд боловсруулсан тайланд Монгол Улсын эрчим хүчний салбарт тулгарч буй асуудалд санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой сорилтуудыг тодорхойллоо. Мөн олон улсын туршлагад тулгуурласан ил тод, өрсөлдөх чадвартай, үр ашигтай цахилгаан эрчим хүчний зах зээлийг үе шаттайгаар бий болгох боломжийг дэвшүүлсэн хэлэлцүүлэг боллоо.
-Б.Ерэн-Өлзий: Эрчим хүчний салбар 24 жил болсон. Харин одоо зах зээлийн дэвшилтэт шатанд тохируулан хууль эрхзүйн орчноо шинэчлэх хэрэгтэй-

Энэ үеэр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий "Дэлхийн улс орнуудад эрчим хүчний байгууллагууд цахилгааныг борлуулах, түгээх дулаан үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаануудад хэрхэн өрсөлдөөн үүсгэхийг эрэлхийлдэг. Манай улсад хүн ам цөөтэй, харьцангуй жижиг зах зээл. Зах зээл жижиг байх тусмаа өрсөлдөөн үүсгэхэд хүндрэлтэй байдаг. Иймд Монгол Улсын дараагийн эрчим хүчний салбарыг зах зээлд цахилгаан үйлдвэрлэхэд яаж өрсөлдөөн үүсгэх вэ, өрсөлдөөн үүсгэх боломжийг хэрхэн бий болгох, хууль, эрхзүйд яаж нийцэх эсэхэд шийдэл гарц хайж өнөөдрийн хэлэлцүүлэг явагдаж байна.
Эрчим хүчний салбарын хууль эрх зүйг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх агуулгаар Эрчим хүчний реформыг сүүлийн жил гаруй хугацаанд улс төрийн намууд, улс төрийн гишүүдээс манлайлал гарган идэвхтэй ярьж байгаа. Эрчим хүчний яам УИХ, Засгийн газрын шийдвэрийг дагаад холбогдох өөрчлөлтүүдээс хууль эрхзүйгээ шинэчлэхээр ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн яамнаас Азийн хөгжлийн банк, ОУ-ын зөвлөгчидтэй хамтарч ажиллаж байгаа. Өмнө нь дэлхийн ихэнх улс орнууд төвлөрсөн нэг тогтолцоонд байсан. 2001 онд эрчим хүчний хууль батлагдаж салбарын бие даасан компаниуд бий болохоос өмнө Монголын эрчим хүчний салбар нэг бүхэл байгууллага шиг байсан. 2001 онд эрчим хүчний хууль батлагдан босоо тогтолцоог задалж, бие даасан 18 аж ахуй нэгж болгосон. Үүнээс хойш 24 жил энэ хуулиар явсан. Харин зах зээлийн харилцааны дараагийн дэвшилтэт шатанд шилжих шаардлагатай болсон. Энэ хүрээнд хууль эрхзүйн орчноо шинэчилье, одоогийн хэрэгжүүлж буй бүтцээ хууль эрх зүйдээ нийцүүлэх шаардлага бий болж байна" гэлээ.
Хэлэлцүүлэгт АХБ-ны эрчим хүчний мэргэжилтнүүд, төслийн удирдагч, зохицуулагчид болон УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний яам, Эрчист Монгол ХХК, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн төлөөлөл оролцлоо.
