
Өвөл хаяанд ирсэн энэ цаг үед эрчим хүчний салбарын нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил болон улс төрийн хүрээн дэх зарим асуудлын эргэн тойронд Эрчим хүчний сайд Б.Найдалаатай ярилцсанаа хүргэе
-Ярилцах урилгыг хүлээн авсанд баярлалаа. Нэлээн завгүй ачаалалтай үе таарах шиг боллоо. Өвөл хаяанд ирсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Монгол орон бол эрс тэрс уур амьсгалтай. -50, -60 хэмийн хүйтэнд ч монголчууд бид энэ газар нутагтаа амьдарч, өвлийг давсаар ирсэн. Эрчим хүчний салбарт цагт нь шийдээгүйгээс үүссэн олон ужгирсан асуудал байсан нь үнэн. Жишээлбэл, цахилгаан станцуудаа барих ёстой газар нь бариагүйгээс чадлын дутагдалд орж, хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар засвар үйлчилгээг орхигдуулж, боловсон хүч болоод тоног төхөөрөмждөө ч анхаараагүй гэх мэт олон асуудлыг хэлж болно. Тиймээс ч иргэд санаа зовох нь аргагүй. Гэхдээ нэг ухасхийгээд л цахилгаан станц барьчихгүй. Нүд ирмэхийн зуурт засвар үйлчилгээг хийчихгүй. Хүссэн хүсээгүй бид чадлын дутагдалтай байгаа. Бидний хэрэглэж байгаа цахилгаан жилээс жилд 8-10 хувиар өсөж байна. Учир нь, шинэ тоног төхөөрөмж нэмэгдэхээс эхлүүлээд айл өрх, хүн ам ч автоматаар өсөж байгаа. Гэтэл нөгөө талд цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэр болсон станцууд маань тэр хэрээр өсөж чадахгүй байна. Энгийнээр хэлэхэд, бид эрчим хүчний дутагдалд байна. Дутаж буйг нь импортоор авч нөхөж байгаа. Одоогийн байдлаар Монгол Улсад хэрэглэж байгаа нийт цахилгаан эрчим хүчний 22 хувь буюу бараг 1/4-ийг нь гаднаас авч байна. Тиймээс энэ өвөл яах бол, дахиад цахилгаан хязгаарлах болов уу, дулаан хэвийн байж чадах уу зэрэг олон асуулт иргэдэд байгаа байх.
Эрсдэл байгаа. Гэхдээ эрсдэл, доголдол гаргахгүйн төлөө завсар үйлчилгээгээ сайн хийх нь чухал. Түүнчлэн шинээр ашиглалтад орох ёстой эх үүсвэрүүд бий. Тухайлбал, Сэлэнгийн 70 МВт-ын ДЦС байна. Зэс Оюу хуваарилах байгууламжийг ашиглалтад өгөөд урд хөршөөсөө 80 МВт хүртэлх хүчин чадалтай цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжийг нээж байгаа нь өвлөө сайн давахын төлөө л хийж байгаа арга хэмжээ юм. Түүнээс биш гаднаас хараат болъё гэж аливаа ажлыг хийхгүй шүү дээ. Монгол Улсын эрчим хүчний салбар ямар ч эргэлзээгүйгээр гаднаас хараат бус болохын төлөө явж байгаа.
-2027 оны төсөв болон 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй энэ үед төсвийн тодотгол дээр гол хэдэн агуулга орж ирсний нэг нь эрчим хүчний салбарын татаас болон засвар шинэчлэл чиглэлд тавигдсан төсөв. Татаас дээр 107 тэрбум, засвар шинэчлэлийн ажилд 93 тэрбум төгрөг тусгагдсан байсан. Ер нь өмнөх жилүүдэд засвар шинэчлэл чиглэлд төсөв нь хэр тавигддаг байсан бэ. Тодотгол дээр энэ хэмжээний дүн тусгагдаж орж байгаа нь эргээд салбарт хэр хангалттай төсөв вэ?
-Сайшаалтай нь, бид нийтээрээ эрчим хүчний салбар ямар чухал гэдгийг ойлгож байна. Эрчим хүчгүйгээр эдийн засаг байхгүй. Эдийн засаггүйгээр улс гэж байхгүй. Нэг ёсондоо эрчим хүчнийхээ асуудлыг шийдэхгүйгээр цаашид бидэнд ажлын байр, орлого нэмэгдэх боломж бүрдэхгүй, бизнес тэлэх боломжгүй.
Та зөв ажигласан байна. Энэ жилийн төсөв яах аргагүй онцлогтой байгаа. Тухайлбал, төсвийн тодотголоор ЭХЯ-ны хувьд хэдхэн зүйл өөрчлөгдөж орсон. 200 тэрбумыг импортоор авч байгаа цахилгааны үнийн зөрүүний татаас болон засвар үйлчилгээнд зориулж тусгасан. Үүний 107 тэрбум төгрөг нь импортоор авч байгаа эрчим хүчний үнийн зөрүүнд зарцуулагдах бол 93 тэрбум нь засвар үйлчилгээнд зарцуулагдана.
Эрчим хүчний салбарт 350 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийх шаардлага бий. Мөнгө санхүү дутагдалтай байгаа учраас түүнээс 93 тэрбум төгрөгийг төсөв дээр суулгаж оруулж байна. Засвар үйлчилгээгээ сайн хийж байж өвөлжилтийг доголдолгүй, цахилгаан хязгаарлахгүйгээр давна гэсэн үг. Хоёрдугаарт, эрчим хүчний салбарын үйлдвэрлэж буй өртөг зарж буй үнээс илүү байгаа. Нэг ёсондоо алдагдалтай байгаа гэсэн үг. Эрчим хүчний салбар үйлдвэрлэх тусмаа алдагдал авч байна. Иймээс энэ үнийн зөрүүг иргэдэд тохохгүйн тулд 107 тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр тусгасан. Татаас гээд байгаа нь үнэ тарифыг нэмэхгүйн тулд тавьж буй мөнгө юм.
Улсын төсөв дээр ч онцлог зүйл байгаа. Өмнө нь эрчим хүчний салбарыг чухал гэчхээд яагаад хангалттай төсөв хөрөнгө тавихгүй байгаа юм бэ гэж гишүүд шүүмжилдэг байсан. Би ч энэ шүүмжлэлийг илэрхийлдэг байсан. Төсөв тавихгүй, хөрөнгө оруулалт хийхгүйгээр асуудлыг ужгируулдаг аргаараа явбал асуудал улам хүндэрнэ. Өөрсдийгөө ингэж хуурах хэрэг байгаа юм уу гэдэг байсан. Энэ жил ЗГ-ын түвшинд, Ерөнхий сайдын хувьд ч манай салбарт дэмжлэг үзүүлж байгаа. Ирэх оны төсөвт эрчим хүчний салбарт түүхэндээ анх удаа нэг их наяд давсан төсвийг тавьсан. Дийлэнх нь хөрөнгө оруулалтын зардал. Урсгал зардал нэмэгдээгүй. Тухайлбал, аль 2021 онд ашиглагдах боломжгүй гэх акт дүгнэлт нь гарчихсан "ДЦС-3"-ын өндөр даралтын тавдугаар машины турбо генераторыг нь шинэчлэхээр болсон. Үүнд 37 тэрбум төгрөг тусгасан. Мөн бид ямар нэг байдлаар гаднаас цахилгаан эрчим хүч импортолж авч байгаа. Тухайлбал, ОХУ-аас нэг л цэгээр эрчим хүч авч байгаа юм шиг бодож байгаа боловч 14 цэгээр эрчим хүчээ импортолж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ажиллаж байгаа боомт бүрээр импортолж байна гэсэн үг. Боомтын ойролцоох байшин барилга, бүтээн байгуулалтууд бүгд импортын эрчим хүчээр тэжээгдэж байгаа. Харин дулааныг импортолж болдоггүй. Яаж ч хүсээд урд эсвэл хойд хөршөөсөө дулааныг импортлох боломжгүй. Бодлогын хувьд Улаанбаатар хотын тэлж буй хэрэглээг давахын тулд дулааны эх үүсвэр шинээр барих ёстой. Барих барихдаа цахилгаантай нь хослуулаад барья. "ДЦС-4"-ийн есдүгээр зуух буюу шинэ зуух нэмж барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал байна. Мөн "ДЦС-5"-ыг барихаар ажлыг нь эхлүүлсэн. Ингээд л хэрэглээ хангагдчихгүй. Тиймээс "ДЦС-6"-г барих ёстой. Тэр ч байтугай "ДЦС-7"-г ч тооцоог нь хийж байгаад барих ёстой. Ингэж байж хотын дулаан хангамж шийдэгдэнэ. Түүнээс биш үргэлж дутагдалтай гэж ярьдаг хэр нь шугам хоолойгоо ч шинэчилдэггүй, станцаа ч шинээр барьдаггүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй яваад байж таарахгүй. Тиймээс ирэх оны төсөвт "ДЦС-6"-г эхлүүлэх болон "ДЦС-3"-ын тавдугаар машиныг шинэчлэх төсвүүд орсон. Бусад шугам хоолой, дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд ч багтсан. 2027 онд эрчим хүчний салбарын асуудлаа бүгдийг нэг дор шийдчихгүй ч өмнөхөөсөө ахицтай хөрөнгө оруулалт тусгаж чадсан.
-Тодруулаад асуухад, та сая яриандаа 350 орчим тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийх ёстойгоос 93 тэрбумыг нь тодотголд суулгасан гэлээ. Тэгвэл үлдсэн 250 орчим тэрбум төгрөгийг цаашид ямар байдлаар шийдэх юм бэ?
-Огт байхгүй төсөв биш. Компаниудын төсөв дээр ажлууд нь суугаад явдаг. Гэхдээ 350 тэрбум хүрэхээр төсөв байхгүй. Түүнийх нь зөрүү болж 93 тэрбум төсвийн тодотголд суулгаж буй юм.
-ДЦС-уудад учир зүггүй 8, 9 турбин дэлбэрэх гээд байгаа зүйл байхгүйг хариуцлагатайгаар хэлье. УИХ-ын гишүүд ийм олон нийтийг төөрөгдүүлсэн, айлгасан мэдээлэл өгч болохгүй-

-Саяхан байнгын хороон дээр төсвийн тодотголын хэлэлцүүлэг үргэлжилж байх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат "ДЦС-уудад 8, 9 турбин ослын байдалтай байна" гэх мэдээллийг хийсэн. Та тус байнгын хорооны хэлэлцүүлэг дээр байгаагүй учраас энэ асуудалд тодорхой хариулт авч чадаагүй. Үнэхээр ийм нөхцөл байдал байгаа бол гарч болох ослоос сэргийлж ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Өмнө нь хэлсэнчлэн эрчим хүчний салбарын техник, тоног төхөөрөмж хуучирсан нь үнэн. Засвар үйлчилгээ хэрэгтэй. Гэхдээ УИХ-ын гишүүд олон нийтэд ийм ташаа мэдээллийг өгч болохгүй. 8, 9 турбин гэх мэтээр ямар ч баримжаагүй олон нийтийг төөрөгдүүлсэн, айлгасан мэдээлэл өгч болохгүй. Муу ч, сайн ч инженерүүд ажиллаж байна. Хуучирч байгаа нь үнэн боловч учир зүггүй дэлбэрэх гээд байгаа зүйл байхгүйг би хариуцлагатайгаар хэлье. Улстөрчдөд хандаж хэлмээр байгаа зүйл байна. УИХ-ын гишүүн гэдэг чинь хариуцлагатай албан тушаал шүү дээ. Тиймээс тодорхой мэдээлэлгүй, сурагаар асуудалд хандаж болохгүй. Ийм эмзэг сэдэв дээр 8,9 турбин дэлбэрэх гэж байгаа мэтээр ярина гэдэг бол маш хариуцлагагүй зүйл. Зөвхөн энэ ч гэлтгүй бусад олон асуудал дээр ч ингэж харагддаг л даа. Ямартай ч инженерүүд маань чадлаараа ажиллаж байгаа.
-Өнгөрсөн жил хоёр ч ДЦС-д осол, саатал гарч байсан. Ослын дараагаар үүссэн гэмтлийг бүрэн засварласан уу. Одоо тус ДЦС-уудад нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Өнгөрсөн жил "ДЦС-3"-ын есдүгээр турбо генераторт осол гарсан. Түүнийг шинээр засварлаж байгаа. Ажлыг нь 2028 оны хоёрдугаар сард дуусгахаар байна. Мөн долоодугаар турбо генераторыг шинээр хийж байгаа. Энэ өвөлдөө буюу 12 дугаар сард шахаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Татаасын асуудал хөндөгдөж эхэлснээс хойш УИХ-ын зарим гишүүд "БНХАУ-аас эрчим хүч авч, хараат байдалд орох гэж байна. ҮАБЗ-тэй холбоотой асуудал" гэж хандах боллоо. Та үүн дээр ямар тайлбар хийх вэ. Уг нь ирэх онд эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор салбарт нь татаас хэлбэрээр тавьж буй төсөв гэж ойлгоод байгаа?
-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1936 МВт. Энэ жилийн бидний хэрэглээ үүнийг давна. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 150 орчим МВт-ын дутагдал гарна. Яагаад гэвэл бид цахилгаан станцаа барьж чадахгүй хоорондоо хэрэлдээд сууж байх хооронд бидний цахилгаан, дулааны хэрэглээ 8-10 хувиар өсөж байна. Гэтэл энэ өсөлтийг бид гүйцэхгүй байгаа юм. Одоо бид гэнэтхэн сайн хүн болоод нэг илбэдээд цахилгаан станц барьчхаж чадахгүй. Энэ жил ашиглалтад орж байгаа нь Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын хүчин чадалтай цахилгаан, дулаан хосолсон цахилгаан станц байгаа. Үүний цаана үлдэх дутагдлыг яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Гэтэл бид импортоор эрчим хүч авахгүй гэж гүрийгээд иргэд, ААН-үүдийнхээ цахилгааныг хязгаарлаад суух юм уу.
Хоёрдугаарт, импортолно гэж байгаа нь тийм ч муу зүйл биш. 1976 онд тухайн үеийн ЗХУ болон БНМАУ эрчим хүчний системээр холбогдсон байдаг. Энэ жил 50 жилийнх нь ой. ОХУ-аас 345 МВт хүртэлх эрчим хүч импортолж байна. Мөн тодорхойлж хэлэхэд, ОХУ-ын эрчим хүчний системд тулгуурлаж манай улс хэрэглээ тохируулгаа хийдэг. Шулуухан хэлэхэд, Монгол Улсын эрчим хүчний систем одоогоор импортын оролцоогүйгээр оршин тогтноход хүндрэлтэй. Хэрэглээ, тохируулга гээд аль аль талаасаа. Иймд эрчим хүчийг хязгаарлахгүйн тулд өөр эх үүсвэр бидэнд хэрэгтэй.
Жишээлбэл, шатахуун дээр хойд хөршөөсөө бус бусад улсуудаас авдаг болсонтой ялгаагүй шүү дээ. Тиймээс бид 80 МВт хүртэлх хүчин чадалтай цахилгаан эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлсэн Зэс Оюу байгууламжийг Оюу толгой компанитай хамтран бүтээн байгуулсан. Энэ нь манай улсын эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай байдалд онцгой чухал байгууламж юм. Үүний ачаар тухайлбал, одоо говийн бүсийг Хятадын эрчим хүчээр хангаж байх хооронд Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг түр зогсоож байгаад засвар үйлчилгээ, холболтоо хийж байгаа юм. Эрчим хүч ийнхүү байнгын холбоотой байхаас гадна нөөц байхгүй бол засвар үйлчилгээгээ ч хийж чадахгүй. Засвар үйлчилгээг унтрааж байж л хийнэ биз дээ. Тохируулгыг ч ялгаагүй. Тэгэхээр эдгээрийг хийхийн тулд нөөц хүчүүд хэрэгтэй. Импортоос хараат болголоо гэж яриад байгааг ойлгохгүй байна. Цаашид эрчим хүчний салбар хоёр хөрш төдийгүй бүс нутгийн улсуудтайгаа хамтын ажиллагааг өрнүүлэх ёстой. Импортлох нөгөө талдаа экспортолдог ч болох ёстой. Тэгж байж л эрчим хүчний систем найдвартай болно.
-10 аймгийн ДЦС барих төсөлд 3-4 жил алдахыг хүсээгүй. Тиймээс ЗГ дунджаар 47 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажлыг нь яаралтай дуусгах сонголтыг хийсэн-

-Гүйцэтгэгч компани нь дампуурлаа зарласнаас болж ажил нь гацаад байсан 10 аймагт дулааны станц барих төсөл цаашид хэрхэх бол гэдэг асуулт нийгэмд байсан. Гэтэл 2027 оны төсвийн танилцуулгаас харахад, танай салбарт тавигдсан 1.2 их наядын хөрөнгө оруулалт дунд 9 аймгийн дулааны станц барих ажлыг үргэлжлүүлэхэд 156 тэрбум төгрөгийг тавьсан байна лээ. Шүүхийн шатанд маргаан нь үргэлжилж байгаа төслийг төсвийн мөнгөөр үргэлжлүүлэхэд тодорхой эрсдэл байхгүй гэж үү. Яагаад ийм шийдэлд хүрсэн юм бэ?
-Арван аймгийн дулааны станцын төсөл БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байсан боловч гүйцэтгэгч компани нь дампуурч ажил зогссон. Бидэнд хоёр сонголт байгаа. Маргаанаа үргэлжлүүлж, дунджаар 45 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа ажлыг зогсоож, дахин 3-4 жилийг алдах эсвэл яаралтай дуусгах. Бид ажлыг нь яаралтай дуусгах сонголтыг хийсэн. Засгийн газрын тогтоол гарч, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийг түр зогсоогоод, Монгол Улс шаардлагатай санхүүжилтийг төсөвт тавиад энэ ажлыг явуулъя гэж шийдвэрлэсэн. 10 биш 9 аймагт төслийг үргэлжлүүлнэ. Нэг аймагт төсөл арай эхлээгүй байсан юм. Хэрэв бид шүүхийн маргааныг хүлээвэл 3-4 жилийг алдана. Харин улсын төсөв батлагдаж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх үед шинэ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, яаралтай ажилд нь оруулна. Дулаан дутагдалтай байна. Тиймээс энэ ажлыг явуулахыг иргэд болоод нөхцөл байдал нь биднээс шаардаж байна. Та бод л доо. Шинэ жижиг дунд бизнесүүд, шинэ барилга орон сууцууд баригдаж байна. Гэтэл дулаан нь байхгүй. Тиймээс дулааны станцаа бид цаг алдалгүй барьж, аль болох богино хугацаанд ашиглалтад оруулна. 2028 ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Нийт гүйцэтгэл нь 47 хувьтай байгаа юм уу?
-Дунджаар 47 хувийн гүйцэтгэлтэй. Зарим аймагт 50 хувийн гүйцэтгэлтэй нь ч байгаа.
-Үүнээс гадна "ДЦС-6"-гийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төсөвт суулгасан. "ДЦС-5"-аа ч бариагүй байж дахиад зургааг нь барина гээд оруулаад ирэхээр нэг л итгэл төрөхгүй байна?
-Тийм шүүмжлэл гарч байна лээ. Таваа бариагүй байж зургаа руу нь орлоо гэх мэтчилэн. Эргэлзэх юмгүй. Бид дарааллуулж хийх албагүй. Энэ төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ. Нэгэнт дутагдалтай байгаа юм чинь яагаад бүтээн байгуулалтуудыг нь зэрэг, зэрэг хийгээд явж болохгүй байгаа юм. Улсын төсвөөс эхлэх хөрөнгийг нь гаргаад, төр хувийн хэвшлийн түншлэлээр буюу хамгийн сайн загвараар нь л ажлаа явуулах ёстой. Тэр байтугай "ДЦС-7"-гийн ажлыг ч шаардлагатай гэвэл явуулах хэрэгтэй. Ингэж байж бид эрчим хүчний дутагдлаас гарна уу гэхээс дараа гэж хойш тавьсаар байвал дутагдлаасаа гарахгүй. Тавантолгойн ДЦС ч ялгаагүй шүү дээ. 2012 онд эхэлсэн. Бүгдээрээ л дэмжээд байсан хэр нь 14,15 жилийн дараа боссон юм юу ч байхгүйгээр дууссан. Дахиад цоо шинээр эхлэх болж байна. Ийм учраас л бид аукцион, сэргээгдэх эрчим хүчийг дэмжье гээд байгаа юм. Учир нь аукцион, тендер гэдэг чинь тэмээ, ямаа шиг ялгаатай зүйл шүү.
-2027 оны төсөв батлагдсанаар эрчим хүчний салбар дахь хүчин чадал хэр хэмжээтэй нэмэгдэнэ гэсэн тооцоололтой байгаа вэ?
-Төсвөөс шууд хамаарсан зүйл байхгүй. "ДЦС-3"-ын 9-р турбин генератор ашиглалтад орно. Хувийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа Бөөрөлжүүтийн станцын дараагийн ээлжийн 150 МВт-ын блок ашиглалтад орно. Хэрэв амжвал хоёр блокийг ч оруулна гэж яриад байгаа. Энэ мэт байдлаар эх үүсвэрүүд нэмэгдэнэ. Сэргээгдэх эрчим хүчний аукционууд зарласан байгаа. Зарим хувийн хөрөнгө оруулалттай аукционуудаас гадна хийж байгаа төслүүд бий.
-Төсөв ярьсных танай салбарын ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудлыг тодруулъя. Өнгөрсөн хавар ажил хаялтад хүрэхийн даваан дээр тохиролцоонд хүрсэн. Үе шаттайгаар нэмэгдүүлэх амлалтаа төсөв дээр ямар байдлаар тусгаж оруулж ирж байгаа вэ?
-Төрийн өмчит компаниудын ажилчид нь төрийн албан хаагч биш тул цалин нь төсөв дээр тусгагддаггүй. Манай салбарын ажилчдын цалингийн санг өнгөрөгч долоодугаар сард 10 хувиар нэмсэн. Гүйцэтгэх захирлуудын цалинг нэмээгүй. Нэмэх шаардлагагүй хэсгийн цалинг бүү нэмээч ээ л гэсэн санаа. Цалингийн нэмэгдэл хэрэгтэй, олон жилийн нэмэгдэл авдаггүй шинэ залуу ажилчдын цалин илүү нэмэгдээсэй гэж бодсон юм. Хүний нөөцийн бодлого талаасаа ч маргаашийн мэргэжилтнүүдээ бэлдэх шаардлага бидэнд байгаа. Тиймээс л цалингийн санг 10 хувиар нэмсэн. ҮЭ-тэй ярьж тохирсон. Энэ аравдугаар сард таван хувиар нэмнэ гэж гэрээнд тусгасан. Гэхдээ үүнийг бид судалж байна. Бүх хэсэгт хавтгайруулж нэмэх нь бодлого биш. Төрөөс хамааралтай салбаруудад байгаа нийтлэг асуудал энэ. Цалингийн системийг зөв шударга болгох нь хамгийн чухал. Жишээлбэл, олон жил ажилласан хүнд хамгийн ээлтэй цалингийн систем үйлчилж байна. Нэмэгдэл нь бус цалин нь өндөр байх хэрэгтэй. Маргаан тэндээ байна. Манай салбарын дундаж цалин 3 сая 750 мянган төгрөг байсан. 10 хувь нэмэгдсэнээс хойш 4 сая гараад явчихсан. Цалингаараа уул уурхайн салбарын дараа орж байна. Банк, санхүүгийн салбарын өмнө гишгэж байгаа шүү. Манай салбарын цалинд шударга бус тогтолцоо байна гэж ярихаас биш бага гэж ярихад тохиромжгүй. Салбарынхан маань ажил хаях хэмжээний ёс суртахуунгүй хүмүүс биш гэдгийг хэлдэг. Би ч итгэлтэй байдаг. Гэхдээ салбарын бодлого бол хүний нөөцийн бодлогыг сэргээх.
-Аль ч салбарт боловсон хүчээ тогтоож барих гол зүйл нь цалин хөлс мөн. Тухайлбал, танай салбарт залуу боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллах нь хэр байдаг юм?
-Манай салбарт 17800 хүн ажиллаж байгаагийн 11500 орчим нь төрийн өмчит компаниудад ажиллаж байна. Статистик мэдээллээс харахад нийтлэг нэг асуудал байна. Нийт ажилчдын нэлээдгүй их хувь нь ахмад буюу 20 болон түүнээс дээш жил ажилласан хүмүүс байна. Бас нэлээдгүй хувь нь 5 хүртэлх жил ажиллаж байгаа буюу шинэ залуу ажилчид байна. Харин 5-10 жил ажиллаж буй буюу ид залуу үеийн ажилчид цөөн байна. Гэтэл ийм ажилчид яагаад цөөн байна вэ гэхээр ажилд орж 5 жил хүртэлх хугацаанд ажиллаж үзээд ажлаасаа гарч байна. Тэгэхээр асуудал нь маргаашийн боловсон хүчин буюу 5-10 жил ажилласан туршлагатай залуу үе маань ажлаасаа гараад байна. Тэднийг татах цалин нь бага байна гэсэн үг. Гэсэн хэр нь олон жил ажилласан мэргэжилтнүүдийг татах цалин, хангамж байна гэсэн үг. Тиймээс 5-10 ажиллаад, энэ салбартаа үлдэх залуусыг дэмжих ёстой. Үүнд нэгдүгээрт цалин, хоёрдугаарт сургалтын асуудал байна. Тухайн залуусыг мэргэжлээрээ цаашид урт хугацаанд ажиллахад нь сэдэл, урам зориг өгөх ёстой. Давтан сургалтууд байх ёстой. Гадаад, дотоодод сургах аргыг сүвэгчлэх, компани хооронд сэлгэн ажиллуулах, амралт ажлыг нь зохицуулах, нэмэгдлийг нь залуучууд руу чиглүүлэх зэрэгт бид анхаарах хэрэгтэй. Хүнтэй холбоотой асуудал учраас нарийн няхуур тооцоог бид хийх хэрэгтэй байгаа юм.
-Зөвхөн нэг өвлийг бус олон өвлийг асуудалгүй давдаг болохын төлөө салбарынхаа асуудлыг түүж биш багцаар нь шийдэхийн тулд ажиллаж байгаа. Би гацаагчидтай эвлэрэхгүй-

-Сүүлийн өдрүүдэд танай салбартай холбоотой олон асуудал хөвөрч байгаагийн нэг нь Оюу толгойн сэргээгдэх эрчим хүчийг дотоодоос хангах тендерийг ЭХЯ нийтэд мэдэгдэхгүйгээр зарласан гэх асуудлыг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг хөндсөн. Энэ асуудалд та салбарын сайдын хувьд тодорхой тайлбар өгөхгүй юу. Үнэхээр ийм процесс болсон юм уу?
-Мэдэгдэхгүйгээр, нууцаар зарлана гэж юу гэсэн үг вэ. Би энэ үгийг ч ойлгохгүй байгаа юм. Дуугарахгүйгээр хашгирлаа гэж байгаатай агаар нэг зүйл л яриад байна. Бид урагш хараад ажилдаа анхаараад явж байгаа. Гэтэл дуугүй яваад байхаар улам амтшаад нэмж хачирлаад, зохиогоод яриад байна. Аукцион, тендер гэдэг нь тэмээ, ямаа шиг ялгаатай зүйл шүү гэдгийг юун түрүүнд хэлье. Зарим гишүүн өөрийн маш сайн мэддэг тендертэйгээ холиод байна. Сэргээгдэх эрчим хүчний аукцион хийх хууль 2019 онд батлагдсанаас хойш 7 жил өнгөрсөн. Манай ЭХЯ хуруу ч хөдөлгөөгүй байсан. Ганц ч удаа сэргээгдэх эрчим хүчний аукцион зохион байгуулаагүй. Гэхдээ бид өнгөрөгч тавдугаар сард таван аймагт нийт 220 МВт-ын хүчин чадалтай батарей хураагуурын нарны цахилгаан станц дээр аукцион зарласан. Маш амжилттай болсон. Оролцсон, ялсан, ялагдсан бүх хэсгүүд сэтгэл хангалуун үлдсэн. Яагаад гэвэл бүх зүйл нь ил тод байхгүй юу. Вэб сайт дээр бүх мэдээлэл нь ил тод байгаа. Тендер дээр ирүүлсэн бичиг баримтад нь үндэслэн компаниудыг унагадаг, буцаад шүүхддэг процесс өрнөдөг. Аукцион бол бичиг баримтад тулгуурласан болон тулгуурлаагүй гээд хоёр янзынх байдаг. Таван аймагт зарласан аукцион бол бүгд бичиг баримтад тулгуурлаагүй нь. УИХ-ын гишүүний "ТЭЗҮ нь байхгүй байна" гээд байгаа нь тэр юм. ТЭЗҮ шаардлагагүй нь гэсэн үг. ТЭЗҮ-ийг дараа нь Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр оруулаад тооцоо судалгааг нь хийгээд, баталдаг. Анхнаасаа ТЭЗҮ-д суурилаад унагаадаг, тендерт ялуулдаг зүйл биш юм. Тиймээс л би тендер, аукцион хоёр чинь тэмээ, ямаа шиг ялгаатай зүйл шүү гэж хэлээд байгаа юм. Тэр ялгааг ойлгохгүй байна л даа. Манай таван аймгийн аукцион ч тэр, өмнийн говийнх ч тэр бичиг баримтад тулгуурлаагүй аукцион нь. ТЭЗҮ шаардлагагүй гэсэн үг. Бичиг цаастай зууралдахгүй учраас процесс нь хурдан явж болоод байна.
Оюу толгой жилд 2000 тэрбум квт/цаг эрчим хүч хэрэглэдэг. 100-г гаднаас авдаг. Түүндээ дунджаар 140 сая ам.долларыг жилд төлдөг. Монгол Улсад үлдэх ёстой мөнгө гадагш гарч байна гэсэн үг. Ийм байдлаар 2013 оноос хойш явж ирсэн. Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлого бол гаднаас хараат бус болох. Бид 14 цэгээр эрчим хүч импортолж байгаа. Тиймээс Оюу толгой ч бай цаашид хэрэгжих төслүүд дээр эрчим хүчээ гаднаас бус дотоодоосоо хангадаг болмоор байгаа юм. Үүний тулд бидэнд эх үүсвэр хэрэгтэй биз дээ. Түүнийг бий болгоход хамгийн хурдан нь сэргээгдэх эрчим хүч. Мөн Оюу толгой компани өөрөө ногоон уул уурхай ярьдаг. Дэлхийн хандлага ч тийм байгаа. Оюу толгой гүний уурхайтай учраас эрчим хүч нь тасрахгүй, найдвартай байх ёстой. Бас чадлыг нь зарласангүй гэж яриад байна лээ. Таван аймагт зарласан аукцион дээр бид хүчин чадлыг нь зарласан. Харин Оюу толгойн хувьд хэрэглээн дээр нь 1.3 тэрбум квт/цагийг л хангах эрчим хүч хэрэгтэй байгаа юм. Түүнээс илүү бидэнд хэрэггүй. Тэр хэмжээний энерги, цахилгааныг найдвартайгаар нийлүүлж чадах нар, салхи, газ зэргээ өөрсдөө тооцоолоод санал болгооч ээ л гэж байгаа юм. Зарим компани 300 МВт-аар хийж болно шүү дээ. Хамгийн гол нь найдвартайгаар хангах тооцооллоо танилцуулаач гэж байгаа юм. Нэг ёсондоо бид шалгуураа л тавьж байна. Чадал бол дараагийн асуудал. Тэгэхээр энэ бол байдаг зүйл. Тиймээс үүнийг гайхаад байх шаардлагагүй. Мушгина гэвэл мушгиж болно. Чадал бол ямар ч хамаагүй зүйл юм шүү.
-Нэлээн их улстөржилттэй нүүр тулж байгаа бололтой. Шалтгааныг нь юу гэж харж байна?
-Би улс төрд 10 гаруй жил явж байна. Эрчим хүчний салбарыг асуудлаас нь гаргах хэрэгтэй. Зөвхөн нэг өвлийг давах биш олон өвлийг асуудалгүй давдаг, тэр байтугай зөвхөн дотоодын хэрэгцээг бус бүс нутгийн хэрэгцээг хангадаг болгохын төлөө асуудлыг түүж биш багцаар нь шийдэхийн тулд ажиллаж байгаа. "139" гэсэн бодлого гарган ажиллаж байна. Энэ ажлуудыг зэрэг хийж байж л салбарын асуудал шийдэгдэнэ. Жаахан юм хийх гээд, асуудлыг нь шийдэх гээд ирэхээр л улстөржүүлээд эхэлдэг. Гацаагаад, гацаагаад явчихдаг. Ийм жишээ олон шүү дээ. Эрчим хүчний салбарын гацаагчидтай би эвлэрэхгүй. Эргэлзээ юу ч байхгүй учраас өчүүхэн ч болгоомжлох зүйл байхгүй. Улстөрчийн хувьд тэмцлээ хийсээр байна. Монгол Улс эрчим хүчний салбарт бүс нутгийн тоглогч болох ёстой.
-Улсын нууц, онцгой асуудал биш л бол сайн, муу бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй л байлгая-

-Одоогоор хэчнээн аукционыг, ямар ямар байршлуудад зарлаад байна вэ?
-Анхны таван аймгийнхыг зарласнаас хойш бид нэлээн хэдэн аукционы багцыг зарлаад явж байна. Тухайлбал, баруун бүсийн багц. Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймагт Азийн хөгжлийн банктай хамтарч хоёр багцыг зарлаад байна. Мөн зүүн бүсэд Сүхбаатар, Дорнод аймагт адилхан аукцион зарласан байгаа.
Найман аймгийн 21 суманд хүчдэлийн уналттай, хол татсан алдагдалтай шугамын асуудал яригдаж байгаа. Иргэд сайн мэднэ. Гэрэл нь улайсаж чанаргүй байх, эсвэл нэг шон унахад хэдэн сумаараа тог тасардаг асуудал гардаг. Үүнд бид анхаарч, эрчим хүчийг аюулгүй бөгөөд чанартай болгоход анхаарч байна. Ингэхдээ зөвхөн шугамаа засахаас гадна хүчдэл хамгийн уналттай, чанаргүй эрчим хүчтэй байгаа сумдад аукционууд зарлахаар төлөвлөж байгаа. Одоогоор найман аймгийн 21 суманд энэхүү аукционыг зарласан гэсэн үг. Мөн говийн бүсэд хоёр аукцион зарласан. Дээр хэлсэнчлэн нэг нь Өмнөговийнх, нөгөө нь Дундговийнх. Дундговийн багц дээр тухайлбал 100 МВт-ын батарей хураагуургүй салхин цахилгаан станцын аукцион зарласан. Үүнийг олон улсын санхүүгийн корпорацитай хамтраад хийж байгаа. Манай зарлаж байгаа аукционы аргачлал, журам, шийдлийг бид зохиогоогүй. Олон улсын санхүүгийн корпораци болон Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар бий болгосон, боловсруулсан аргачлал байгаа. Бичиг баримт, ТЭЗҮ гээд бүгд мэргэжлийн түвшинд боловсруулсан хянасан зүйл.
Аукцион олон явагдаж байгаа. Үүнд ямар бодлого байгааг хүмүүс бараг асуудаггүй, ярьдаггүй. Эрчим хүчний яамнаас аукционыг олон талаас нь харж байгаа. Салбар маань хараат бус болохын тулд хэд хэдэн чухал зүйл байна. Мэдээж бид дотооддоо суурь хүчин чадлын сэргээгдэх эсвэл нүүрсний цахилгаан станцуудыг барьж болно. Тухайлбал, саяхан таван аймагт зарласан мөн өөр аймгуудад хэрэгжиж байгаа дунд оврын буюу 50 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц барих ажил. Үүнд бид эхлээд юуг зорьж байна гэхээр мэдээж өвөлжилтийн бэлтгэл хангах. Хоёрдугаарт, үнэ тарифыг бага байлгахыг зорьж байгаа. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын оролцоо чухал. Гадаадын хөрөнгө оруулалт татахаас гадна дотоодын аж ахуйн нэгжийн оролцоог ч хангана. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхгүй. Тийм болохоор дотоодын аж ахуйн нэгж хамгийн багадаа төсөлд 5 хувийн оролцоотой байна. Зайлшгүй монгол аж ахуйн нэгж оролцоно шүү гэдэг зарчим баримталж байгаа. 95 хувь дээр гадаадын хөрөнгө оруулалттай байж болно. Ач холбогдол нь 1 КВт/цагийн 4.85 цент болж буурч, Монгол Улсын түүхэнд байгаагүй хямд үнэ тогтоосон. Өмнө нь хийж байсан сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн гэрээ 9-17 центээр ямар ч аукционгүйгээр хийж ирсэн. Үүнийг хүмүүс анзаардаггүй.
Дараагийн багц бол үндэсний аюулгүй байдалд онц чухал нөлөөтэй төслүүд дээр бид дотоодын аж ахуйн нэгжийн оролцоог түлхүү хангаж байгаа. Жишээлбэл, одоо зарлаад явж байгаа Өмнөговийн аукцион дээр 100 хувь гадаадын хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрөхгүй. Хамгийн багадаа 75 хувь нь үндэсний аж ахуйн нэгж байх ёстой. Өөрөөр хэлбэл хил дагуу үйлдвэрлэж, Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдэд нийлүүлж байгаа эрчим хүчийг үйлдвэрлэгч, орлого авагч нь монголчууд буюу үндэсний компани байх бодлого баримталж 75 хувь гэж заасан. Мэдээж 100 хувь гадаадын хөрөнгө оруулалт гэвэл үнэ хямд байх боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд Монгол Улсын эрчим хүчний эрх ашгийг бид харгалзаж байгаа. Одоо найман аймгийн 21 суманд аукцион зарлаад байгаа. Энэ бол эрчим хүчний жижиг эх үүсвэрээс гадна цахилгаан хангах, түгээх үйлчилгээтэй холбоотой. Өөрөөр хэлбэл сумын иргэдэд цахилгаан үйлдвэрлэж, хангах, түгээх, төлбөрийг нь авах тухай. Зөвхөн худалдах биш илүү үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Дээрээс нь сум жижиг учир хөрөнгө оруулалт бага шаардана. Тиймээс үүнд гадаадын хөрөнгө оруулалт байх шаардлагагүй. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжье гэж байгаа. Үндэсний эрчим хүчний компаниуд маань суралцах, хөгжих ёстой. Бид оролцоог нээлттэй, эрх тэгш хангаж өгөх нь зүйн хэрэг. Энэ бодлогоор өмчлөлийн асуудал ялгаатай байгаа. Ямар ч тооцоололгүй, төлөвлөгөөгүй аукцион зарлаж зөвхөн сэргээгдэх эрчим хүчний станцуудыг дэмжээд байна гэж ойлгож болохгүй. Нүүрс, сэргээгдэх эрчим хүчний станцууд, том, бага хөрөнгө оруулалт шаардах, мөн хаана гэдгээс хамаарч гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэд байх уу, үндэсний компаниудын оролцоог ямар түвшинд байлгах тухайг харгалзах бодлоготой явж байгаа.
-Муу хэлүүлсэн ч хамаагүй тэмцэлдэж, ямар ч эргэлзээгүйгээр эрчим хүчний салбарт реформ хийнэ-

-УИХ-ын гишүүдийн ойлголт мөн хэр байна вэ. Одоо бид эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухал гээд яриад байгаа. Нөгөө талд дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжих хэрэгцээ бас бий. Тэгвэл эдгээрийг тэнцүүлэх эрхзүйн болоод бусад орчин нь ямар байгаа вэ?
-Хэрэв одоогийнх шиг үнэ тарифын асуудалтай, аукцион хийдэггүй, мэдээллээ ил тод тавьдаггүй, эрчим хүчний салбарт доголдол гарч, цахилгаан хязгаарлахаар л анхаардаг байвал гадаад, дотоодын аль алиных нь хөрөнгө оруулалт олдох боломжгүй. Ингэснээр ямар ч шинэ станц баригдахгүй, дэд бүтэц нэмэгдэхгүй. Тэгэхээр дулаан ч нэмэгдэхгүй, цахилгаан хязгаарласан хэвээрээ байна. Ингээд “хөмөрсөн тогоон доторх амьдрал”-тай буюу гадаадаас хараат байх эрсдэлтэй. Тиймээс эрчим хүчний салбарыг нээлттэй, ил тод болгож, зөвхөн хойд, урд хөршөөр хязгаарлахгүй, явцуу жижиг хүрээллээс гарах цаг болсон. Үүний хүрээнд бид эрчим хүчний реформ ярьж байгаа.
Энэ салбарын сайдын хувьд бүх мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг зорьж байна. Улсын нууц, онцгой асуудал биш л бол сайн, муу бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй л байлгая. Ямар хүмүүс, хэдэн төгрөгийн цалинтай ажиллаж юу хийж байгааг ч мөн мэдэг. "Эрчим самбар" гэж ажиллуулж эхэлсэн. Хаана, ямар төсөл хэрэгжиж байгаа, хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй гээд бүх мэдээлэл ил тод байгаа.
Сэргээгдэх эрчим хүчний тухайд дэмжих бодлого баримталж байгаа. Олон улсад хүлээсэн үүргээрээ Монгол Улс 2030 он гэхэд суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах үүрэг хүлээсэн. Урт хугацааны бодлогодоо ч энэ агуулгыг тусгасан байгаа. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбар зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, ногоон, хүрэн болох гээд байгаа асуудал ерөөсөө биш. Бидэнд юу хэрэгтэй байна вэ гэхээр манай улсын тусгаар тогтнолыг хангахуйц, гадаадаад хараат бус найдвартай эрчим хүчний салбар л хэрэгтэй байна. Хэрхэн хангаж байж найдвартай байдлыг би болгох вэ гэдгийг одоо бид голлон анхаарч байгаа. Бид саяхан Монгол Улсын эрчим хүчний 2050 он хүртэлх шинэчлэлтийн стратегийг гаргасан. Товчхондоо нарийн төлөвлөгөө гэхээс илүүтэй эрчим хүчийг юу, юунаас гаргаж авах талаар. Одоо 80 хувийг нь нүүрснээс гаргаж байна. Суурилагдсан хүчин чадлын 17 хувь нь сэргээгдэх эрчим хүч болохоос хэрэглээний хувьд ердөө найман хувийг л хангаж байна. Тиймээс цаашид бид цөмийн эрчим хүч, усан цахилгаан станц, хийн хоолой тавих тухай, өмнийн говийн хийн метан хангах, хийн цахилгаан станцыг хөгжүүлэх. Мөн хог хаягдлыг шатааж эрчим хүч гаргаж авах, хөгжүүлэх гээд ер нь юунаас эрчим хүч гаргаж авах вэ гэдгийг тодорхой гаргасан гэсэн үг. Ингэж байж хүний нөөц, бусад асуудлыг авч үзнэ. Мэргэжилтэн, хүний нөөц манай салбарт маш чухал.
-Өнгөрсөн жил нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байсан эрчим хүчний төрийн өмчит компаниудын асуудал байна. Одоо Эрчим хүчний яам дээр хэчнээн ТӨК харьяалагдаж байгаа вэ. 30 төрийн өмчит компаниас 24 нь алдагдалтай ажиллаж байна гэх аудитын дүгнэлт ч гарч байсан удаатай?
-Энэ бол маш чухал асуудал. Эрчим хүчний салбарын тулгамдаж байгаа гол асуудал нь ТӨК-иудтай холбоотой засаглал, үр ашиг, хулгайн асуудал байгаа. Одоогоор Эрчим хүчний яамны харьяа 27 ТӨК байна. Манай яам хувьцаа эзэмшигч нь гэсэн үг. Хамгийн чухал нь засаглал, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох нь эрчим хүчний реформын түрүүн хэлсэн 139 бодлогын цөм нь байгаа юм. Есөн ажлын хамгийн чухал нь засаглалын асуудал. Нэгдүгээрт, эрчим хүчний салбарын институцийн засаглал. Эрчим хүчний яам, бодлогын газар, хэрэгжилтийн газар нь дотроо байна. Үнэ тариф тогтоодог эрчим хүчний зохицуулах хороо байна. Дээр нь нэмээд салбарын уураг тархи болсон эрчим хүчний хүрээлэн гэж бий. Эдгээрийн үйл ажиллагаа, чиглэл давхардаад байгаа асуудлууд бий. Тиймээс чиг үүрэг тодорхой байх нь нэгдүгээрт тавигдаж байна.
Хоёрдугаарт, компанийн засаглал. 27 ТӨК-ийн тухайд бодитой ажлууд хийгдэж эхэлсэн. Төрийн өмчийн засаглалын тухай хуулийг өнгөрсөн зургаадугаар сард баталсан. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өртөг бууруулах, үнэ тарифыг өртөгтэй уялдуулах асуудлыг зөв шийднэ. Үр ашгийг сайн байлгаж, зардлыг бага байлгахад анхаарч байна.
Дараагийн нэг чухал ажил бол Ерөнхий сайд ярьж байгаа. Гадаадын зах зээл дээр ТӨК-иудын хувьцааг гаргах замаар засаглалыг сайжруулах. Үүний хүрээнд эрчим хүчний аж ахуйн нэгжүүд ч эрчимтэй ажиллана. Хувьцаа гаргахад аль, аль компанийг оруулах нь хуулиар зохицуулагдана. Хувьчлалд оруулах эсэхийг түгээх компани, хангах аж ахуйн нэгж гэх мэтчилэн ялгаж, ангилна. Борлуулалт, харилцагчийн үйлчилгээ зэрэг бол түгээх биш угтаа бол хангах үйлчилгээ.
Мөн одоо орон нутгийн дулааны асуудлыг авч үзэхээр төлөвлөж байгаа. Эрчим хүчний яам үүнд төвлөрч, хариуцах нь зөв үү, эсвэл орон нутгийн захиргаа 100 хувь хариуцах уу гэдэг талаар яригдаж байна. Өөрөөр хэлбэл улсын төсөв биш аймаг орон нутгийн төсөьт зардлыг тусгах хэрэгтэй. Аймаг, сум бүр өөр, өөр хангамжтай байхад үнэ тариф адил байх тохиолдлууд бий. Тэгэхээр үүнийг бүтэц, зохион байгуулалт, хариуцлагын хувьд зөв хуваарилах үр ашиг өндөр, зардал бага, авлигын асуудал гарахгүй байх талаар ярьж байна. Маш ойрын хугацаанд Засгийн газрын түвшинд болон холбогдох бодлого, шийдвэрийн түвшинд авч үзэж шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Эрчим хүчний салбарт Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарахаа илэрхийлсэн. Энэ утгаараа улстөржилт, олон асуудалтай нүүр тулж байгаа байх. Реформ хийнэ гэдэг нь өөрөө хол сонсогдож байгаа ч экспортлох зорилтдоо хүрч чадна гэдэг итгэл хэр байгаа вэ?
-Эрчим хүчний салбар дээр Монгол Улсын хөгжил оршин тогтнож байгаа учир миний хувьд итгэлтэй байгаа. Тиймээс ч улс төрд орсон. Муу хэлүүлсэн ч хамаагүй тэмцэлдэж, ямар ч эргэлзээгүйгээр эрчим хүчний салбарт реформ хийнэ гэдэг итгэлтэй байна.
Одоо бидэнд хоёр сонголт байна. Нэг бол зөвхөн өнгөрсөн цаг үетэйгээ эвлэрч, тэр жишгээрээ явах, үргэлжийн гадаадаас хараат байх. Эрчим хүчнийхээ 22 хувийг өнөөдөр бид импортоор авч байна. Эрчим хүчний өсөлт, нийгмийн хөгжлийг энэ хэвээр байвал эрчим хүчний салбар гүйцэж чадахгүй. Хоёр дахь нь бол хуучинсаг үзэл, сэтгэлгээгээ өөрчлөх. Монгол Улс нүүрсээр асар баялаг. 180 тэрбум тонн нүүрсний нөөцтэй орон. Сэргээгдэх эрчим хүч, нар, салхиар 3300 МВт-ын тогтоогдсон нөөц байна. Байгалиас заяасан асар их эрчим хүчний нөөцтэй гэсэн үг шүү дээ. Нөгөө талд хиймэл оюун ухаан жилээс жилд хөгжиж байна. Эрчим хүчний эрэлт, хэрэгцээ нэмэгдсээр байна. Улс, орон бүр дор дорноо бодож эхэллээ. Үүнтэй зэрэгцээд шинэ бодлогууд ч гарч байна. Үүнийг дагаад эрчим хүч улс хоорондын геополитикийн асуудал болж хувирлаа. Нефтьтэй адил. Тэгвэл бид энэ их нөөцтэй, эргэн тойронд эрэлт хэрэгцээтэй улс орнууд байгаа юм бол яагаад бид үүнийг бусад улстай хуваалцаж болохгүй гэж. Орлого олох боломж, Монгол Улс хөгжих боломж эрчим хүчний салбарт уул уурхайтай адил байна. Тиймээс эрчим хүчний салбар бол монголчуудын хөгжлийн гол тулгуур салбар гэдэгт миний хувьд итгэл төгс байна.
Зарим улстөрчийн хувьд Монгол Улсын ирээдүй, хараат бус байдлаас илүүтэй өнөөдрийн лайк чухал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ шүүмжүүдийг би хүлээж авна. Харамсаж байгаа нэг зүйл маань МАН боловсон хүчин ихтэй гэдэг. Харамсалтай нь эрчим хүчний салбар дээр дуугарах боловсон хүчин МАН-д байхгүйг ихэд гайхаж байгаа. Салбарынхан маань дэмжиж, оролцож хамтарч байхад, жижиг, явцгүй улс төр хийдэг намчдаас надад айх зүйл байхгүй. Би ганцаараа хийгээгүй. Салбарын мэргэжилтнүүд маань өнөөдөр тооцоо, судалгаа, төлөвлөгөөг хийж гүйцэтгээд явж байна шүү дээ. Гацаагчдын гайгаар өнөөдөр Монгол Улсад асуудлууд үүссэн гэхэд хилсдэхгүй. Эрчим хүчний салбар гацсан улс урагшлахгүй. Тиймээс улс төрийн хувьд би ямар ч эргэлзээгүйгээр салбараа удирдаад явж байгаа.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!