Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2-р сургуульд хичээл эхлээд долоо хоног өнгөрчээ. Анх цүнхээ арай ядан үүрч, ээжийнхээ гарыг чанга атгасаар орж ирсэн жаалуудын царай одоо арай өөр болжээ. Тэд сургуулийн орчноо мэдэрч, ангийнхаа ширээг өөрийнхөө гэж таньж, найз нөхөдтэй болж амжсан байна. Өнөөдөр тэд гэрийн даалгавар, ширээний ард цэх суух зэрэг анхан шатны мэдлэгтэй болсноо ам уралдуулан ярина. Тэд бүлэг бүлгээрээ өнгө өнгийн туузыг энгэрээсээ уясан нь нэгдүгээр анги гэдгээ мэдэгдэж байгаа хэрэг гэнэ. Томдсон цамц, шинэ үнэртэй сурагчийн дүрэмт хувцас тэднийг сургуулийн хариуцлагатай сурагч болсныг нь мэдрүүлж байх шиг.
“Сургууль гоё байна, олон найзтай болж байна” хэмээн нэгэн жаал инээмсэглэн ярина. тэд хэдийн өөрсдийн найзаа олчихсон хөтлөлцөн алхаж харагдана." Хичээл эхлэх цагаас 15 минутын өмнө тус сургуулийн 1В ангийн сурагчидтай ярилцсан юм. "Манай сургууль надад маш их таалагдаж байгаа. цэцэрлэгээс илүү сургууль гоё байна. Цэцэрлэг өдөр унтдаг бол сургууль хичээлээ хийгээд сууж байгаа нь таалагдсан. Багш зураасны дагуу зураарай гэдэг. Гэрийн даалгавар хийх нь бага зэрэг хэцүү байна" гэж ам уралдуулан ярьсан юм.
Эцэг эхчүүдийн хувьд ч энэ өдөр онцгой. Нэгэн аав анх удаа охиноо нэгдүгээр ангид оруулж буйгаа хэлээд: “Өчигдөрхөн л гарнаас минь салахаа байж байсан жаахан охин минь өнөөдөр өөрийн анги, өөрийн багштай болчихлоо. Бахархалтай байна” гэж сэтгэл догдлон ярив.
Энгийн боловч үнэ цэнтэй энэ мөчид нэгдүгээр ангийнхан хамгийн өхөөрдөм, хамгийн чин үнэнээрээ байлаа. Том ертөнцийн анхны алхам, жижигхэн мөрөөдлүүдийн эхний хонх цангинасан өдөр сургуулийн коридорт хүүхдийн инээд хамгийн сайхан аялгуу байлаа.
