
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар Д.Алтанхуягийг эргүүлэн томилжээ. Түүнийг томилох салбарын сайдын тушаал өнгөрсөн тавдугаар сарын 29-нд гарсан байна.

Энэ талаар тэрбээр, "УДБЭТ-ын захирлаар эгүүлэн томилогдлоо. Энэ бол миний хувьд албан тушаалын тухай бус, харин урлаг соёлын төлөө хүлээсэн үүрэг хариуцлага, итгэл найдварын үргэлжлэл юм. Амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан энэ сайхан байгууллага, уран бүтээлчид, хамт олон, үзэгч түмэндээ үйлчлэх эрхэм боломжийг дахин олгосонд талархаж байна.
"Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" хэмээх сайхан үг бий. Өнөөдрийг хүртэлх замналд минь итгэл үзүүлж, хамт байж, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Албан тушаалд бус, урлагт хайртай сэтгэлээрээ сурсан мэдсэнээ эх орон, ард түмэн, ирээдүй хойч үедээ зориулан ажиллахыг эрхэмлэдэг.
Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн бүхэн минь ганц хүний хүч биш, хамтдаа зүтгэсэн олон сайхан хүмүүсийн итгэл, дэмжлэг, нөхөрлөлийн үр шим юм. Амьдралын замд учирсан хүн бүрээсээ суралцаж, сайн сайхныг түгээн урагшлахыг хичээж ирлээ" гэжээ.
Эргэн сануулахад, Д.Алтанхуяг 2024 оны 10 дугаар сард тухайн үеийн Соёлын сайд Ч.Номингийн Б/15 тоот тушаалаар УДБЭТ-ын захирлаар сонгон шалгаруулалтгүйгээр түр томилогдсон. Удалгүй шинэ жилийн арга хэмжээ тэмэглэхдээ театрын барилгыг зохисгүй ашиглаж, замбараагүй байдал үүсгэсэн маргаанаар дараагийн сайд Ч.Ундрамын тушаалаар чөлөөлөгдсөн байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!