УИХ-ын чуулганаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг томиллоо. Энэхүү томилгоог хийхдээ ОНРТ-ийн тухай хуулийг мөрдсөн байна. Хугацаа нь дуусч байгаа долоон гишүүнийг томилохдоо Ерөнхийлөгч нэг, УИХ-аас дөрөв, Засгийн газраас хоёр гишүүнийг санал болгох ёстой байсан ч УИХ-аас нэр дэвшүүлсэн нэг нэр дэвшигч нэрээ татаж, зургаан гишүүнийг томиллоо. Энэхүү томилгоог МҮОНРТ-ийн ажилтнууд эсэргүүцэж, суулт зарлаад буй. Учир нь эдгээр гишүүд нь хараат бус бодлого шийдвэр гаргаж чадахгүй гэж үзэж байгаа юм.
Энэхүү асуудлыг хэлэлцэх үеэр үг хэлсэн УИХ-ын гишүүд бүгд л МҮОНРТ одоо хараат бус, олон нийтийнх байж чадахгүй байна хэмээн хэлж, бодит байдлыг ойлгож байгаа мэтээр ярьсан ч томилгоог хийлээ. Уг асуудлыг, ОНРТ-ийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэсэн ч хэрхэн сонгон шалгаруулалт явуулах журам байхгүй байгааг ТББХ-ны арга Б.Энх-Амгалан хэлж байв. Олон нийтийн гэх нэрийг агуулдаг ч олон нийтийн саналыг авч үздэггүй, УИХ-аар асуудлаа шийддэг, хараат бус хэмээн ярих ч “хараат” байлгаж чадах хүмүүсээ томилдог ийм нэгэн томилгоо урд шөнө хийгдэж дууслаа...
МҮОНРТ-ийн ажилтан, албан хаагчид удирдлага, менежментийн асуудлыг эсэргүүцэж, тэмцэл өндрөө аваад буй энэ үед гол шийдвэр гаргадаг Үндэсний зөвлөлд цоо шинэ менежерүүдийг оруулж ирнэ хэмээн олон нийт чих тавьж байлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга ЖДҮ-ийн асуудалд холбогдоод ажлаа өгсөн хүнээ нэр дэвшүүлэв
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шинээр нэр дэвшиж буй гишүүдийн дийлэнх нь дээрх чиглэлийн бус хүмүүс байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлсэн Ж.Цэсэнгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан. 2018 онд ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдсоноор ажлаа өгч байв. Ерөнхийлөгчийн квотоор нэр дэвшиж буй гишүүн түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны асуудлыг хариуцах учиртай.
Жигжидийн Цэсэн:
39 настай, Сүхбаатар аймгийн 10 жилийн I сургуулийг 1998 онд, Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр 2003 онд тус тус төгссөн байна. 2003-2005 онд МУБИС-ийг уран зохиолын магистр, 2011-2012 онд Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 2020 оноос ҮБХИС-д Нийгмийн аюулгүй байдлын доктурантад суралцаж байгаа.
Тэрбээр 2000-2001 онд “Шар сонин” хэвлэлд сэтгүүлч, 2001-2002 онд Нийслэлийн Улаанбаатар радиод сэтгүүлч, 2002-2007 онд “Мянганы зууч” сонины албаны дарга, тоймчоор, 2007-2010 онд “Ардчилал сонин” хэвлэлийн албаны дарга, тоймчоор, 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2017-2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн албаны даргаар, 2019-2020 онд “Сайн Пи ар” агентлагт зөвлөхөөр тус тус ажиллажээ.
Засгийн газрын томилгоонд ч шинэ зүйл байсангүй
Засгийн газраас нэр дэвшүүлсэн Г.Отгонбаяр нь www.iToim.mn сайтын захирал, нийтлэлч, өмнө нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан. Мөн Засгийн газраас нэр дэвшүүлсэн М.Уянгын тухайд Sound Of Mongolia компанийн захирал. Засгийн газраас оруулж ирж буй ҮЗ-ийн гишүүн тус байгууллагын эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн асуудлыг хариуцдаг билээ.
Маруушийн Уянга:
1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1998 онд Москвагийн Соёл урлагийн их сургууль төгссөн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч найруулагч, менежер мэргэжилтэй. Соёл судлалын докторын зэрэгтэй. 2004-2015 онд “Тод толь” сангийн тэргүүн, 2005-2007 онд Хүүхдийн “Өлзий” зуслангийн захирал, 2002 оноос Sound of Mongolia компанийн захирал, Монголын урлагийн зөвлөл, Олон улсын хүүхдийн зуслангуудын нийгэмлэгийн сонгуульт ажилтай.
Гомбожавын Отгонбаяр:
1973 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургууль, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн, инженер, сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй. 1996-1999 онд Улаанбаатар төмөр замын Дархан өртөө, Зорчигчийн суудлын вагон депод, 1999 оноос Өдрийн сонинд сэтгүүлч, 2000-2007 онд Зууны мэдээ сонинд албаны дарга, 2007-2015 онд Үндэсний шуудан сонинд үүсгэн байгуулагч, нийтлэлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч, Ерөнхий эрхлэгч, 2015-2017 онд Монгол Улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан.
УИХ-аас өөр дэвшүүлэх хүн олдоогүй гэж үү...
Эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийг хариуцах үүрэгтэй квотод УИХ-аас Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, МУСГЗ, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цоодол нарыг Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Гэсэн ч Ч.Батцэнгэл чуулганы үеэр нэрээ татлаа.
Дамдингийн Цоодол:
1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1985 онд 10 жилийн дунд сургууль, 1989 онд Улсын Багшийн Дээд сургуулийг кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөн. 2017 онд МУБИС-д Сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалж ОХУ-ын Москва хотын мэргэжил дээшлүүлэх институтад хөтлөгчийн мэргэжил дээшлүүлсэн. Улсад 28 жил ажилласан. Үүнэс 1989-2016 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч, 2012-2016 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн V нэгдлийн дарга, 2014-2016 онд Кино программын Ерөнхий продюссер, 2016 оноос “Цэцэн” энтертайнментийн захирлаар ажиллаж байна.
Мянганбуугийн Наранбаатар:
1974 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1991 онд Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын дунд сургууль дүүргэж, 1996 онд МУИС-ийг Гадаад албаны ажилтан Орос судлаач мэргэжлээр, 2002-2004 онд Удирдлагын академи магистр, 2016-2019 онд Шихихутаг их сургуулийг хуульзүйн магистраар төгссөн. 1996 онд МУИС-ийн ОУХПС-ийн Гадаад албаны ажилтан, 1996-2006 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн захирал, 2015-2018 онд МСНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, 2019 оноос Энх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Баасанжавын Ганболд:
1955 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1973 онд дунд сургуулиа дүүргэж, 1979 онд Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. 1989 онд Москва нийгмийн ухааны академид түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1979-1992 онд “Үнэн” сонинд сэтгүүлч, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд “Ардын эрх” сонинд орлогч эрхлэгч, 1999-2000 онд “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, 2000-2006 онд Радио, телевизийн ХЭГ-ын дарга, 2007-2013 онд “Үндэсний шуудан” сонины эрхлэгч, 2014-2020 онд “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.
УИХ-аас дэвшүүлсэн гурвын нэг нь УИХ-ын гишүүдийн саналыг авч чадсангүй
Дээрх нэр дэвшигчдийн дунд одоо МҮОНРТ-д ажиллаж байгаа, ажиллаж буй хүмүүс бий. Ч.Батцэнгэл МҮОНРТ-ийн дэд захиралаар ажилладаг. Харин М.Наранбаатарын хувьд өмнө нь МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан. Б.Ганболд нь “Монголын үнэн” сонины эрхлэгчийн алба хашдаг. “Өдөр тутмын сонины холбоо”-ны ерөнхийлөгчөөр ажилладаг. Өмнө нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн байсан.
УИХ-ын чуулганы үеэр гишүүд уг асуудалд анхаарч, С.Амарсайхан, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Т.Аюурсайхан, Ш.Адьшаа нарын гишүүн Ч.Батцэнгэлийг нэрээ татахыг шаардсанаар тэрбээр нэрээ татаж, санал хураалтад оролцсонгүй.
УИХ-ын гишүүд ингэж хэллээ
Б.Пүрэвдорж: МҮОНРТ ямар хүчтэйг Оюунчимэг гишүүн УИХ-д дахин сонгогдоод байгаагаас харж болно. Миний хувьд дөрвөн жилийн хугацаанд хоёр л удаа МҮОНРТ-ээр гарсан. МҮОНРТ одоо эрх баричдын бүх зүйлийг нэвтрүүлдэг, магтан дуулдаг зүйл л болчихоод байна. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарт байр сууриа асар хурдан алдаж байна. Одоогийн нөхцөл байдалд сайн контент хийхгүй бол тэр олон хүнийг зүгээр тэжээгээд явж байдаг л байгууллага болж байна.
С.Амарсайхан: Олон нийтийг соён гэгээрүүлэх энэ байгууллагыг цаашид олон нийтэд нээлттэй аж ахуйн нэгж, эсвэл хувьцаат компани болгон хөгжүүлэх ёстой. Ингэж байж л хэрүүл шуугиангүй хөгжих боломжтой. МҮОНРТ бол гавьяатай байгууллага. Даяаршилын нийгэмд үүх түүх, бичиг соёл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, өв соёлыг бэхжүүлэхэд хамгийн чухал үүрэг хүлээсэн байгууллага. Тиймээс энэ байгууллага улс төрийн хэсэг бүлгээс хамааралтай байж болохгүй. Энэ байгууллагын уран бүтээлчидтэй санал бодлоо солилцож, бодлого шийдвэрийг авч явах хүмүүст цензур тавих ёстой. Зарим хүмүүсийг телевизийн ажилтан, алба хаагчид хүлээж авахгүй байна. Жишээ нь, Батцэнгэл телевизэд олон жил ажилласан. Ерөнхий захирлаа баг болж ажиллаад хариуцлага алдсан гэж явуулчихаад, өдөр тутмын ажлаа явуулж чадахгүй байж яаж бодлого шийдвэрийг нь тодорхойлох вэ. Нэр усаа тат. Энэ байгууллага үе үеийн ирдэг явдаг байгууллагад өртэй биш.
Б.Жаргалмаа: Өнөөдөр бид шинэ менежирийг хайх ёстой. Монгол хүн болж төлөвших МҮОНРТ-ээс эхлэлтэй байдаг учраас би дахин дахин үзэл баримтлалыг яриад байна. Энэ удаа нэр дэвшигчид залуучууд орж байна. Гэхдээ хамт олон нь дэмжихгүй байхад энэ хүмүүс өөрсдөө юм бодоосой гэж хэлмээр байна.
Г.Тэмүүлэн: Гадаадын аль ч оронд парламентаараа бидэн шиг телевизийн томилгоо хийгээд суудаггүй байх гэж бодож байна. ОНРТ-ийн тухай хуульдаа өөрчлөлт оруулбал ямар вэ. Томилгоог арай өөр, нээлттэй хэлбэрээр явуулдаг болвол хараат бус болох байх. 2008 онд батлагдсан хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол томилгооны марафоныг УИХ-ынхаа түвшинд аваад ирж байна. Санал гаргах тоо хооронд уралдуудах байдал нь өөрөө хараат байдалд хүргээд байна гэж харж байна. Сонгон шалгаруулалт маягаар явуулж болдоггүй юм уу. Агентлагийн хэмжээнд сонгон шалгаруулалтаа хийгээд санхүүжүүлж байгаа учраас хяналтаа тавиад явдаг болмоор байна.