УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай зодолдсон гэх бичлэг хэд хоногийн өмнөөс сошиалд тараад байгаа билээ. Тэгвэл уг бичлэгтэй холбоотойгоор Н.Номтойбаяр гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийж уучлал хүсчээ.
Тэрбээр "Доромж үг даалгүй тавьтаргүй үйлдэл гаргасан нь миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж тараасан нь онцгүй ч, надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй" гэв.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокуророос УИХ-д тавиад байгаа юм. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ч.Улаан гадаад томилолттой байгаа гэдэг шалтгаанаар уг асуудлыг шийдэх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.