АНУ-ын газар нутагт шинэ коронавирусийг туссан тохиолдол илэрчээ. Анх Хятад улсын Ухань хотоос илэрсэн шинэ вирусийг Хятад улсад зорчсон АНУ-ын иргэн тусжээ.
Одоогоор тус вирусээр 440 гаруй хүн өвчилж, есөн хүн нас бараад байна.
Үүнтэй холбогдуулан Хойд Солонгос улс гадаадын зорчигчдод хилээ түр хаагаад байгаа.
Вирус хаана тархаад байна?
Даваа гарагт Хятадын албанаас анх удаа коронавирусийг хүнээс хүнд халддагийг мэдэгдсэн.
Үүний дараа Хятадын төрийн телевизээр зургаан хүн нас бараад байгааг зарлав.
Бээжин, Шанхай гэх мэтчилэн Хятадын томоохон хотуудад нийт 291 хүн өвчлөөд байгаа. Үүний дотор 11 сая хүнтэй Ухань хотод ихэнх тохиолдлууд илэрсэн.
Өвчний вирус анх Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас илэрчээ.
АНУ-аас гадна Таиландад хоёр иргэн, Япон, Солонгос, Тайван тус бүрд нэг иргэн өвчлөөд байна.
Австрали, Сингапур, Хонг Конг, Тайван, Япон зэрэг хэд хэдэн орны удирдлагууд Ухань хотоос ирсэн зорчигчдод онгоцны буудал дээр шалгалт хийж байгаа.
Олон улсын халдварт өвчин судлалын төвөөс 1700 гаруй хүн өвчилсөн байх магадлалтай гэж таамаглаж байна.
Хятадын шинэ жилийн баяр нэгдүгээр сарын 25-нд болно. Баярын үеэр хэдэн зуун сая хүн аялах учраас вирусийн тархалт нэмэгдэж магадгүй гэсэн айдас байна.
Дэвсгэр мэдээ:
2019-nCoV гэх шинэ вирус бол коронавирусийн бүл дотроос өмнө нь хүнд халдварлаж байгаагүй аж. Коранавирус бол вирусийн нэг бүл. Гэвч үүн дотроос ердөө зургаа нь л хүнд халдварладаг бол шинээр гарсан вирус нь долоо дахь болж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амьд амьтантай хамгаалалтгүй харьцахгүй байхыг, мах өндгийг бүрэн болгож идэх, ханиадны шинж тэмдэгтэй хүнтэй ойртохгүй байхыг зөвлөжээ.
Шинэ вирус туссан тохиолдолд амьсгалын замын өвчлөл, халуурах, ханиах, амьсгал тасалдах, амьсгалахад хэцүү байх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Эх сурвалж: BBC