Хэлмэгдсэн болон эрүү шүүлтийн хохирогч болсон иргэдийн хохирлыг барагдуулах, нөхөн олговор олгох эрхзүйн зохицуулалт манай улсад орхигдсон асуудлаар Гавьяат хуульч Р.Оюунбадамтай ярилцлаа.
-Эрүү шүүлтийн хохирогчийн хохирлыг барагдуулах, нөхөн олговор олгох асуудал ямар ч хуулийн зохицуулалтгүй байгаа тухай таны бичсэн эрдэм шинжилгээний илтгэлийг харсан. Энэ том асуудал үнэхээр манайд ямар ч хуулийн зохицуулалтгүй гэж үү?
-Эрүү шүүлтэд өртөж хохирсон иргэдийн нөхөн төлбөрийн асуудал ардчилсан улсад уг нь нэн тэргүүнд тавих асуудал.
Гэтэл манайд өнөөдөр эрүү шүүлтийн хохирогчийн нөхөн төлбөрийн асуудлыг зохицуулах эрх зүйн орчин байхгүй байна. 2020 оны Засгийн газрын 220 дугаар тогтоол бий. Эрүү шүүлтэд өртсөн хохирогчдод нөхөн олговор олгох тухай гэсэн үг. Гэтэл тэр тогтоол өнөөдөр хэрэгжээгүй л байна.
Тэгэхээр энэ асуудал өнөөдөр Монгол Улсад хуульгүй байна. Эрүү шүүлт өөрөө гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол эрүү шүүлтийг гэмт хэрэг гэдгийг нь хуульчилж өгөх ёстой. Хуульгүй учраас өнөөдөр эрүү шүүлтийн хохирогчдын нэг нь ч хохирлоо ямар нэг байдлаар барагдуулж чадахгүй байна. Хохирсон хүмүүс нөхөн төлбөрөө авч чадахгүй байгаа учраас аргаа бараад тийм төрийн бус байгууллага байгуулж байгаа шүү дээ. Эрүү шүүлтийн гэмт хэргийн хохирогч гээд 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй ТББ байдаг.
-Эрүү шүүлт гэмт хэрэг мөн юм бол хохирогч байх ёстой биз дээ. Яагаад хуульд хохирогчийн асуудал тусгагдаагүй байдаг юм бол?
-Эрүү шүүлт гэдэг өөрөө гэмт хэрэг шүү дээ. Гэмт хэрэг гээд эрүүгийн хуульдаа заасан өөрийн зүйл ангитай. Гэтэл энэ гэмт хэрэг юм бол нөгөө талд нь хохирогч байгаа. Эрүүгийн хэргийг онцгойлон авч үзэж байгаа бол хохирогч яг зэрэгцээд тийм л байх ёстой. Хохирогчийн асуудал бол тусдаа хуульд заасан зохицуулалттай. Эрүү шүүлт үзүүлж байгаа төрийн албан хаагчийн үйлдлийг хөөж, мөрдөн шалгаж, гэмт хэрэг үйлдсэн байна гэдгийг нь тогтоож байгаа бол хохирогчийг яг адилхан авч үзэх хэрэгтэй. Гэтэл манайд эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтэнг шалгаж, тогтоож, ял шийтгэл өгдөг мөртлөө хохирогчийг ор тас хаячихдаг. Гэмт хэрэг мөн л юм бол хохирогчийн асуудал байгаа шүү дээ. Товчхондоо, хохирогч нь хохироод л үлдэж байна.
-Эрүү шүүлтийн хохирогч болсон 50 орчим хүн байна гэж та хэллээ. Энэ хүмүүс яг яаж хохирогч болсон хүмүүс байдаг юм бэ?
-1998 он гэхэд нэг зүйл ойлгогдож байгаа биз. Түүний дараагаас эхлээд эрүү шүүлтэд өртөж хохирсон хүн өнөөдөр байж л байна шүү дээ.
2000-аад оноос хойш хилс хэрэгт мөрдөгдөж, эрүү шүүлтэд өртсөн хүн ч байна. Бүтэн 25 жил өнгөрч байхад өнөөдрийг хүртэл нэр төрийг нь сэргээсэн, нөхөн төлбөр авсан зүйл байхгүй. Хохироод л өнгөрсөн байх жишээтэй.
Хохирол гэхээр бас ганцхан мөнгөн төлбөр биш шүү дээ. Үүний цаана хүний сэтгэл санааны хохирол гэж маш том зүйл байна. Хилс хэрэгт гүтгэгдэж, гэр бүл, ажил хөдөлмөр, нэр төр гээд бүгдийг алдсан хүнд сэтгэл санааны ямар том шарх бий болох вэ. Гэтэл эрхзүйн зохицуулалт байхгүйгээс ямар ч шийдэл байхгүй, хохироод л үлдэж байна. Хуультай болохоос нааш энэ асуудал шийдэгдэхгүй.
1998 он гэхээр та Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг ярьж байна уу?
- Биш. Би өөр нэг тохиолдлыг иш татаж ярилаа. Д.Соднодаржаа, Т.Чимгээ нарын үзэж, туулснаас ч илүү зүйл үзэж, олон жил эрүү шүүлтэд өртөж, маш урт хугацаагаар хоригдоод, 7-8 хорих газар дамжсан хохирогч байна. Цагдан хорих байруудыг тэгж олон удаа дамжуулаад байгаа нь ч гэсэн эрүү шүүлтийн нэг шинэ хэлбэр юм.
-Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүлтийн хохирогч болсон гэдэг асуудал яригдаж улмаар суллагдсан шүү дээ. Энэ хүмүүс эрүү шүүлтийн хохирогч болсон гээд төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэн тухай мэдээлэл цацагдсан. Энэ асуудал юу болсон бэ. Таны хэлснээр эрхзүйн орчин нь байхгүй учраас шийдэгдэх боломжгүй юу?
- Энэ бол нэгдүгээрт олон нийт мэдэж байгаа хэрэг, хоёрдугаарт цаанаа өмгөөлөлтэй нэлээд яригдсан асуудал учраас би тэр хүмүүсээс илүү гарч мэдэж, ярих боломж байхгүй.
-1937 оны хэлмэгдүүлэлтээр хохирсон, эрүү шүүлтэд орсон иргэдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр гэж байр, орон сууц өгсөн байдаг шүү дээ. Эрх зүйн зохицуулалтгүй юм бол үүнийг ямар журмаар олгосон гэсэн үг вэ?
-Үүнийг би тодорхой мэдэхгүй байна.
-Өнөө цагт бол манжийн үе шиг ил цагаан эрүү шүүлт гэж байхгүй шүү дээ. Энэ гэмт хэрэг ихэвчлэн ямар байдлаар, хаана үйлдэгддэг юм бол?
- ХЭҮК жил бүр энэ талаар судалгаа хийж, УИХ-д илтгэл хэлэлцүүлж байгаа.
ХЭҮК-ын илтгэлээс харахад, эрүү шүүлтийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн 51 хувь нь цагдаагийн албан хаагч, 49.8 хувь нь хорих ангиудын ажилтнууд байна.
Тиймээс төр энэ чиглэлд анхаарах зайлшгүй шаардлага тулгарсныг харуулж байгаа юм.
-Эрүү шүүлт их олон янз байдаг гэдэг. Ямар үйлдлүүдийг эрүү шүүлт гэж үзэх вэ?
- Олон улсын конвенц болон манай улсын 1992 оны Үндсэн хуульд заасан байгаа. Хүнтэй хүнлэг бус, хэрцгий хандаж, хүний нэр төрийг гутаан доромжилсон, бие эрхтнийг өвтгөсөн үйлдлийг хэлнэ. Түүнээс гадна сэтгэл санаанд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг ч гэсэн эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзнэ. Хүнийг хэл амаар, нэр төрөөр нь гутаан доромжилно гэдэг өөрөө сэтгэл санааны эрүү шүүлт. Эрүү шүүлт гэхээр л манжийн үеийн эрүү шүүлт шиг юм бодоод байдаг. Одоо тийм зүйл гэж байхгүй. 1937-1939 оны хэлмэгдүүлэлт бол тэр чигтээ хэлмэгдүүлэлт. Хүн өөрөө гэм буруугаа хүлээвэл тэр хэргийг үйлдсэн гэж тогтооно гэдэг томьёолол бол эрүү шүүлтийн үндэс суурь нь.
-Одоо тэгээд эрүү шүүлтийн хохирогчдын хохирлыг барагдуулах эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлд хийгдэж байгаа алхам байна уу ?
-Эрүү шүүлтийн хохирогчдын нөхөн олговрын асуудлаар саяхан олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон. Тэр хуралд УИХ-ын төлөөлөл оролцож байгаа нь өөрөө энэ асуудал анхааралд орж байгаагийн нэг хэлбэр гэж би хувьдаа бодож байна. Тэр хуралд оролцсон эрдэмтэн, судлаачдын санал дүгнэлтийг зөвлөмж болгож гаргаад, УИХ-д оруулж, хууль тогтоомжтой болох болов уу гэж найдаж байна.
Ярилцсанд баярлалаа.