Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 25 секунд

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн авто болон төмөр замын зангилаан дээр орших аж үйлдвэр, газар тариалангийн томоохон бүс Дархан-Уул аймгийн Дархан хотод ажиллалаа.

УИХ-ын дарга Н.Учрал Дархан хотын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцуулж, орон нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцов. Хөгжил бол тасралтгүй урагшлах хөдөлгөөн гэдгийг УИХ-ын дарга илтгэлийнхээ эхэнд онцлоод, эдийн засгийн өсөлт макро түвшинд ахисан харагдавч микро нэгжид буюу айл, өрхийн хэмжээнд мэдрэгдэхгүй байгааг зарим тоонуудад үндэслэн тайлбарласан юм. Тухайлбал, уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр манай улсын төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн байна. Энэ хугацаанд төсвийн тэнцвэржүүлсэн орлого ч өсөж, 2025 оны байдлаар 30.1 их наяд төгрөгт хүрчээ. Нүүрсний экспортын хэмжээ 10 сая тонноор буурахад, улсын төсвийн орлого 730 тэрбум төгрөгөөр багасч байгаагаас харахад манай эдийн засаг уул уурхайн түүхий эдийн үнээс хэт хамааралтай байгааг УИХ-ын дарга дурдлаа.

Түүнчлэн төсвийн урсгал зардлын өсөлт, хэт тэлэлтээс үүдэн нэгдсэн бодлогын орон зай хумигдаж байгааг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг ч хэллээ. УИХ-ын дарга үргэлжлүүэн, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, тогтоомжуудаас улбаалж, сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт 50 хувь хүртэл буурсныг сануулаад хаврын чуулганаар хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлнэ гэлээ. “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлого нь Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг иж бүрэн хангуулдаг эрх зүйн орчныг бүрдүүлдэг багц төлөвлөгөө юм. Эхний зам буюу эдийн засгийн чөлөөлөлтийг ажил хэрэг болгохдоо төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх бодлого баримтлах аж. Энэ ажлыг банкны салбарын реформоор дамжуулан, Төв банкнаас эхлэх хэд хэдэн үндэслэл, шаардлага байгааг УИХ-ын дарга үргэлжлүүлэн тайлбарлав. Өнгөрсөн оны байдлаар Төв банкны хуримтлагдсан алдагдлын хэмжээ 7.5 их наяд төгрөгт хүрчээ. Түүнчлэн ипотекийн зээлийн хүртээмж орон нутагт хангалтгүй байгаа төдийгүй зорилтот бүлэгтээ очихгүй байгааг шүүмжиллээ. Өнгөрсөн 2025 онд нийт 8841 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсанаас 3217 нь орон нутгийн иргэд байжээ. УИХ-ын дарга энэ харьцааг нийслэлд 50 хувь, орон нутагт 50 хувь байх бодлогыг баримтлахаа илэрхийллээ. Мөн дотоодын зах зээлд өрсөлдөөн бий болгож, зээлийн хүүг үе шаттай бууруулах, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн тулд гадаадын банк үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ тодотгож байв.

Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулахдаа Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдсаныг дурдав. Шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцооноос хуримтлалд суурилсан тогтолцоо руу шилжих шаардлагатайг тодотгоод, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-ын дарга танилцууллаа. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх хөрс суурийг Эрх зүйн чөлөөлөлтөөр бүрдлүүлэх аж. Энэ хүрээнд хууль хоорондын зөрчил, давхардлыг арилгах, өргөн мэдүүлсэн хуулиудад хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээгээр илрүүлдэг болох ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагаас шаарддаг бичиг баримтыг цөөлж, хувийн хэвшлийнхнийг хүнд суртлаас чөлөөлөхөө мэдэгдэв. Энэ хүрээнд зөвшөөрөл хүсэх, олгох процессыг хялбаршуулж, тусгай болон энгийн зөвшөөрлийн хугацааг нь сунгаснаас гадна эрсдэлийн түвшин багатай, нэг удаагийн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх зохицуулалтыг тусгажээ. Монгол Улсын Их Хурал энэ оныг Хүүхэд эрхийн жил болгон зарлаж, хүүхэд хамгааллын үндэсний хэмжээний тогтолцоог бэхжүүлэхэд эрх зүйн шинэчлэлийг чиглүүлэхээ зарласан. Улмаар Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн процессын хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэх аж. Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын гурав дахь нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
 
Ж.Батзандан: Би Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй. АН тэнэг байж болох ч ялах хүн дээрээ төвлөрөх ёстой
Ж.Батзандан: Би Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй. АН тэнэг байж болох ч ялах хүн дээрээ төвлөрөх ёстой
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!