У.Баатар: Нийслэлийн ипотекийн зээлд зөвхөн гэр бүл гэлтгүй, шаардлага хангасан иргэн бүр хамрагдах боломжтой

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
23 минут 47 секунд

“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатартай ярилцлаа

-Ярилцлагаа сүүлийн үеийн мэдээллээс эхэлье. Сэлбэ дэд төв бол 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт. Бүтээн байгуулалтын ажлаа ч нэлээн шуурхайлж байгаа болтой. Саяхан дэд төвийнхөө үнэ цэнтэй, эрэлттэй байршлуудыг хувийн хэвшлийнхэнд санал болгож, хөрөнгө оруулалтын саналыг нь авсан байсан. Ер нь хувийн хэвшлийнхний сонирхол энэ төсөл дээр хэр байна?

-Мэдээж ААН-үүдийн сонирхол байлгүй яах вэ. Эдийн засаг хувийн хэвшлүүдийн нуруун дээр явдаг. Хэрэгцээ шаардлага хаана байна вэ гэдгийг судалж, соргогоор мэдэрч бизнесийнхээ цар хүрээг тэлэх боломжийг эрэлхийлдэг. Ялангуяа Монгол Улс хүн ам цөөтэй, бизнесийн орон зай багатай, шинээр бизнес эхлүүлэхэд хүнд. Иймдээ ч бизнесийн орон зайгаа тэлэхийн тулд байршлын асуудал дээр нэлээн төвлөрдөг. Энэ хүрээнд бизнесийнхэнд энэ чиглэлийн сонирхол их байдаг. Ганц ч Сэлбэ ч гэлтгүй. Хамгийн гол нь орчныг нь бүрдүүлж өгөх явдал чухал. Үнэхээр энд бизнесээ оруулах орон зай байна уу, хамтарч ажиллахад боломжтой нөхцөл байна уу зэрэгт нь итгэл төрүүлэх нь чухал. Өнгөрөгч оны тавдугаар сараас энэ чиглэл дэх анхны судалгаануудаа авч эхэлсэн байдаг. Ингэхдээ хувийн хэвшлүүдэд олон нийтийн бүс дээр хамтарч ажиллах саналаа тавьж, юу сонирхож байна вэ гэдгийг нь судалгаагаар авсан. 8-9 сарын ажил болсон шүү дээ. Одоогоор 28 санал хүлээж аваад байна. Саналуудыг шаардлага хангасан, хангаагүйгээр нь ангилна. Өнгөрөгч онд орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь эхлүүлчихсэн явж байгаа. Бүтээн байгуулалтын явц хурдтай байгааг хувийн хэвшлийнхэн маань ч анзаарсан болов уу гэж бодож байна.

-Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 158 мянган га талбайд хэрэгжих төсөл шүү дээ. Үүнийхээ хэчнээн га талбайг хувийн хэвшлийнхэндээ санал болгож байгаа вэ. Энэ орон зайд хэр хэмжээний эдийн засгийн эргэлтийн орон зай бий болж чадна гэж тооцоолж байгаа вэ?

-Өнгөрөгч 2024 оноос хойш 158 мянган га талбай дээр 2200 нэгж талбайг чөлөөлөх ажил амжилттай явагдсан. Одоогоор газар чөлөөлөлтийн ажил 95 хувьтай байна. Чөлөөлөгдөөгүй талбар бий. Төлөвлөгөөнөөс зөрсөн, үнэлгээгээ зөвшөөрөөгүй зэргээс зарим гол байршлууд дээр чөлөөлөгдөөгүй хэсэг үлдсэн. Түүнд дахин үнэлгээ орж байгаа. Мөн энэ үнэлгээтэй холбоотойгоор байршлыг дотор нь 23 бүсэд хуваасан. Ийнхүү эхний ээлжийн 15 бүс дээр санал авч байгаа юм. Ийнхүү газар чөлөөлөлтийн ажлыг өндөр хувьтай гүйцэтгэснээс гадна дэд бүтцийн ажлыг улс, нийслэлээс хийж өгч байгаа. Тэгэхээр эдгээр суурь нөхцлүүдэд үндэслэн хувийн хэвшлийнхэн таатай нөхцлөөр үйлдвэрлэл үйлчилгээгээ оруулах боломж бүрдэж байгаа гэсэн үг юм.

Ер нь "20 минутын хот" гэх концепцийг маш энгийнээр ойлгох хэрэгтэй. Хүний анхан шатны суурь хэрэгцээ гэж бий. Эрүүл мэнд, боловсрол, түүний чанар, хүртээмжтэй байдал гэх мэт. Суурь зарчмыг нь хамгийн энгийнээр ойлгоё гэвэл, гэрээсээ гарахад л сургууль цэцэрлэг нь, эрүүл мэндийн үйлчилгээ авах эмнэлэг нь ойрхон байх явдал. Үүнийгээ дагаад тэнд төвлөрөл бий болоод эхлэхэд бусад нэмэлт үйлчилгээнүүд гарч ирнэ. Жишээлбэл, Улаанбаатар хотын хойд бүс буюу зуслангийн бүсэд дэд бүтцжилт маш багатай. Тэгсэн хэр нь гэр хороолол нь өргөн тэлсэн, зуслангийнхаа бүс рүү орчихсон. Зуслангийн хойд бүс хаягдсан хэсэг байсан. Гэхдээ хэрэгцээ шаардлага нь өндөр. Тиймээс энд ойролцоогоор 10 мянга орчим айлын орон сууцны төлөвлөлт, 40-50 мянган оршин суугчтай дэд төвийг бий болгохоор зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн хэсэгт 40-50 мянган байнгын оршин суугчийн болоод дамжин өнгөрөх хүмүүсийн хэрэгцээ шаардлага өндөр болно гэсэн үг. Энэ хэрээр бизнесийн байгууллагуудад орон зай бий болж байна.

Өдөртөө 3 тэрбум төгрөгийн борлуулалт эргэлдэх масс зах зээл тэнд бий болж байна гэсэн үг. Үүнд л ААН-үүдээ өөрсдийн төлөвлөлтийг өгөөч гэж байгаа юм.

Нөгөөтээгүүр "20 минутын хот" концепцоо хамтарч хэрэгжүүлье гэж байгаа. Энэ дэд төв бол бидний хувьд анхны жишиг төсөл болж байна. Дараагийн удаа хүлээгдэж байгаа Толгойт, Шархад, Дамбадаржаа зэрэг дэд төвүүдийг бид ийм жишгээр л хийнэ. Гэхдээ бүтээн байгуулалтаа дандаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хамтарч хийе гэж байгаа юм. Тиймээс бид эхлээд "мөс зүсэх" байдлаар нийслэл болон хувийн хэвшил хамтран ийм төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг харуулахаар ажиллаж байна.

Төсөл хэрэгжих явцад маш олон эерэг үр дүн гарч ирнэ. Нэгдүгээрт, хот төлөвлөлтийн стандарт, хүртээмжтэй байдлын хувьд болоод агаар, хөрсний гээд байгаль орчны нөлөөлөл ч бий болно. Нэг ёсондоо зөвхөн санхүүгийн талаас нь харах бус нийгэм, эдийн засгийн болоод хот төлөвлөлтийн хувьд шинэ шат авчирсан төсөл болж байна.

-Тэгэхээр үр өгөөж нь зөвхөн төсөл хэрэгжиж буй 158 мянган га талбайгаар хязгаарлагдахгүй гэж ойлгож болох нь?

-Тэгэлгүй яах вэ. Жишээлбэл, Улаанбаатар хотын хамгийн том асуудал бол агаарын бохирдол, түгжрэл. Хагас коксон түлш, газан халаагуур гээд бусад төрлийн халаагуурыг нэвтрүүлэхээс гадна орон сууцыг олноор барих, дэд бүтэцжүүлэх гээд олон ажил энэ зэрэгцэн явж байна. Мэдээж агаарын бохирдлыг бууруулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Түгжрэлийн хувьд, ганцхан зам бариад ч юм уу нийтийн тээврийн цогц бодлогыг хэрэгжүүлээд шийдэгдчих зүйл биш. Хот төлөвлөлтийг зөв уялдаатай хийх ёстой. Туулын хурдын зам, тойрог зам зэрэг автозамын томоохон төслүүд бүгд л манай төсөлтэй уялдаатай яваа. Эдгээрийг цогцоор нь хийж байж Улаанбаатар хот нэн тэргүүнд тулгамдаад буй асуудлаасаа ангижирна.

-Саналаа ирүүлсэн ААН-үүд дандаа дотоодын ААН-үүд үү?

-Бид гурав хоногийн өмнөөс саналуудаа авч эхэлсэн. Ирүүлсэн саналуудыг нь эхнээс нь нээж үзээд явж байна. Харахад, бүгд л дотоодын ААН байна. Ер нь дотоодын ААН-үүдээ дэмжих ажилд анхаарч байна. Өнгөрөгч тавдугаар сараас хойш бид дотоодын ААН-үүдээс санал авсан. Мөн хөрөнгө оруулалт, даатгал, үл хөдлөх чиглэлийн хэд хэдэн уулзалтуудыг хийсэн. Мэргэжлийн холбоодуудтай уулзалт хийсэн. МҮХАҮТ-тай ч уулзалт хийсэн. Компаниудад нэлээн жигд мэдээлэл өгсөн. 2026 оныг нийслэл хот бизнесийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор түлхүү дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжих, оролцуулах бодлого барьж байгаа.

-2027 оны гуравдугаар улирлаас эхлэн орон сууцаа улсын комисст хүлээлгэж өгнө. Бид төлөвлөгөөгөө нэр өдрөөр ч хойшлуулахгүй-

-Та бүхэн ТЭЗҮ, холбогдох тооцоо судалгаа, барилга угсралт гээд нэлээдгүй ажлын ард гарч одоо барилгажилтын ажлаа эхлүүлээд явж байна шүү дээ. Тэгвэл одоогоор барилгажилтын ажил хэр урагштай байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид 2024 онд 8575 айлын орон сууцны ажлыг эхлүүлсэн. Ажлын төлөвлөгөөгөөр бол өнгөрсөн жилээс 45 хоногийн алдагдалтайгаар 2026 он руу орсон. Энэ өвөл нэлээн ажлуудаа амжууллаа. Энэ долоо хоногт бүх төслүүдийг эхлүүлэх үүрэг чиглэлийн хүрээнд төслийн менежментийн хурлууд хийгдээд, ажлууд эхэлж байна. Алдсан 45 хоногоо 2026 онд нөхнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Улмаар 2027 онд бүтээн байгуулалтын ажлаа 100 хувь дуусгаж, орон сууцнуудаа ашиглалтад оруулах төлөвлөгөө өөрчлөгдөөгүй. Ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

-Та өмнө яриандаа газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа гэж хэлсэн. Үлдсэн хувь дээрх байршилд ямар асуудал үүсээд байна вэ?

-Асуудал байлгүй яахав. Гол нь газар, үл хөдлөхийн үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаад л гол асуудал байна. Дахин үнэлгээ гаргах ажил эхлээд байна. Тэгэхээр 3.4 дүгээр саруудад тус үнэлгээний ажил явагдана. Төлөвлөгөөгөөр газар чөлөөлөлтийг 98 хувьд хүргэхээр ажиллаж байна. Тиймээс бүтээн байгуулалтын ажилд том гацаа саад харагдахгүй байгаа.

-Бүтээн байгуулалтын ажлууд өөр хоорондоо нягт холбоотой явж байгаа болов уу гэж бодож байна. Нэгэн зэрэг олон ажил явагдаж байгаа шүү дээ. Энэ онд та бүхний хувьд ажлын төлөвлөлт тал дээрээ анхаарах зүйл юу байна вэ?

-Ажлын гүйцэтгэл гэдэг бол төлөвлөлттэй л холбоотой байдаг. Бид төлөвлөлтөө харьцангуй сайн хийсэн гэж харж байгаа. Төлөвлөлт дээр байх зарим алдаа гүйцэтгэлийн явцад гарч ирдэг. Түүнийгээ хугацаа алдахгүйгээр засаж залруулаад явна. Энэ утгаараа төлөвлөгөөгөө нэг ч өдөр хойшлуулахгүй гэсэн хатуу байр суурин дээрээс ажиллаж байна. Тэгэхээр 2027 оны гуравдугаар улирлаас эхлэн 3-4 үе шаттайгаар орон сууцаа улсын комисст хүлээлгэж өгснөөр барилга ашиглалтад орно.

-Гэр бүл салалтын маргаан нь сүүлдээ ипотекийн зээлийн маргаан руу орж байгааг Хотын дарга Х.Нямбаатар харж, улстөрч хүний хувьд санаа зовсон байх. Түүнээс биш ипотекийн зээлийг заавал эхнэр, нөхөрт олгоно гэсэн ойлголт байхгүй-

-Хотын даргын зүгээс энэ оны дөрөвдүгээр сараас урьдчилсан борлуулалт эхэлнэ гэдэг зүйлийг ярьж байсан?

-Тийм ээ. Төлөвлөлт нь тийм юм. Энэ жилийн хагасаас урьдчилсан борлуулалтын ажил руу орно. Бас л төлөвлөгөөнийхөө дагуу ажил явж байгаа гэсэн үг.

-Сэлбэ дэд төв дээр нийслэл ипотекийн зээлийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Бидний мэдэх ипотекийн зээл 6 хувиар гардаг. Эрэлт нь ч их байдаг. Шалгуур нь өндөр, эх үүсвэр дутагдалтай, багадаа 1.5 жил оочир дараалал хүлээдэг зэрэг олон асуудал яригддаг. Бидний хувьд ч 8500 айлын орон сууцыг 1-2 жилийн дотор зарж борлуулна гэдэг нь маш сайн бодож төлөвлөх ёстой ажлуудын нэг юм. Тиймээс хот өөрөө ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдэж, шинэ бүтээгдэхүүн гаргая гэсэн үндсэн дээрээс сүүлийн зургаан сар судалгааг хийж байна. Зургаан сар үргэлжилсэн судалгааны үр дүнд ипотекийн зээл гаргах боломжтой юм байна гэдэг нь харагдсан. Ингэхдээ эхний ээлжинд Сэлбэ дэд төвийн орон сууцнаас худалдаж авч байгаа иргэдээ энэ зээлдээ хамруулъя гэдэг шийдлийг гаргаж буй юм. Ирэх дөрөвдүгээр сард энэ асуудал эцэслэгдээд, холбогдох журам дүрэм нь батлагдаад танилцуулга нь хийгдэнэ.

-Хотын даргын зүгээс "Заавал эхнэр, нөхөрт олгоно. Хэрэв салбал ипотек нь түрээсийн гэрээ болж хувирна" гэж мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татлаа шүү дээ. Энэ түрээсийн гэрээ гэдэг дээр ямар зохицуулалт явах юм бэ?

-Олон улсад ч ипотекийн зээл, урт хугацаатай моргейжийн зээл нь зөвхөн орон сууцны бодлогыг дэмжих зорилготой зээл биш юм. Нэгдүгээрт, зорилтот бүлэг буюу дунд орлоготой иргэд нь урт хугацаатай зээлд хамрагдаж тайван амар ажлаа хийх боломжийг олгодог. Орон сууцтай болно гэдэг нь хүний маш том хэрэгцээ шүү дээ. Ялангуяа Монгол Улсын хувьд өөрийн гэсэн орон сууцтай болно гэдэг өрхийн хувьд маш том зорилт нь. Мөн хүн амаа нэмэгдүүлэх тэргүүтэй далд бидэнд харагдахгүй маш олон харилцаа ипотекийн зээлийн цаана явдаг гэж би ойлгодог. Хотын дарга үүгээр л ишлэл авсан. Түүнээс биш заавал гэр бүлд олгоно гэсэн шалгуур байхгүй. Мэдээж нийгэмд гэр бүл салалт их байгаа нь үнэн. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээл авчихсан гэр бүлүүд дээр үүсэж байгаа кейсүүд их байна. Гэр бүл салалтын маргаан нь сүүлдээ ипотекийн зээлийн маргаан руу хүрч байна. Ийм зүйл бодит амьдрал дээр байгаа. Үүнийг л Хотын дарга Х.Нямбаатар харж, улстөрч хүний хувьд санаа зовж тухайн шийдлийг ярьсан байх гэж харж байна. Түүнээс биш заавал эхнэр, нөхөрт олгоно гэсэн ойлголт байхгүй. Мэдээж шаардлага хангасан хүмүүстээ олгоно. Мөн зорилтот бүлгийн хүмүүст олгогдоно.

-Эмч, багш нар 10 хувийн урьдчилгаатайгаар, бусад хүмүүс 20 хувийн урьдчилгаатайгаар гэж сонссон?

-Эрүүл мэнд болон боловсролын салбарын ажилчдад гэж тодорхойлсон байгаа гэдгийг хэлье. Жишээлбэл, боловсролын салбарт багшаас гадна маш олон чиглэлийн ажилтан, алба хаагч байгаа шүү дээ. Эрүүл мэндийн салбарт ч ялгаагүй. Тэгэхээр 20 минутын хот гэдэг концепц чинь өөрөө эрүүл мэндийн болоод боловсролын анхан шатны үйлчилгээг 20 минутад авах агуулга шүү дээ. Сэлбэ дэд төвийн хүрээнд 100 хувь бүх үйлчилгээг тэнд аваачина гэсэн үг биш. Хүний ажиллаж, амьдрах анхан шатны хэрэгцээ, үйлчилгээг бий болгоно. Бусад хэрэгцээг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хамтарч шийдэх үндсэн концепц юм. Гол хүрэх үр дүн нь тэнд амьдарч буй иргэд анхан шатны бүх хэрэгцээ нь хангагдсан орчинд тайван амгалан, ая тухтай, аюулгүй амьдрах юм.

-Ипотекийн зээлийн бүтээгдэхүүн гаргахтай холбоотой мэдээллээ ирэх дөрөвдүгээр сард танилцуулна гэж ойлгох болох уу?

-Тэгнэ ээ. Суурь судалгаанууд гарчихсан байгаа. Боломжтой гэж харсан. Сэлбийн борлуулалтаас эхэлнэ гэдэг төлөвлөгөөтэй. Нийслэлийн орон сууцны корпораци дээр ипотекийн зээл нь баталгаажиж, холбогдох үйл ажиллагаанууд нь явагдана. Ирэх дөрөвдүгээр сардаа багтаж танилцуулга нь хийгдэнэ. Дараагаар нь эхний ээлжийн борлуулалтын ажил эхэлнэ.

-Орон сууцны борлуулалт тал дээр барилгын салбарынхны орон зайг хүндлэх ёстой-

-Сэлбэ дэд төвд баригдаж буй орон сууцны дундаж мкв 61 гэсэн байсан. Тэгвэл нэг мкв-ын үнэлгээг хэрхэн тооцож байгаа вэ?

-Бизнес талаасаа харахад, их хэмжээний бүтээгдэхүүнийг зах зээлд богино хугацаанд нийлүүлж буй гэдэг утгаараа хэт үнэтэй тохиолдолд борлуулахад бэрх. Гэхдээ зах зээлийн зарчмаа барьж нийслэл Улаанбаатар хотын орон сууцны дундаж үнийг бид баримтална. Хэдийгээр эхний жишиг дэд төвийн орон сууцыг нийслэл барьж байгаа боловч дараагийн бүтээн байгуулалтуудыг хувийн хэвшлийнхэн барина. Энд хувийн хэвшлийнхний орон зайг хүндлэх ёстой. Яагаад зах зээлийн дундаж үнийг баримтлах гээд байна вэ гэхээр барилгын салбарынхны өрсөлдөгч биш хамтрагч гэдгээ харуулж буй юм. Бие биеийнхээ орон зайг хамтдаа нөхөөд явна. Сэлбийн бүтээн байгуулалтын 8 мянган айлын орон сууц гэж ярьж байгаа боловч зах зээл дээрээ энэ нь тийм том тоо биш. Эрэлт түүнээс их байдаг. Харин бид худалдан авах нөхцөл буюу ипотек тэргүүтэй эдийн засгийн бусад хөшүүргүүдийг олгох ажлыг хийж байгаа юм. Ямар ч зорилтгүйгээр орон сууц бариад байгаа юм биш. Үүний цаана эрсдлийн, нийгмийн улс орны гээд олон бодлого давхар яваа. Тэгэхээр Сэлбэ дэд төв бол цогц бодлогын хүрээнд хийгдэж байгаа жишиг төсөл юм.

-Таван сургууль, таван цэцэрлэг барина гэж төлөвлөлтөд байсан. Энэ ажил ямар явцтай байгаа вэ?

-Өмнө суурьшлын бүс байсан гэдэг утгаараа үйл ажиллагаа явуулж байсан сургуулиуд бий. Оршин суугчдын тоо нэмэгдээд ирэхээр тэнд сургууль, цэцэрлэгийн шаардлага зүй ёсоор нэмэгдэнэ шүү дээ. Иймд нэмэлтээр гурван сургууль, таван цэцэрлэг барихаар ТЭЗҮ-д тусгагдсан байгаа. Энэ жил бид нэг сургуулийнх нь сонгон шалгаруулалтыг хийж, төсөв дээрээ нэг сургууль, нэг цэцэрлэгийн ажлыг тавихаар төлөвлөж байна. Уг нь бүгдийг нь тавихаар төлөвлөсөн боловч төсвийн орон зайнаас шалтгаалж нэг сургууль, нэг цэцэрлэгийг тавьж өгсөн. Үүнээс шалтгаалан бид дахин төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага үүссэн. Хэрэглэгчдэдээ бид сургууль, цэцэрлэг нь бэлэн байна гэж орон сууцаа борлуулна шүү дээ. Гэтэл улсын төсвөө хүлээвэл ажлууд нэлээн хойшлох гээд байгаа юм. Тиймээс сургууль, цэцэрлэгийн ажлаа явуулна. Хэрэв бид сургууль, цэцэрлэгийг орхигдуулбал Сэлбэ дэд төв маань ирээдүйн бас л нэг түгжрэлийн шалтгаан болж хувирна. Тиймээс бид энд төрөлжсөн сургуулиудыг барьж байгуулна. Энэ чиглэлд хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах саналыг хүртэл боловсруулж эхлээд байна. Олон нийтийн бүс дээр хувийн хэвшлүүдэд байршлуудыг санал болгоод тодорхой хөрөнгө оруулалтыг төлбөрт нь аваад нийслэлд шилжүүлэх хамтын ажиллагааг эхэлж байна. Тэгвэл хувийн хэвшлүүдээр яагаад цэцэрлэг сургуулиа бариулж болохгүй гэж. Энэ чинь байж болох процесс. Ойрын хугацаанд сургууль, цэцэрлэгийн асуудал дээр суурилсан шинэ судалгааг танилцуулахаар бэлтгэж байна.

-Энд онд төвлөрөх ажлууд нь юу байгаа вэ. Мэдээж бүтээн байгуулалтын ажил дулааны улиралд явагдана шүү дээ?

-Бүтээн байгуулалтын ажил өөр хоорондоо маш уялдаатай байж урагшилдаг. Мөн улирлын чанартай асуудлууд ч байдаг. Дулааны улиралд бүх ажлаа нэгэн зэрэг амжуулж авахгүй бол дахиад л хүйтний улиралтай нүүр тулна шүү дээ. Тиймээс бид өвлийн улирал дах төлөвлөлтүүдээ нэлээн сайн хийсэн. Үндсэндээ Сэлбэ дэд төв төслийн хүрээнд 60 орчим ажил дээр менежментийг нь хийгээд явж байгаа. Дэд бүтэц, барилга гэх мэт. Тиймээс энэ чиглэлд маш сайн баг бүрдүүлж ажиллаж байгаа. Мэдээж энэ богино хугацаанд ажлуудаа урагшлуулахад саад тотгор гээд олон л зүйл тулгарах байх. Гэхдээ бид төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь, чанартай хийхийн тулд ажилласаар байна.

-Ярилцлагын төгсгөлд төслийн багийнхнаас асуух зүйл байна. Нийслэл дээр өмнө гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор иргэдийн итгэл алдарсан үйл явдлууд болж байсан. Одоо ч үргэлжилж байгаа асуудлууд байна. Энэ утгаараа одоо хэрэгжиж буй Сэлбэ дэд төв гэх энэ бүтээн байгуулалт төлөвлөсөн ажлынхаа ард гарч чадна гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ?

-Хувь хүн болоод төслийн багийн гишүүний хувьд ч итгэлтэй байгаа. Ямар ч төсөл хамтын ажиллагаа байдаг. Иргэдийн, хувийн хэвшлийн, төр гээд. Хэн, юу хийх вэ гэдэг нь маш тодорхой байж ажил явдаг. Өмнөх ажлууд дээр тодорхой байдал нь давамгайлсан зүйлс байсан. Мөн төлөвлөлтийн хувьд бүтэн том зургаар нь харж төлөвлөх ёстой байтал төсөл хэрэгжүүлж буй ААН-ын харж буй өнцгөөр л төслөө хэрэгжүүлээд явчихсан. Үндсэндээ санхүүгийн үр ашиг дээр тооцоолсон төслүүд л явсан. Нийгэм, эдийн засгийн үр өгөөж, эрсдлийг тооцоод хамтдаа хуваалцаж байгаа. Оролцоогоо ижил түвшинд хангаж төслөө үргэлжлүүлэх ёстой. Цаашид энэ төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлээр үргэлжилнэ.

Ормузын хоолойд 10 гаруй хөлөг онгоцыг сөнөөжээ
Ормузын хоолойд 10 гаруй хөлөг онгоцыг сөнөөжээ
 
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!