Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг БНСВУ-д айлчилж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 12 секунд

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг БНСВУ-ын Ардын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Нгуен Ван Куангийн урилгаар 2026 оны гуравдугаар сарын 3-7-ны өдрүүдэд Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр улсын Ерөнхий шүүгч нар гуравдугаар сарын 4-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хувиар анх удаа хийж буй энэ удаагийн айлчлал нь шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны бат бэх үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд шүүх засаглалын шинэчлэл, түүнийг дагасан өөрчлөлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, цахимжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохирлоо. Түүнчлэн харилцан туршлага судлах, сургалт, судалгааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн юм. Айлчлалын хүрээнд талууд “Монгол Улсын Шүүхийн академи болон Вьетнам Улсын Шүүхийн академи хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд шүүгч, шүүгчид нэр дэвшигч болон шүүхийн ажилтнуудыг харилцан айлчлуулах, туршлага солилцох, харилцан зохион байгуулж буй олон улсын хурал болон бусад эрдэм шинжилгээний арга хэмжээнд төлөөлөгчдөө илгээж бие биеэ дэмжиж ажиллахаар боллоо. Мөн өдөр Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг БНСВУ-ын Ерөнхийлөгч Лыөнг Гыөнгд бараалхаж, Монгол Улс Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, гуравдагч хөрш болох БНСВУ-тай хөгжүүлж буй харилцааны ач холбогдол, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг нотолж, Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Ерөнхийлөгч Лыөнг Гыөнг хоёр улсын шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа бэхэжсэнээр иргэдийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёсыг тогтоох үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтойг онцолж, Ерөнхий шүүгч Д.Ганзоригоор уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйгаа илэрхийлсэн юм. Айлчлалын хүрээнд гуравдугаар сарын 5-нд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид Вьетнамын Шүүхийн академид зочилж, тус академийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Хай Фонг хотод зочилж, тус хотын Ардын шүүхийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Эцэг эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдүүддээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриалав
Эцэг эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдүүддээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриалав
 
Цувралыг ойртуулах эсвэл холдуулах эсэхийг шийдэх тоглолтууд болно
Цувралыг ойртуулах эсвэл холдуулах эсэхийг шийдэх тоглолтууд болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!