Ард түмний "MVP" хэмээн нэрлэгдэж байсан О.Эрдэнэцогт 2025-2026 оны улирлын "MVP" шагналыг хүртлээ. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хоёр удаагийн аварга, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, "Би Си Эйч Найтс" багийн ахлагч О.Эрдэнэцогтыг ярилцлагын буландаа урьж энэхүү ярилцлагыг бэлтгэлээ.
-Юуны түрүүнд энэ улирлын “MVP” болсонд баяр хүргэе. Анх сагсан бөмбөгийн спорттой хэрхэн холбогдож байв?
-Баярлалаа. Хүүхэд байхаасаа спортод дуртай, хайртай байсан. Үндэсний бөх, волейбол гээд олон спорт сонирхоно. Тэгээд сагсан бөмбөгийн бэлтгэл хийж үзээд энэ спортод дурлаж байлаа.
-Дээд лигт “Алдар Танан Гарьд” бүрэлдэхүүнд багтаж талбайд гарч байсан. Тэр цаг үеийг эргээд дурсвал. Мэдээж сэтгэл хөдлөл, сандрал их байсан байх.
-Их сандарч бас баярлаж байснаа санаж байна. Анх сагс тоглож эхлэх үедээ дээд лигт орохыг мөрөөдөж зорьдог байлаа. Мөрөөдөлдөө хүрээд нэг зорилгоо биелүүллээ гэж бодож байна.
-“Алдар Танан Гарьд” баг 2019, 2020 онд аварга болж байсан. Аварга болох мэдрэмж ямар байсан бэ?
-Үгээр хэлэхийн аргагүй баярласан. Сүүлийн шүгэл дуугарах мөчид аварга боллоо гэдгээ мэдэрсэн. Тэр үед хүний сэтгэл хөдлөл өөрийн эрхгүй гардагийг мэдсэн. 2020 онд аваргаа хамгаалах том зорилготой, багийн уур амьсгал сайхан байж. Бүх тоглогчид талбай дээр гараад хийх ёстой зүйлээ хийж чадсан болохоор бид аваргаа хамгаалж чадсан.

-Монголын сагсан бөмбөг хурдан хөгжиж байна. Баг болгон импорт тоглогчоор хүчээ зузаатгаад тэр хэрээр өрсөлдөөн чангарсан. Импорт тоглогч Монгол тамирчдад хэрхэн нөлөөлсөн бэ?
-Тийм шүү. Сагсан бөмбөг хурдан хөгжиж байна. Мэдээж импорт тоглогчид ирээд бидний ур чадвар сайжирсан. Энэ хөгжлийн хурдыг нэмсэн хүмүүс бол импорт тоглогчид гэж боддог. Бид тэднийг хэрхэн хамгаалах, яаж оноо авах, бэлтгэлийн систем, туршлага гээд олон зүйлсээс суралцсан.
-Өнгөрсөн жил “Сэлэнгэ Бодонс” багийн бүрэлдэхүүнд NBA-ийн дөрвөн удаагийн бүх одод, Олимп, Дэлхийн аварга Демаркус Казинс ирж тоглосон. Түүний эсрэг тоглох ямар байсан бэ?
-Дэлхийн хэмжээний тоглогчтой талбайд гараад түүний эсрэг тоглох сайхан байсан. Талбай дээр гараад тэр хүн биеийн хөгжил, ур чадвар өөр түвшинд байгааг ойлгосон. Илүү анзаарсан зүйл гэвэл тэр тамирчны сэтгэл зүй өндөр түвшинд байгааг мэдэрсэн. Казинс зөвхөн оноо авах биш багийнхныгаа тоглуулах, үзэгчдэд нөлөөлөх нөлөө гээд олон давуу талтай тоглогч.

-Сэтгэлзүй чухал гээд ярилаа. О.Эрдэнэцогт гэдэг сагсчин талбай дээр сэтгэл хөдлөлөө ил гаргаж байгаагүй гэхэд болно. Энэ тал дээр өөрийгөө яаж хянадаг вэ?
-Аль болох тайван байхыг хичээдэг. Тайван байснаар өөрийн хийх ёстой зүйлээ хийж чадна гэж боддог. Их зүйл бодохгүй байвал зөв шийдвэр гаргана. Дараагийн хийх зүйлдээ бэлэн байхыг хичээдэг.
-Анх лигт орж байсан хугацааг бодвол одоо багийн ахлагчийн статустай тоглож байна. Багийн залуу тоглогчдодоо хэрхэн чиглүүлж байна?
-Үе солигдож байгаа болохоор тэр үү одоогийн залуу тамирчдын сэтгэлзүй, хандлагын хувьд өөр зүйлүүд байгаа. Гэхдээ бидний хийж байгаа зүйл сагсан бөмбөг. Тийм болохоор ах нар надад яаж зөвлөж, чиглүүлж байсан тэр бүхнийг багийнхаа тоглогчдод зааж зөвлөхийг хичээдэг.
-Сагсчдын хувьд зун л амрах боломж олдож байгаа байх. Энэ цаг хугацааг юу хийж өнгөрүүлдэг вэ?
-Зуны бэлтгэл их чухал. Өөрийн биеийн жижиг булчингуудаа хөгжүүлдэг. Бас өмнө жил авсан бэртлүүдээ эдгээх гээд. Өнгөрсөн жилийн дутуу зүйлээ нөхөх гэж хичээдэг. Өнгөрсөн жил хүчний бэлтгэл, усан бассейнд хичээллэсэн.
-Та гартаа бэртэл аваад олон хагалгаанд орсны дараа шигшээ багийн бүрэлдэхүүнд орохоос татгалзсан шийдвэрийг гаргаж байсан. Тэр үед энэ шийдвэрийг гаргах мэдээж амар байгаагүй байх?
-Тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл, гэмтэл. Гэхдээ энэ бол спортын нэг хэсэг. Бэртэл, гэмтэл нөгөө талаасаа тамирчин хүний сэтгэлзүйг олон зүйл дээр бэлддэг юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үед гаргасан шийдвэрээ зөв гэж боддог. Бэртэлтэй талбайд гарснаас, бэртэлгүй болоод гарах нь зөв гэж бодсон. Тэр бэртлийг авснаас хойш бэлтгэл сургуулилтаа өөрчлөх урам зориг, эрч хүчийг авсан.
-Сагсан бөмбөгийн спортоос өөр сонирхдог зүйл байдаг уу?
-Зуны улиралд амрах хугацаа олддог. Тэр хугацаанд олон зүйл сонирхохыг хичээдэг. Би аялж, зугаалах дуртай. Гэр бүл, найз нөхдөөрөө зугаалах сайхан. Бас машин их сонирхдог. Моторын хүчин чадал, марк, үйлдвэрлэсэн он гээд л.
-Хүүхдүүд нь аавынхаа тоглолтыг үзээд ямар сэтгэл хөдлөл гаргадаг вэ?
-Хожоод ирвэл “мундаг байна” гээд үнсэнэ. Хожигдоод эсвэл бага оноо авбал том хүү “Ааваа та оноо авсангүй” гэж хэлдэг. Тэр үед хүүхдүүддээ аав нь дараа заавал хичээнэ ээ гэж хэлдэг. Тоглолттой гээд гарах болгонд гэрийнхэн маань бүгд гаргаж өгөөд үнсээд, амжилт хүсдэг. Энэ бүхэн тоглолтын сэтгэлзүйд эергээр нөлөөлдөг.
-Амьдралынхаа багагүй хугацааг энэ спортод зориулаад, хүнд бэртэл аваад, олон сонголтууд хийгээд өнөөдрийг хүрлээ. Тэр хэцүү мөчүүдэд танд хэн урам зориг, эрч хүч өгч байсан бэ?
-Гэр бүл, баг хамт олон. Хүнд хэцүү үед гэр бүл хажууд байж зөвлөдөг, дэмждэг, урам өгдөг, хайрладаг, асардаг. Мэдээж баг, хамт олон тусалж дэмжинэ. Эргээд талбайд гарахад бэлэн болох мөч иртэл үргэлж хажууд байна. Бас хамт тоглож байсан ах нар, хөгжөөн дэмжигчдийн урмын үг нөлөөлнө.
-Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин болох энэ замыг сонгосондоо харамсах үе байсан уу?
-Дуртай юмаа хийгээд, хайртай спортоороо хичээллэж байна. Энэ замыг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй, үргэлж баярлаж явдаг. Сагсан бөмбөг надад их зүйлийг өгдөг. Түүний хэрээр би хүндэлж, хичээх ёстой гэдгээ ойлгодог.

-Өнгөрсөн жил таны стат-ыг хараад MVP шагналыг авна гэж олон хүн харж байсан. Тэр үед аав, ээж нь орон нутгаас ирчихсэн байсан гэж сонсож байсан. Энэ үнэн байсан уу?
-Мэдээж өнгөрсөн жил дотроо хүлээлттэй байсан. Өнгөрсөн жилийн MVP шалгаруулах ёслолын өмнө аав, ээж орон нутгаас ахынд ирчихсэн байсан. Тэр бүх зүйл болсны дараа гэр бүлийнхээ хүнтэй юм яриад сууж байхад аав ээж хоёр ирсэн. Аав ээж хоёр маань эрүүл байхад бүх зүйл болно гэж хэлсэн. Миний хүү мундаг байгаа, дэмждэг хүмүүс нь үнэлж байхад учир нь олдоно гэж хэлж байсан.
-Өнгөрсөн жилийн “MVP” шагналын шийдвэр таны хор шарыг хөдөлгөсөн үү?
-Ер нь тийм хор шар хөдөлж байгаагүй дээ. Анх 2019 онд аварга болоход MVP болох байсан дараа жил нь бас л MVP болох байсан гээд ярьдаг байсан. Тухайн цаг мөчид хүлээлт байсан. Тэр шагналыг авчих юм сан. Авах үед ямар мэдрэмж төрөх бол гэж боддог байлаа. Өнгөрсөн жил манай А.Азбаяр дүү MVP болсон. Үнэхээр шилдэг байсан уу гэвэл тийм. MVP шагналыг авна гэхээс илүү дараа жил яаж өөрийгөө илүү түвшинд аваачих вэ гэдэг дээр анхаарч ирсэн.
-2025-2026 оны улирлын “MVP” болно гэдгээ сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?
-Өчигдөр эмнэлэгт дусал тариа хийлгэж байх үед багийн захирал залгасан. Тэгээд “Баяр хүргэе. Улирлын үнэ цэнтэй тоглогч” болж байна гэж хэлсэн. Тэгээд “За баярлалаа” гээд утсаа тасалсан. Орой унтах үедээ тайзан дээр гараад юу хэлэх ёстой юм бол гээд жаахан сандарсан. Яг шагналаа авах гээд тайзан дээр гарахад тайвширсан.
Тайзан дээр гараад үг хэлэх үед сэтгэл хөдлөл их байгаа ажиглагдсан?
Тайзан дээр гараад цаанаасаа л үг хэлж чадахгүй, нулимс гарчих гээд байсан. Тэгээд нэг амьсгаа аваад үгээ хэлээд дотор уужирч, тайвширсан.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!