Б.Ганболд: Тариаланчид орох оронгоо хүртэл банканд тавьчихсан. Гурилын импортын татварыг сэргээх нь цор ганц найдвар байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
22 минут 15 секунд

"Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг 2025.05.16-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, импортын татварыг сэргээхийг гишүүд дэмжээгүй. Ингэснээр импортын гурил Монгол Улсад татваргүйгээр орсэн хэвээр байх юм. Энэ нь дотоодын үйлдвэрүүд болон тариаланчдыг ямар нөхцөлд оруулж байгаа тухай "Цэгээн Хуст" ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын Гавьяат механикжуулагч Б.Ганболдтой ярилцлаа.

Гурилын импортын татварыг тэглэсэн хуулийг УИХ хэвээр нь үлдээчихлээ. Дотоодын үйлдвэрлэгчид, тариаланчдад энэ нь хүнд байдалд оруулж байх шиг байна. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ зөвхөн тариаланчдын асуудал огт биш. Ерөөсөө монгол хүнд энэ шийдвэр хүнд тусаж байгаа юм. Яах вэ гурил, малын тэжээл, улаанбуудайны гаалийн татварыг тэглэсэн шийдвэр нь тухайн үедээ бол үүргээ гүйцэтгэсэн байх. Баруун аймгуудаар цас зудтай үе таарсан, дээр нь сонгууль угтаж улс төрийн оноо авах үүргээ бол гүйцэтгэсэн байх гэж бодож байна. Ядаж идэж уух зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэдэг, нэмүү өртөг шингээдэг байя гэхээр төр засаг нь дэмжихгүй мөртлөө гадны нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн оруулж ирье гээд байгаа нь ойлгоход бэрх л дээ.

Тавдугаар сар дундаа орчихсон гэхээр тариалалтаа аль хэдийн хийчихсэн байсан уу. Тэгэхээр үүний уршгаар тариаланчдын амсах хохирол хэр хэмжээнд байхаар байна?

-Тариа тарина гэдэг бол өмнөх жил нь бэлдэж байж тариалалт хийдэг юм. Хоёр жилийн хөдөлмөр орж байж тариа гурилын үйлдвэрүүдэд ачигдахад бэлэн болдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид энэ жилийн тариалалтыг хийхийн тулд 2024 онд уриншаа бэлдээд, талбайгаа бэлдчихсэн байсан гэсэн үг. Арай ч энэ төр засгийг ийм шийдвэр гаргана бодоогүй хэрэг л дээ. Эрүүл ухаантай хүн энэ шийдвэрийг дэмжихгүй байх гэж бодсон юм. Гэтэл тариаланчдыг хуйгаар нь сөхрүүлж байгаа энэ шийдвэрийг хэвээр нь үлдээчихлээ. Мэдээж бид импортын гурил, импортын улаанбуудайтай өрсөлдөхөд хүнд байна.

Импортын гурил яагаад ийм хямд байгаад, дотоодын гурил яагаад хямд байж чадахгүй байна вэ гэхээр тийм байх ямар ч боломжгүй байхгүй юу. Манай импортын гурил, улаанбуудайн хамгийн том нийлүүлэгч ОХУ байна. Бензинээ өөрсдөө үйлдвэрлэдэг, тариалангийн туслах материалд 50 хувийн хямдрал үзүүлдэг, газар тариалангийн техникээ өөрсдөө үйлдвэрлэдэг, техникт мөн 50 хувийн хямдрал үзүүлдэг, бордоог нь улсаас нь 100 хувь үнэгүй олгодог. Төр засгаас нь тариаланчиддаа ийм их дэмжлэгийг үзүүлдэг. Тэд харин импортын гаалийн татвар, худалдааны татвар, нэмүү өртөг шингэсэн бүх зардлаа өндөр үнээр гаргадаг. Ийм зах зээлтэй бид өрсөлдөх боломжгүй.

Тэгэхээр бид малын тэжээл, тосны ургамал гээд урагшаа гаргаж болохоор, экспортолж болохоор юм руу л хандахаас өөр аргагүй болж байна. Өөр гарц байхгүй. Тэртээ тэргүй үйлдвэрлээд ч импортын зах зээлтэй өрсөлдөж чадахгүйгээс хойш борлуулах боломжтойг нь л тариалъя гэхээс өөр аргагүй биз дээ.

Улаанбуудайн тариалалт нийт тариалалтын дийлэнхийг нь эзэлдэг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Улаанбуудай бол тариалангийн гол бүтээгдэхүүн шүү дээ. Манайх гэхэд л энэ хавар тариалах ёстой 6000 га талбайн тариалалтынхаа 50 хувьд нь улаанбуудай тариалахаар тооцоод бүх бэлтгэл ажлаа хангасан байсан. Хууль дэмжигдээгүй учраас улаанбуудайн тариалалтаа зогсоогоод тосны ургамал малын тэжээл гэх мэт ядаж л зардлаа буцааж олох арга замыг эрэлхийлж байна. Хийх боломжтой, чадах боломжтой юмаа бид хааж боогоод, заавал гаднаас хараат байлгах гээд байх нь сайны дохио лав биш.

Уг нь Атрын 4-р аян өрнүүлнэ, хүнсний хувьсгал гээд л газар тариалангийн салбарыг босгоод ирэх төрийн дэмжлэгүүд яриад байгаа шүү дээ. Гэтэл ингээд эсрэгээрээ тариаланчид уналтад ороод байдаг. Шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Түүхээс харахад Монгол Улс 20 гаруй жилийн давтамжтайгаар өсөж байгаа хүн амынхаа хүнсний хэрэглээг хангах зорилготой аян зарлаад сайжруулж явж ирсэн юм билээ. Атрын 4-р аян гээд байгааг ч гэсэн би нэлээд ач холбогдолтой, бодлоготой зарлагдсан гэж ойлгодог юм. Улс орон бүр дотооддоо юмаа хийе, бүрэн бие даасан байя, ялангуяа хүнсний аюулгүй байдлаа хангая гэж байгаа цаг үетэй таарч атрын аян зарлаж байгаа нь маш чухал ач холбогдолтой гэж тариаланчид болон энэ улс орныг гэсэн сэтгэлтэй хүн бүхэн сайшааж хүлээж авсан. Атрын аян маш гайхалтай үр дүнтэй байж болохоор цаг үе таарсан хэдий ч харамсалтай нь дундуур нь ингээд импортын бүтээгдэхүүнийг дэмжсэн бодлого орж ирээд, үндэсний үйлдвэрүүдийн хөгжлийг гацаачихаж байгаа юм. Дотоодын гурилын үйлдвэрүүд бол үнэндээ таг зогсож байна. Зарим нь ОХУ-аас импортын гурил оруулж ирээд савлаад зарж байна. Аргаа барж байгаагийн л хэлбэр. Ямар нэг аргаар санжигнаад үлдэхгүй л бол бид яаж татвараа төлж, яаж хүмүүсээ ажилтай байлгах юм бэ.

Одоо бол тариаланчид нэгдүгээрт, бэлдсэн мэргэжилтэнгүүдээ алдахгүй байх юмсан, ямар нэг аргаар цалинг нь өгөх юмсан. Хоёрдугаарт, тариаланчид бүх зүйлээ гаднаас импортоор авдаг. Энэ зардлаа барьж, бага алдагдалтай байх гэсэн 2 л зүйл бодож байна. Татвараа төлөх, ажлын байраа хадгалах, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, нэг ч гэсэн талбай нэмж хагалах гэсэн ажлууд бол бүр өнгөрчихөөд байна л даа.

Газар тариалан өртөг зардал өндөртэй, эрсдэл ихтэй салбар шиг байгаа юм. Тариаланчид ер нь ашиг олохоос илүүтэй зардлаа нөхөхийн төлөө л ажиллаж байна уу?

-Зардлаа ч нөхөж чадах эсэх нь хэцүү болчихоод байна шүү дээ. Ер нь амар биш салбар. Хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь бүгд импортоор орж ирдэг. Гаалийн татвар, худалдааны татвар, тээврийн зардал нь авсан үнэ дээрээ нэмэгдээд, дээр нь оруулж ирж байгаа ААН-ийн ашгийн нэмэгдэл орно. Ийм их өссөн үнээр бид хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ аваад, үйлдвэрлээд гаргаж байгаа бүтээгдэхүүнийх нь үнийг бариад үнэгүйдүүлчихээр мэдээж энэ бизнес явахгүй. Газар тариалангийн салбар бол манайд 60 жилийн л нүүрийг үзэж байгаа салбар. 60 жилийн дотор бол уг нь төр засгийн бодлогоор чамгүй хөгжүүлж чадсан.

1990 онд яг одоо болж байгаа энэ асуудал гарч байсан юм. 1990-ээд оны дунд үеэс гаднаас гурилаа авчихъя, өндөр өртөгтэй хэрэггүй юм байна гэдэг шийдвэр төр гаргаж байсан юм. Тэгээд яасан бэ гэхээр төр засгийн томчууд гадны орнууд руу хурал цуглаанд явахдаа дандаа л гурил будаа гуйж байдаг болсон. Ийм арчаагүй байдалд орж байсан. Атрын 3-р аяныг өрнүүлж байж арай гэж сэргээж авсан юм. Гэтэл 20-хон жилийн дараа үүнийгээ буцаад нураах гээд байгаа нь, алдаагаа дахиад санаатайгаар давтаад байгаа нь хачирхалтай. Санах ой гэж юм баймаар юм. Атрын 3-р аяны ачаар ийшээ хөрөнгө өгөөд орж ирсэн дотоодын хөрөнгө оруулагчид нь арай гэж хөлөө олж байтал буцаагаад унагаад байхаар яах юм бэ. Дотоодын хөрөнгө оруулагчдаа хамгаалахгүй, дэмжихгүй байж гадаадын хөрөнгө оруулагчид, мега төсөл гэж яриад хэрэггүй.

Урд хойд 2 хөрш бол төр засаг нь маш их дэмжлэг үзүүлж байж, хүнснийхээ гол стратегийн бүтээгдэхүүнээ хэнээс ч гуйхгүй, хэнээс ч хараат бусаар байж, 3-5 жилийн нөөц авч үлдэж байж аюулгүй байдлаа хангадаг юм байна. Гэтэл манайд бол нэг дарга нэг өглөө унтаж сэрээд л өөр юм яриад, дотоодын үйлдвэрлэгчдээ унагаад байгаа нь хамгийн харамсалтай.

Та түрүүн хэллээ. Тариаланчид ажиллах хүчээ алдах аюулд тулчихаад байна гээд. Авч үлдэх арга олдож байна уу?

-Бэлтгэгдсэн сүүлийн боловсон хүчнүүд дуусах нь ээ. 40 жилийн өмнө энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс одоо ажиллах нас нь өнгөрч байна. Дараагийн үе бэлтгэгдэж байх ёстой. Гэтэл ийм ашиггүй, ийм дэмжлэггүй эрсдэлтэй салбар луу ямар ч хүн орохгүй биз дээ. Урд бол төр бодлогоор бэлтгээд явдаг байсан. Энэ бодлого хаягдаад, дээр нь улс төр тоглоод байхаар энэ салбар яаж явах билээ. Дараа нь бүхэл бүтэн салбарын боловсон хүчин бэлтгэнэ, дээр нь энэ их атаршсан талбайг хагална, техник тоног төхөөрөмж оруулж ирнэ гээд бидний дараагийн үе бол маш хүнд ачаа үүрэх болно. Энэ хэвээрээ байвал. Тиймээс тасалдахаас нь өмнө цаашаа аваад явах төрийн бодлого хэрэгтэй байна. Ямар ч үед, аль ч засгийн үед хоол хэрэгтэй байдаг учраас энэ салбарын бодлого тогтвортой байж, энд улс төржих ёсгүй юм.

Нэг жишээ хэлье. Саяхан хүртэл манай барилгын салбар маш хүнд байсан. Дандаа гадныхан барилга барьдаг байсан. Одоо монголчууд өөрсдөө барьдаг болсон байна. Өөрсдөө замаа тавьдаг болсон байна. Тэгэхээр хаана эдийн засаг байна тэр салбар хөгждөг юм байна. Монгол төр мөнгө хаяж, бодлого хэрэгжүүлж байсан социализмын үед бол газар тариалангийн салбар супер байсан. Одоо бүр байхгүй болсон. Хоолоо өөрсдөө хийж чадахгүй байна гэдэг яавч сайны дохио биш.

Одоо тариаланчдад төрөөс үзүүлж байгаа хамгийн бодитой дэмжлэг юу байна вэ. Урамшуулал дэмжлэг болж чадаж байна уу?

-Тодорхой хэмжээнд дэмжлэг бололгүй яах вэ. Сүүлийн 3, 4 жил тариаланчид тариа ургуулаад бүх зардлаа төлөөд, татвараа төлөөд л хоосон үлддэг. Тэр урамшууллын хэдэн төгрөгөөрөө л амь зогоож байсан юм. Гэтэл одоо бол урамшуулал өгөөд ч зардлаа нөхөхгүй.

Манайх уг нь хүн амтайгаа харьцуулахад маш том газар нутагтай орон. Энэ их газраа ашиглаад, газар тариалангийн салбараа хөгжүүлж болдоггүй юм байх даа. Нийт газар нутгийн хэдэн хувийг нь бид газар тариаланд ашиглаж байна вэ?

-Чи гайхна. Бид нийт газар нутгийнхаа 1 хүрэхгүй, 0.5 хувьд нь л газар тариалан эрхэлж байгаа. Тариа тарих боломжтой газар нутаг нь 1 хувь ч хүрэхгүй.

Тэгээд бусад газар нь тариа тарих боломжгүй гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Бид Сибирийн тариа ургах боломжтой газар нутгийн хормойд л байгаа ард түмэн. Тариа тарих боломжтой газар нь бага. Дээр нь эко систем нь хэцүү үе байхгүй юу.

Манай урд хөршийн бидэнтэй ижил салбарт байгаа хүмүүсийн ярианаас сонсоход урд хөрш 1 га газар тарихад 3-5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Улаанбуудайгаа дотооддоо тариулахын тулд шүү дээ. Харин хойд хөрш бол тариаланчиддаа тариалангийн техникийг нь 50 хувийн хөнгөлөлттэй өгдөг. Хөдөө аж ахуйн салбартаа шатахуунаа 50 хувийн хөнгөлөлттэй өгдөг. Дээр нь бордоо нь үнэгүй. Тэгэхээд бид яаж өрсөлдөх юм бэ. Газар тариалангийн салбар ингээд уначихвэл дараа нь босгож ирнэ гэж маш их хөрөнгө зарах болно.

“Хүнсний хувьсгал”-ын ач тус тариалангийн салбарт мэдэгдэж байна уу. Олгож байгаа зээл нь шалгуур өндөртэй, жирийн тариаланчид авах боломжгүй байна гэх юм билээ?

-Жилийн 6-8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай энэ зээл тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн үү гэвэл өгсөн. Дэмжлэг үзүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлүүлээд, түүнийг нь үйлдвэлэсэн үнээс нь доогуур аваад байхаар энэ аж ахуй явахгүй байгаа юм. Бид авсан зээлээ төлөөд банкыг алдагдалгүй болгоё, ажиллаж байгаа хүмүүстээ цалинг нь өгөөд хүмүүсээ тодорхой хэмжээнд тогтоож байя л гэж зүтгэж байна. Техник, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлсөн байсныг буцаагаад татвар тавьчихсан. Техник оруулж ирдэг хүмүүс бол авчирж байгаа техник дээрээ гаалийн болон худалдааны татварыг нэмж зарахгүй бол гааль дээр автоматаар нэмээд ороод ирдэг. Тэгээд одоо үүнийг дэмжээд байна гэхэд хэцүү, дэмжихгүй байна гэхэд хэцүү. Дэмжсэн дүр эсгэж гоё юм яриад, урамшуулал бол үнэндээ маруужингийн мөнгө л дөө. Тэрийгээ тэгээд 80 төгрөгөөр бууруулчихсан. Тэгж хуураад 2 жил дамнаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь өртгөөр нь авчихаар болохоо байлгүй яах юм бэ. Монгол Улс 1 га талбайгаас дунджаар 13-14 центнер ургац авдаг. Үүнийг 1 сая төгрөгөөр үйлдвэрлээд, буцаагаад 1 сая төгрөгөөр нь зарна. Урамшууллаар нь бид амьдарна. Техникээ худалдаж авах ямар ч боломжгүй байгаа. Том жижиг ялгаагүй. Том компаниуд бол 10 тракторынхоо байлаа гэхэд түүнийхээ нэгийг нь зарж байж үйлдвэрлэлээ явуулж байна. Жижгүүд бол зарах юмгүй учраас бүр хүнд болж байна.

Одоо ер нь буугаад өгчихсөн, хаалгаа барьсан хэчнээн компани байна вэ?

-Яг тоог нь бол би нарийн мэдэхгүй байна. Сүүлийн 2 жилд бол цөөнгүй нь дампуурсан нь үнэн. Одоо ер нь бүгд л больё, гаръя гэсэн сонирхолтой байна. Бүгд шүү.

Ганцхан яаж байна вэ гэхээр энд хийсэн хөрөнгө, авчихсан байгаа хөдөө аж ахуйн техник, “би энэ компанитай амьдралаа холбоод сайн сайхан амьдарна” гээд бидэнд итгээд өнөөдөр хүртэл ажиллаад явж байгаа хүмүүсийн итгэл хамгийн хайран байгаа юм. Энэ гурваас болоод л больж чадахгүй байна.

Гэхдээ багасгаж байна. Газар тариалангийн сэргэлтийн үед тариалангийн компани худалдаж авна гэсэн зар маш их байсан. Харин одоо бол зарна гэсэн зар л маш их байна. Энэ нь газар тариалангийн зах зээлд дүн тавьж байгаа хэрэг юм.

Цалингийн хувьд бусад салбартай харьцуулбал ямар байдаг юм бол. Цалинг нэмье гээд ч нэмэх боломжгүй юм байна гэж л бодогдож байна таны ярианаас дүгнэхэд?

-Бид 5, 6 жил бэлтгэсэн боловсон хүчнээ уул уурхайн салбарт алдаж байна. Тэнд 14 хоног ажиллаад энд сар ажиллаж авдаг цалингаасаа хэд дахин өндөр авахаар хэн ч явна шүү дээ. Дээр нь ХНХЯ-наас нүд шүдийг нь татаж үзэж, эрүүл мэндийн үзлэгт оруулж байгаад ажиллах хүчээ гадагшаа экспортлох юмаа. Тэгээд арай гэж үлдсэн хэдийг нь цалин хөлсийг нь өгөөд торгоож байтал замын компанид алдчих юм. Газар тариалангийн салбарынхан 4 сард гараад 11 сард бууж ирдэг шүү дээ. Тэгэхээр хүмүүс цаг заваа гэр бүлдээ зарцуулъя гэх нь яах ч аргагүй. Одоо манай салбарт дандаа л 40 дээш насныхан ажиллаж байна.

Газар тариалангийн цэцэглэлтийн үе гээд байгаа атрын аянуудын үед тэгээд ямар байсан учраас хүмүүс энэ хүнд хөдөлмөрөөс зугтахгүй байсан юм бэ. Ямар арга байсан юм бол?

-Тэр үед сангийн аж ахуйн дарга нь 1200 төгрөгийн цалин авдаг байхад энгийн тракторчин 3000 төгрөгийн цалин авдаг байсан юм. Ингээд энэ салбар луу залуусыг бүгдийг нь татаж байлаа. Хаана цалин хөлс өндөр байна хүн тэнд л ажиллана. Зөндөө боломж уг нь бий. Шийдэж л чадвал.

Жишээ нь ямар боломж байна вэ?

-Эдийн засгийг нь чөлөөлөх. Өөрөөр хэлбэл улаанбуудайнх нь үнийг төр хүчээр хорихгүйгээр чөлөөлөөд өгвөл бид тэр боломжийг бий болгох бүрэн боломжтой. Атрын 4-р аяны хүрээнд одоо байгаа тариалангийн талбай дээр нэмж 200.000 га эргэлтийн талбайг нэмнэ гэж байна. 200.000 га эргэлтийн талбай гэдэг шууд 20 мянган хүний ажлын байр юм. Тэгэхээр эдийн засгийн талаас ч тэр, нийгмийн талаас ч тэр хармаар байгаа юм. Энэ салбаарт олон арван мянган хүн ажиллаж байна шүү дээ.

Танайх бол салбартаа том комдани. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-6000 га талбайтай гэхэд 60-аад хүнийг бол байнгын ажлын байраар хангаж байна. Хавар, намар ид ачааллын үед бол түр ажилчид гэрээгээр авч ажилладаг. Нэг жижиг суманд нэг ААН 60-аад хүнийг ажлын байраар хангаж байхад бол ажилгүйдэл эвтэйхэн болох боломжтой. Хамгийн гол нь жаахан тогтвортой, тоо боддог, эдийн засгийг ойлгодог хэмжээнд шийдвэр гаргадаг болчихвол мөн амархан явчихаар л бодогдох юм.

Танайх банкинд зээлтэй юу?

-Зээлтэй байлгүй яах юм бэ. Зээлгүй газар тариалангийн компани Монголоос хайгаад олохгүй. Зээл авахаас өөр ямар ч арга байхгүй. Би өөрийнхөө компанийн жишээгээр хэлье. Манайх 2015-2020 онд бол зээлгүйгээр тариалалт хийж чадаж байсан юм. 2020 оноос зээл рүү орж эхэлсэн. Одоо бол харин зээлээ төлж чадах уу, үгүй юу гэдэг асуудалтай нүүр туллаа. 5 жилийн өмнө зээлгүй байсан компани ийм байдалд хүрч байхад тэр үед зээлтэй байснууд нь ямар нөхцөлд байгаа нь ойлгомжтой байгаа биз. Тариаланчдад үнэндээ орох орон ч байхгүй гэхэд болно. Бүгдийг нь банканд тавьчихсан. Үнэндээ Монголд үйлдвэрлэл явуулснаас наймаа хийсэн нь дээр байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 17 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 17 хэм дулаан
 
Ц.Баатархүү: МАН-ын Бага хурлын гишүүд шүүмжлэл, жагсаал, ардчилалд дургүй юм байна
Ц.Баатархүү: МАН-ын Бага хурлын гишүүд шүүмжлэл, жагсаал, ардчилалд дургүй юм байна
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!