УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяатай Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой асуудлаар ярилцлаа.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгосон ч ердөө 90 мянган хүнд л нөлөөлнө-
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ сарын нэгнээс эхлэн 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ нь хөдөлмөрийн зах зээлд ямар өөрчлөлтийг үзүүлэхээр байгаа вэ, Та ХНХ-ын сайдаар ажиллаж байсан хүний хувьд нэлээд анхаарч дуугарч буй?
-Хөдөлмөрийн тухай хууль гэж бий. 2010 онд орж байсан хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь зөвхөн цалин хөлсний асуудал биш. Нөгөө талд ААН, байгууллагуудад маш их санхүүгийн ачааллыг үүсгэдэг учраас тухайн ААН, байгууллагуудын санхүүгийн чадамжийг хадгалахын тулд хоёр жил тутамд нэг удаа хөдөлгөх нь зүйтэй гэж Н.Ганди сайдын үед энэ өөрчлөлт анх хийгдэж байсан.
Гэсэн хэдий ч манай улсад хууль хэрэгждэггүйн гайгаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг маш олон жил хөдөлгөөгүй явж байгаад хөдөлгөж эхэлсэн даруйдаа жил бүр нэмэгдүүлж байгаа нь өөрөө эргээд ААН-үүдэд маш том сөрөг нөлөө үзүүлэх болсон.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байсныг 660 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн байдаг. Энэ онд дахин нэмэгдүүлж 792 мянган төгрөг болгох шийдвэрийн хэрэгжилтийг дөрөвдүгээр сарын нэгнээс байхаар заасан байгаа юм. Энэ нь зөвхөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа иргэдийн асуудал биш. Судалбал 1-9 ажилтантай гарааны бизнес эрхэлж байгаа жижиг ААН-үүд ихэвчлэн ХХДХ-ээр ажилчдаа цалинжуулж байна.
Гэтэл бизнес нь өргөжөөгүй байхад жил бүр ямар нэгэн тооцоололгүйгээр ХХДХ-г нэмэгдүүлэх нь өөрөө ААН талдаа хүндрэлтэй байдлыг бий болгох буюу цаашлаад дампуурах эрсдэл рүү түлхэж байгаа хэлбэр юм. Магадгүй ажилчдын талаас харвал хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн 10 орчим хувь буюу 90 гаруй мянган иргэний цалин 20 хувиар нэмэгдэж байгаа л асуудал.
-Дөнгөж өндийж байгаа бизнесүүд, татвар төлөгчдийн нуруунд хамгийн хүнд ачаа нь ирнэ-
-Ажил олгогч болон ажилчдад үүсэж буй санхүүгийн гол ачаалал нь хаана төвлөрнө гэж харж байгаа вэ?
-Хамгийн наад захын жишээг дурдахад ЭМДШ нэмэгдэж байгаа юм. Мөн НДС-нд төлдөг сайн дурын даатгуулагчийн шимтгэл ХХДХ-тэй шууд уялдсан байдлаар нэмэгдэж байгаа.Тэгэхээр сайн дурын даатгуулагчид энэ сараас эхэлж НДШ-д 16 мянган төгрөг нэмж төлж эхэлсэн гэсэн үг.
Төрөөс тодорхой нөхцөлд иргэдийн ЭМДШ, НДШ-ийг хариуцаж төлдөг. Энэ талаас харвал төрөөс гарах зардал дагаад нэмэгдэж байна. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах үүргийг Хөдөлмөрийн тухай хуулиар АН бүр хүлээдэг. Тодруулж хэлбэл, 25-аас дээш ажилтантай ААН бүр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой байдаг. Харамсалтай нь энэ хууль мөн л амьдрал дээр хэрэгжихгүй байна. Яг хариуцлагатай буюу хуульд заасан үүргийнхээ дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулдаг, эсвэл ажиллуулаагүй ч гэсэн төлбөр төлдөг ААН-үүдэд санхүүгийн ачаалал нэмэгдэнэ гэсэн үг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрөөс гадна гадаадаас ажиллах хүч авч байгаа ААН-үүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төвлөрүүлдэг. Нэг талаас дотоодын зах зээлээ хамгаалах хөшүүрэг гэж үздэг ч тухайн ААН-үүд хуульд зааснаар ХХДХ-г хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр санд төвлөрүүлдэг. Үүнийг 2021 оноос хойш эдийн засгийг сэргээх хуулийн хүрээнд 50 хувиар хөнгөлсөн шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэхдээ ХХДХ нэмэгдэхээр гадаадад ажиллах хүч авч байгаа ААН-үүдийн төрд төлөх төлбөр дагаад нэмэгдэнэ.
-Энд хуулийн ямар зөрчил байна гэж та харж салбарын сайдад асуулт тавьсан юм бэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдөх хугацааг нэгдүгээр сарын нэгнээс гэж заасныг зөрчиж дөрөвдүгээр сарын нэгнээс гэж хэрэгжүүлж эхэлсэн. Дээр нь хоёр жил тутамд нэг удаа тогтоох хуулийн заалтыг мөн зөрчсөн. Энэ агуулгаар салбарын сайдад миний бие асуулт тавьсан байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг нь Засгийн газар дээрээ төрөөс тогтоож байгаа татвар, шимтгэл, хураамжийг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах шийдвэр гаргасан байдаг. Атал ХХДХ-г энэ сараас эхлэн нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор иргэн, ААН-үүд татвар, шимтгэлээ нэмэгдсэн дүнгээр төлөөд эхэлсэн байгаа. Дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа учраас иргэд одоохондоо мэдэрч эхлээгүй байж магад. Цаашид энэ өөрчлөлт татвар төлөгчдийн нуруунд хүнд ачаа болно гэдгийг анхаарах хэрэгтэй байгаа юм.
-Гурван талт Үндэсний хороо захиргааны хэм хэмжээгээр тогтоогдсон баримтаа ч бүртгүүлдэггүй-
-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр ийм шийдвэр гаргасан байдаг шүү дээ. Түүний нэг төлөөлөл нь салбарын сайд өөрөө. Гэтэл энэ шийдвэр нь Засгийн газраас гаргасан бодлогын шийдвэрийн эсрэг ажиллаж байгаа үйлдэл гэж ойлгогдохоор байна?
- Зүй нь улсын төсвөөс санхүүжилт авч, тодорхой хувь нь ААН, иргэдийн татвар шимтгэлээр бүрдэж байгаа ЭМДШ, НДШ-ийн орлого зарлагын санхүүжилтийн асуудлыг УИХ баталдаг. Гэтэл УИХ-аас гадуур Үндэсний хороо шийдвэр гаргаад түүнийгээ төсөвтэй уялдуулахгүйгээр дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлсэн нь өөрөө УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхэд нэг талдаа бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл.
Шийдвэр нь Гурван талт үндэсний хороо дээр гарсан гэдэг агуулгаар харвал институтийн хувьд захиргааны хэм хэмжээгээр тогтоогдсон баримтаа ч бүртгүүлэхгүй байгаа. Тэгэхээр эндээс гаргасан шийдвэрийг хүмүүс заавал мөрдөх ёстой юм уу гэдэг нэг асуудал. Хууль зүйн үүднээс статус нь ямар байна вэ гэдэг нь хүртэл асуултын тэмдэг болж буй. Тиймээс үүнийг тодорхой болгохын тулд нэгдүгээрт, салбарын сайдаас нь мэдээлэл сонсох, дараа нь энэ процессыг засах хэрэгцээ шаардлага байвал тодорхой болгох ёстой гэж үзэж байгаа.
Хэрэв хууль нь хоёрдмол утгатай ойлгогдож байгаа бол хуульд өөрчлөлт оруулах ёстой буюу хоёр жилд нэг удаа ХХДХ-г тогтоох “бөгөөд” гэж заасан нь төөрөгдөл үүсгэж байгаа бол түүнийг өөрчлөх ёстой. Мөн захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлж хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулдаг тогтолцоо руу шилжихгүй бол төсөвт энэ мэт ачаалал үүсгэсэн шийдвэрүүд парламентын гадна гарч байгаа нь маш их хор уршгийг дагуулах болно.
-Л.Энх-Амгалан сайд Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд таны асуусан асуулттай холбоотой хариулт хэлэх байсан ч яагаад хойшлов?
- Хойд бүсийн зөвлөгөөнтэй байсан учраас сайд хуралдаанд байсангүй. Асуултын хариулт авах хугацааг долоо хоногоор хойшлуулсан байгаа. Мэдээж сайдын тайлбар нь сангуудын орлого нэмэгдэж байгаа, нөгөө талдаа цалин нэмэгдэж байгаа, түүнийг дагаад эргэж бодогдох, нийгмийн халамж, тэтгэмжүүд нэмэгдэнэ гэх зэргээр эерэг талаас нь асуудлыг гаргаж ярих байх. Гэтэл нөгөө талд төсөвт болоод ААН-үүдэд санхүүгийн ачаалал үүсгэж байгаа гэдгийг эргэцүүлж бодох л ёстой.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!