УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй цаг үеийн зарим сэдвүүдээр ярилцлаа.
-Засгийн газар дотоодын эдийн засгийнхаа системийг нураах төслүүдийг оруулж ирж байна-
-Намрын чуулганаар энэ оны төсвийг алдагдалгүй баталлаа гээд алга ташиж завсарласан парламент хаврын чуулганаа нэлээд галтай эхлүүллээ. Нэн түрүүнд төсвийн орлого 1.2 орчим их наяд төгрөгөөр тасалдаж, инфляц 10 хувьд шүргэсэн муу мэдээтэйгээр нэгдсэн хуралдаанаа эхлүүлсэн. Та ч тэр, ихэнх гишүүд Засгийн газрыг төсөвт тодотгол хийх төслөө нэн яаралтай УИХ-аар оруулж ирэхийг шаардаж шүүмжилж байсан. Энэ байр суурь хэвээрээ юу гэдгээс яриагаа эхэлье?
-Засгийн газар төсөв тодотгохгүй. Эдийн засаг сайн байгаа гэж ярьж байна лээ. Тийм л сайн байгаа юм бол УИХ-аар хэлэлцүүлж байгаа хуулийн төслүүд нь эдийн засгийнхаа системийг нураая гэсэн янзтай, өөрсдөө маш их яарч сандарсан үйлдлүүдийг гаргаж байгаа. Нэг жишээг нь дурдахад Биржийн хууль нэртэй "бартер"-ын хууль байна. Эдийн засаг хүнд байгаа учраас "Уул, уурхайн биржийн бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах" гэсэн гоё нэр өгч байгаад өнгөрсөн хулгайн түүхээ томруулж давтах гэсэн санаархлыг хуульд шургуулж оруулж ирлээ шүү дээ. Хоёр жилийн өмнө оффтейк гэрээний асуудал яригдах үед улс даяараа жагсаж байсан. Үүнийгээ л давтах гэж байна. Ардчилсан намын бүлгээс Засгийн газрыг дэмжээд явахаар сайн хуулийн төслүүд оруулж ирээч гэдэг ч эсрэгээрээ хүндрэлтэй байдлаа нуун далдлах гэсэн хуулиудыг л оруулж ирж байна.
Биржийн нэртэй бартерын хуулийн сөрөг нөлөөллийг хүмүүс сайн мэдэхгүй байж магадгүй. Гэтэл энэ нь улсын төсвөөс гадуур төсөв бий болгоод зарцуулах гэсэн санаархлыг л хуульчлах гэсэн оролдлого. Оффтейк гэрээ бол орлогыг урьдчилж авна л гэсэн утга. Урьдчилж олсон борлуулалтын орлого компанийн бланк, данс дээр өр, төлбөртэй хамт нэг бүлэгт бичигддэг. Уул, уурхайн бүтээгдэхүүнийг урьдчилж зарна гэдэг бол өр тавьсантай агаар нэг. Ингэхээр миний эхэнд хэлдэг эдийн засгийн системээ нураах гэж байна гэдэг нь өрийн удирдлагын харьцаа, өрийн ДНБ-ий эзлэх хувь зэрэг бидний ярьдаг бүх зүйлийг үл тоож, зүгээр л Монгол Улс дураараа өр тавих нөхцөлийг бүрдүүлэх гэж байна гэсэн үг.
Нөгөө талд бартераар бүтээгдэхүүн худалдаж авсан компаниуд хүн хүч, техник хэрэгсэл, түүхий эд, материалтайгаа орж ирж бартераа хийнэ. Үүний цаана Монгол компаниуд, Монгол иргэдийн ажлын байр булаагдах эрсдэл үүснэ. Тиймээс зарчимгүй гэж хэлэхэд багадахаар асуудлууд яригдахаар байгаа.
-Орчуулсан бичиг танилцуулчхаад хэлэлцээрийн төсөл гэж яриад байгаа. Дараа нь аль хэлний эхийг барьж явах нь тодорхойгүй байгаа-
-ОХУ-тай хийх агаарын түлш нийлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн асуудал сүүлийн өдрүүдэд ширүүхэн яригдаж байна. Танай намын бүлгээс хэлэлцээрийн төслийг ерөнхийд нь дэмжихгүй байгаагаа илэрхийлж, засаж сайжруулах чиглэлийг ЗГ-т өгсөн. Дэмжихгүй байх гол шалтгаануудыг бүлэг дээр хэрхэн хөндөж, хэлэлцсэн байдаг юм бэ?
-Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын гол баталгаа нь аль нэг талаас хараат бус, олон сонголт, өрсөлдөөнийг зах зээлдээ бий болгох явдал. Өнөөдөр бид түлш, шатахуунаа ОХУ-аас авч байгаа нь үнэн. Цаашид дор хаяж дотоодоосоо хангадаг, урд хөршөөсөө мөн авдаг болох ёстой. Гэтэл сонголтгүй тулгалттай байх гэрээний төслийг оруулж ирж болохгүй шүү дээ. Энэ агуулгад бүлгийн гишүүд маш их эгдүүцэж байсан.
Дээр нь 20 жил битгий хэл хоёр жил, бүр хоёр сарын дотор технологийн хөгжил асар хурдацтай явагддаг болчихсон цаг үе. Гэтэл магадгүй нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах, ус төрөгчийн технологи зэрэг маш олон зүйл яригдаж байна. Онгоцны түлш болоод шатахуун зэрэг энергийн эх үүсвэрүүдийг олон янзаар шийддэг болж байхад бид бүхэл бүтэн 20 жил ОХУ-аас зөвхөн газрын тосноос гаргасан онгоцны түлш авах гээд байж байна. Ард нь энэ салбарын хөгжлийг шууд хааж буй үйлдэл шүү дээ. Бид ямар нэгэн байдлаар хойд хөрштэйгөө харилцаагаа муутгах гэсэн зүйл огт биш. Тусгаар тогтносон Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой гэдэг бодлогоо манай гишүүд барьж байр сууриа илэрхийлж байсан.
-Та хувьдаа хэлэлцээрийн төслийг юу гэж харж байгаа юм?
- Бидэнд ирж танилцуулагдсан хэлэлцээрийн төсөл гээд байгаа бичгийг харвал доод буланд нь орчуулга гээд тамга дарчихсан байгаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах, хоёр улсын хамтарсан компанитай холбоотой эрх зүйн баримт бичгийг хаанаас, ямар хэлнээс орчуулж бидэнд үзүүлээд байгаа юм бэ гэдэгт эгдүүцэл төрж байна. Гадаад харилцааны сайд энэ асуудлыг анхаарч, бидэнд тайлбарлах ёстой. Монгол Улсад шууд хамааралтай ийм том хэлэлцээрийн төслийг яагаад Монгол хэл дээр бичдэггүй юм. Дараа нь аль хэлний эхийг үндсэн эх гэж үзэх юм. Гэх мэт манай талыг төлөөлж байгаа албан тушаалтнуудын сэтгэлгүй, хариуцлагагүй асуудалд хандаж байгаа байдал эндээс харагдаж байгаа юм. Тиймээс бүлгийн даргын хувьд, хувь гишүүний хувьд ч дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн.
-УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс чиг болчихлоо гэдэг яриа хүртэл гарчхаж-
-Танай намын ч хэдэн хүмүүсийн хамтралаар бий болсон Засгийн газрын бодлогын ажлуудыг бүлэг дээрээ дэмжихгүй унагааж байгаа шалтгаан нь юу юм бэ. Гурван намын хамтарсан Засгийн газар гэж өнгөн дээрээ яригдах ч үнэндээ тийшээ орсон сайд нар намын дэмжлэггүй, УИХ дээр бүлгийн дэмжлэггүй байгаа шиг харагддаг?
-Засгийн газраас оруулж ирж байгаа төслүүдийг бүлэг дээр зохион байгуулалттайгаар унагаая, эсвэл дэмжье гэдэг бол хэтэрхий өрөөсгөл ойлголт. УИХ гэдэг бие даасан төрийн эрх барих дээд байгууллага шүү дээ. Засгийн газраас оруулж ирсэн баримт бичгүүдийг тэр чигээр нь баталчих юм бол УИХ гэж байгаад яах юм. УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс шиг болчихлоо гээд олон яриа гарч байгаа. Харин ч өнгөрсөн хугацаанд төмөр замын хил холболтын гэрээнээс авхуулаад дэмжиж ажиллаад л ирсэн. Одоо яригдаж байгаа ОХУ-ын талтай хийх онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн асуудал бол хэтэрхий зарчимгүй, хариуцлагагүй ажилласан төсөл байгаа учраас УИХ дахь АН-ын бүлэг дэмжих боломжгүй.
"Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн төсөлд орчуулгын алдаа байж болох зүйлийг нь яагаад Гадаад харилцааны сайд хариуцахгүй, АН-ын сайдыг түлхэж байгаа юм" гэж та хэлж байсан. Эрх баригч намын хэдэн жил дамжиж халгаж ирсэн хэл амтай төслүүд засагт хамтарсан танай намын хэдэн сайдаар дамжиж яригдах болсон гэдэг яриатай та санал нийлдэг үү?
- Тийм шүү дээ. Нийгэмд эрсдэл дагуулах, аль болох гал дагуулсан сэдвүүдийг Ардчилсан намын сайд нараар бариулж нийгэм рүү түлхэж гаргадаг. Манай хэд ч бас үүндээ анхаармаар байгаа юм. Ер нь Ардчилсан намын гишүүдийн ажлын ард гарна гэж зүтгэж явдаг хандлагыг нь ашиглаж өнөөг хүртэл шийдэж чадаагүй асуудлуудаа АН-ынхны нүүрэнд нааж, сайн зүйл гарвал МАН-ынхан өөрсдөдөө наах гэсэн улс төрийн зорилго яваад байна уу гэж хардаж байгаа. Сүүлийн үед өрнөж байгаа зүйлсийг харахаар үнэхээр тэгж ч ойлгогдож байгаа учраас намынхаа сайд нарт ажилдаа болгоомжтой хандах хэрэгтэй гэдэг зарчмын шаардлага, зөвлөгөөг бүлгийн гишүүдийн хувьд тавьж байгаа.
-Танай намын дарга Лу.Гантөмөрийн рейтинг Хамтарсан засагт орсноос багагүй уналаа. Таны хувьд анхнаасаа эрх баригч намтай хамтрахыг дэмжээгүй гэж байсан. Одоо ч энэ байр суурь хэвээрээ байгаа юу?
-Зарчмын байр суурь маань хэвээрээ байгаа. Зарчим гэдэгт Үндэсний эрх ашиг яригдах л ёстой.
-ЕАЭЗХ-той хийх туршилтийн гэрээний үр өгөөж нь тодорхойгүй. Өмнөх туршилтууд амжилт олж байгааагүй-
-ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай байгуулах түр гэрээг зөвшилцөх тухай асуудлыг ЭЗБХ-оор хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн. Таны дэмжээгүй шалтгааныг тодруулбал?
-зах зээлээ тэлье, боломжоо нээе гэдэг нь зарчмын хувьд зөв. Цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд бид бэлэн үү гэдгээ тооцох ёстой. Миний хувьд Байнгын хорооны хуралдаанд гурван асуудал гаргаж хөндсөн.
Нэгдүгээрт, түр гэрээг гурван жилийн хугацаатай хийнэ гэдэг нь туршилт гэж ойлгож болохоор байгаа юм. Гэтэл бидэнд маш ойрхон гурван удаагийн туршилт хийгдсэн. Эхнийх нь Япон улстай 2016 оны зургаадугаар сараас эхлээд 7000 орчим бараанд чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдсэн байдаг. Жилд 24 сая ам.долларын бараа экспортолдог байсан бол 10 жилийн дотор 10 сая ам.доллар болоод буурчихсан байна. Гэрээ хийж байхдаа 15:1 гэсэн ялгаатайгаар худалдаа хийдэг байж. Япон улс 15 дахин их бараа Монгол Улс руу нийлүүлсэн гэсэн үг. Хэлэлцээрийн үр дүнд 93:1 болж хувирсан. Эндээс чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг зүйлээс манай улсын хүртэх үр өгөөж огт харагдахгүй байгаа юм.
Хоёрдугаарт, Европын холбоотой чөлөөт худалдааны хөнгөлөлтийн хөтөлбөрт орсон. Тэр үед 4:1 байсан худалдааны харьцаа өнөөдөр 9:1 болсон. Энэ мэт эдийн засгийн бодит үр дүнгүүдээ өнөөдөр бид яагаад дүгнэж харахгүй байгаа нь хачирхалтай.
Гурав дахь туршилт өнгөрсөн оны зургаан сард буюу сонгуулийн өмнө ОХУ-аас авдаг гурил, малын тэжээлд тавигдах гаалийн албан татварыг тэглэчихсэн. Туршилтын үр дүнд нэг жилийн дотор дотоодын гурилын гурван ч үйлдвэр дампуурсан. Үйлдвэрлэл 40 хувь буурах эрсдэл дагуулсан. Тиймээс энэ гурван туршилт гурвуулаа сөрөг үр дүнд хүргэчихсэн байхад дахиад чөлөөлнө гээд ярьж байгаа нь эдийн засгийн яг ямар үр ашгийг тооцоод байгаа юм бэ гэж асуухад надад лав хариулт хэлж чадаагүй.
Асуудал дэвшүүлээд ярихаар манайх ОХУ руу эхний ээлжид махаа гаргана гэж ярьж байгаа юм. Сая би яамны холбогдох албан тушаалтнаас асуулаа л даа. Мал эмнэлэг, хорио цээр, халдварт өвчний асуудлаа шийдэж чадаж байгаа юу гэхэд шийдээгүй, ажиллаж байгаа гэж хариулж байгаа юм. Хамгийн чухал ийм асуудлаа цэгцлээгүй байж яаж мах гаргана гэж бодов. Гурван жил үйлчлэх туршилтын хугацаанд манайх юмаа гаргаж чадахгүй, айлаас татваргүй баахан бараа авдаг л болж үлдэх нь байна шүү дээ. ОХУ 2023 онд 300 тонн хонины мах импортоор авчхаад 10 мянган тонн хонины мах лалын шашинтай орнууд руу экспортолсон байна. ОХУ манайхаас богийн мах лав авахгүй юм билээ.
-Ярианыхаа төгсгөлд орхиж болохгүй өөр нэг зүйл тодруулъя. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд аль хэдийн бэлдээд эхэллээ гэх яриа гараад багагүй хугацаа өнгөрсөн. Ингэхдээ Үндсэн хуульд дахиж өөрчлөлт оруулахаар зэхэж буй гэх талаар зарим гишүүд ч ил далд яриад явна шүү дээ. АН-ын бүлэг дээр энэ асуудал яригдсан уу, ер нь яригдах уу?
- 2028 онд буюу гурван жилийн дараа төрийн эрх барих дээд байгууллагын сонгууль болно. Энэ сонгуулиас өмнөх улс төрийн нөхцөл байдал бол яахын аргагүй Ерөнхийлөгчийн сонгууль учраас нэлээд том доргио өгөх нь тодорхой. Ерөнхийлөгч бол Монгол Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалтад маш өндөр байр суурь эзэлдэг албан тушаал. Энэ агуулгаараа улс төрийн хүрээнд олон төрлийн байр суурь яригдаж байгаа нь тодорхой байна. Одоогоор манай бүлэг дээр энэ асуудал яригдаагүй байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн асуудал учраас яригдаж эхэлбэл ултай суурьтай асуудалд хандах байх. Ерөнхийлөгчийн сонгууль тодорхой цаг хугацаатай, хуультай учраас тодорхой цаг хугацаанд нь шийдвэр гаргаад явах боломжтой гэж харж байгаа.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!