Х.Тэмүүжин: Хуулийн систем бүхэлдээ хоцрогдсон, Сталинч байдлаасаа салаагүй юм байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
35 минут 57 секунд

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн сэдвээр болон түүний боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-"Доромжлох" заалтыг Эрүүгийн хуульд шургуулж, амь оруулах гэж байна-

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэр бүхий заалт дотор “доромжлох” агуулгыг оруулж ирж байгаа гэх ноцтой асуудлыг та чуулганаар хөндөж ярьсан. Хуулийн ямар бичиглэл бүхий заалтад энэ агуулга туссан байгаа нь сонирхол татаж байна?

-НҮБ-аас Монгол Улсын Эрүүгийн хууль, тогтоомжид байгаа эрүүгийн заалтад зарим төрлийн гэмт хэргүүд хамаарахгүй байгаа буюу бүрэн төгс үйлчилж, хангагдахгүй байгаа асуудлыг хөндсөн. Тухайлбал, мэдүүлэг, тайлбар авах буюу шүүн таслах үйл ажиллагаатай холбоогүйгээр хүний зорчих эрх хязаарлагдаж байгаа хэсгүүдэд хүнлэг бус хэрцгий хандах хандлага тогтмол гардаг. Үүнийгээ гэмт хэргийн нэг хэсэг гэж үзэн эрүүгийн хуулиар зохицуулах зөвлөмжийг удаа дараа өгсөн байдаг.

Тухайлбал хүүхдийн асрах төв, ахмад настныг асран хамгаалах төв, эсвэл цэрэг, түр саатуулах байр зэрэг газруудад магадгүй хүний ёсноос гадуур хандсан хүчирхийлэл гарах бололцоотой. Харамсалтай нь түүнийг зохицуулах хууль Монголд байхгүй байгаа учраас хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байдаг.

Харамсалтай нь Засгийн газраас хуулийн төсөл боловсруулахдаа хүүхдийн асрамжийн газар эсвэл цэрэгт хүний алдар хүндийг гутаан доромжлох байдлаар харьцсан бол гэдгээр оруулаад ирж байгаа юм. Гэтэл хүнлэг бус хэрцгийгээр хандах гэдэг ойлголт нь өөрөө алдар хүндтэй холбоотой зүйл огт биш.

Жишээ нь хоол өгөхгүйгээр тарчлаах, бие засуулахгүй шаналгах, эсвэл олон хоногоор унтуулахгүй дарамтлах асуудал алдар хүндийг гутаан доромжлохоос тэс өөр зүйл шүү дээ. Тэгэхээр хуульд хүнлэг бус хэрцгий хандах гэдэг агуулгыг оруулж ирэхдээ уламжлалт байдлаар буюу хуулийн бичиглэлийг шууд уншаад ойлгоход гутаан доромжлох гэдэг байдлаар биччхэж. Энэ НҮБ-аас шаардаад байгаа эрүү шүүлтийн гэмт хэргийг зөв тодорхойлох биш доромжлох гэдэг гэмт хэргийн хэлбэрээр бичсэн байгаа нь зохимжгүй зүйл.

Хуульд тусгахдаа үйлдэгдэж байгаа газар, байршил нь хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан орон зайг хамарч байгаа ч магадгүй дараа нь нэг зүйл өөрчлөгдөхөд социализмын үед үйлчилж байсан доромжлох гэдэг агуулга эрүүгийн хуульд амилах нөхцөлийг үүсгэх эрсдэлтэй.

Түүнээс биш уг хуулийн зохицуулалтын үндсэн гол зорилго нь эрүү шүүлтийн гэмт хэргийн ангилалд хамаардаггүй байсан буюу дутуу зохицуулалттай байсан хуулийн заалтыг илүү тодорхой болгож өргөжүүлэх тухай байсан. Гэхдээ төслийг хэлэлцүүлэх явцад энэ заалтыг анхаарч, эргэж харж засварлах байх гэж найдаж байна.

-Төрийн байгууллага иргэнтэйгээ шүүхдэлцэж, шоронд хийдэг дарангуйллын заалтыг хасах төсөл боловсруулсан-

-Та Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа юм билээ. Гол өөрчлөлт нь юу байх юм бэ, төслөө УИХ-д хэзээ өргөн барихаар төлөвлөж байна?

-Эрүүгийн хууль бол гэмт хэрэг гэдэг зүйлээс хүний эрх чөлөө, Үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуулийн байгуулал гэх мэтчилэн олон зүйлүүдийг хамгаалахад зориулагдсан. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй миний боловсруулж байгаа хуулийн төсөл давхцаж, зөрчилдөх зүйлгүй буюу агуулгын хувьд өөр. Жишээ нь, социализмын үед доромжлох, гүтгэх гэсэн хоёр гэмт хэргийг иргэний эрх гэж харахаас илүүтэй тухайн нийгмийн байгууламж, улс төрийн тогтолцоо, даргын нэр сүрийг хамгаалах зорилготойгоор хамгийн их ашигладаг байсан. Ингээд гүтгэх, доромжлох гэдэг заалтыг 2015 оны Эрүүгийн хуулиар хассан боловч харамсалтай нь худал мэдээлэх гэдэг нэрийн дор гүтгэх гэмт хэргүүд буцаад ороод ирчихсэн юм. Гүтгэх гэмт хэргийг социализмын үед хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн гээд биччихсэн байсныг одоогийн мөрдөгдөж байгаа хуульд сэргээж оруулахдаа хуулийн этгээд гэдэг үг дотор төрийн байгууллагуудыг хавчуулчихсан. Төрийн байгууллагууд манай ажил, үүргийн нэр хүндэд халдлаа гэдэг байдлаар гомдол гаргаж иргэнтэйгээ шүүхдэлцэж гэмт хэрэгтэн болгож хувиргаад байгаа юм.

Гэтэл 1992 онд батлагдсан Үндсэн хуульд улс төрийн зохион байгуулалтын гол философи нь нэр төр гэдэг ойлголт зөвхөн иргэнд байна. Төр бол үүсмэл учраас иргэний жам ёсны эрхтэй өрсөлдөхүйц хэмжээнд байж болохгүй гэдэг зарчимтай. Товчхондоо зөвхөн хүнд байх ёстой алдар хүндийн асуудлыг хуулийн этгээд гэж төр өөртөө авч ашиглан иргэнээ шоронд хийдэг дарангуйлал тогтчихсон. Энэ байдлыг зогсоохын тулд миний боловсруулж буй хуулийн төслийн заалтад хуулийн этгээд гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй гэж бичиж байгаа. Ингэхгүй бол нэг л жишээ дурдахад Хөвсгөлд ковидын үеэр төрийн нэр хүндэд халдсан гэдгээр иргэнээ шоронд хийсэн тохиолдол гарч байсан шүү дээ. Ардчилсан улсад байж болохгүй зүйл. Тиймээс энэ мэт олон зүйлийн утга агуулга дээр ажиллаж байна. Удахгүй хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлнэ.

-УИХ, Засгийн газрынхаа аялдан дагалдагч байж болохгүй-

-УИХ өнгөрсөн долоо хоногт АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр улираан томиллоо.Хуульд зааснаар АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа шинээр байгуулагдсан парламентын наснаас урт буюу 6 жил. Улираан томилсон явдалд ямар дүгнэлт хийх вэ, энэ газарт тогтолцооны шинэчлэл хийгдэх нь зайлшгүй зүйл гэж үзэх үү?

-АТГ-ын даргыг үргэлжлүүлж ажиллуулах эсэх асуудлын санал болгох нь Ерөнхий сайдын эрх ч, шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэтэл УИХ тухайн хүнийг томилж болно, томилохгүй байж ч болно гэдэг бүрэн эрхээ ухамсарлахаас илүүтэй Ерөнхий сайд саналаараа оруулж ирсэн юм чинь гэдэг аялдан дагалдах байдлын уур амьсгал ноёлж байна лээ. Харамсалтай зүйл нь УИХ-ын гишүүд төрийн эрх барих дээд байгууллага гагцхүү хууль тогтоох эрх мэдлээ хадгална, улс орны гадаад, дотоод бүхий л асуудлаа авч хэлэлцэх бүрэн эрхтэй гэдгээ умартсан гаж хандлага ужгирсан байна л даа. УИХ гэж юу юм, хууль тогтоогч гэж хэн бэ гэдэг тэр мандатынхаа мөн чанарыг ихэнх гишүүд ойлгоогүй юм шиг байна.

Анзаарсан бол Засгийн газраа аялдан дагадаг үзэгдэл УИХ-д бий болоод нэлээд удсан байна. Ардчилсан бусад улс орны парламентын чуулганы танхимыг анзаарч харвал танхимын толгойд зөвхөн спикер буюу УИХ-ын дарга нь суудаг. Гэтэл манай УИХ-ын толгой дээр УИХ-ын даргаасаа гадна Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь сууж байна. Шууд харахад сандал суудлын жижиг зохион байгуулалтын асуудал юм шиг харагдах ч парламентыг өөрийг нь жинхэнэ парламентад ёсоор нь ажиллуулахгүй байгааг илтгэх нэг хэлбэр юм. Хүмүүс өмнө нь тэр бүр анзаардаггүй байсан байж магад.

УИХ-ын танхимд АТГ-ын дарга орж ирээд танилцуулгаа хийхдээ эрхэм УИХ-ын дарга аа, эрхэм Ерөнхий сайд аа, эрхэм УИХ-ын гишүүд ээ гэж эхэлж байгаа юм. Бусад улс оронд бол парламентад орж ирж байгаа хүн хэзээ ч парламентаас гадуурх албан тушаалыг дурддаггүй.

Манай Үндсэн хуульд УИХ бол 126 гишүүнээс бүрдэнэ гэж заасан болохоос тэнд Ерөнхий сайд гэдэг үг байхгүй. Хэн нэгэн хүн УИХ дотор орж ирчхээд парламентаас гадуурх нэр дурдаж байна гэдэг нь парламентын үнэ цэнэ, байр суурь, эрх мэдэл бол дурдаж байгаа албан тушаалтнаас хамаагүй доогуур байна гэдгийг хэлж байгаа зүйл.

Энэ мэт парламентын хүчийг сулруулж байгаа олон зүйлээс болж нийгэмд, судлаачдын дунд Монгол Улс гурван даргын улс болсон гэх яриа гарахад хүргэсэн. Сэтгүүлчид хүртэл төрийн гурван өндөрлөг гэж зохиож, өргөмжилж яриад байгаа үг хэллэг чинь нийгэмд ийм ойлголтыг лавшруулж байгаа гэсэн үг. Уг нь Монгол улс парламентын засаглал бүхий ардчилсан улс. Гэтэл өнөөдөр гурван даргын улс болчхоод байна.Түүний нэг илэрхийлэл нь УИХ-ын танхим дотор гурван сандлыг нь зэрэгцүүлж тавиад сууж байгаа.

Энгийн жишээ хэлье. Англи хаан засаглалтай улс мөртлөө нийтийн танхимд нь эзэн хаан орох эрхгүй. Германы Бундестаг зэрэг парламенттай улс орнуудад чуулганы танхимд УИХ-ын даргаас өөр хүн толгойлж суудаггүй. Тиймээс энэ зарчим өөрөө парламентын ардчиллыг бэхжүүлэхэд маш том ойлголт болох ёстой юм.

Хоёрдугаарт, Энэ сонгуулиар ч тэр Ерөнхий сайд системийн авлигын тухай асуудлыг ярьж байсан. Өөрөөр хэлбэл авлига бол хувь хүний асуудал биш. Тогтолцооны шинжтэй, зохион байгуулалттай, илүү том санхүү, илүү их эрх мэдэл, илүү том сүлжээг хамарсан үзэгдэл болж хувирсаныг хэлээд байгаа юм. Тогтолцооны авлигал байгаа улс оронд хувь хүмүүстэй зодолддоггүй. АТГ-ын даргын томилгоог УИХ-аар хэлэлцэх үед би “АТГ үсний машин шиг ажиллаж байна” гэж хэлсэн. Авлига ургах хөрс нь байгаад үржээд байхад тэр хөрсөө харж тэмцэхгүйгээр ургасан үсийг нь хяргахад зориулж л АТГ-ыг ашиглаж байна. Ийм замаар тогтолцооны авлигаас хэзээ ч салахгүй. Албан тушаал дээр очсон хүн болгон шорон руу явж болно. Энэ бол азын асуудал. Эсвэл системийн авлигын хамгийн том нөлөө бүхий эрх мэдэлтэй улстөрчдөд тал зассан, тэдний тойрог дотор орсон хүмүүсийн дабль стандарт болно л гэсэн үг. Тиймээс тогтолцооны авлигатай тэмцэх гэвэл тогтолцоог өөрчилж л тэмцэнэ.

Авлигажсан тогтолцоо байгаа бол тэр дотор газар хөдлөлт явагдах ёстой. Түүнээс биш косметик засвар хийгээд юу ч өөрчлөгдөхгүй. Газар хөдөлгөх гэдэг нь тогтолцоог нь бүхэлд нь шинэчлэх ёстой гэсэн утга.

Жишээ нь яг түрүүний бид хоёрын ярьдаг парламентын засаглалтай холбоотой асуудал шүү дээ. Үнэхээр тогтолцооны авлигыг зогсооё гэвэл эрх мэдлийг задлах ёстой. Харилцан хяналтад оруулах ёстой. Парламент Засгийн газрыг бүрэн хянах ёстой болохоос биш Ерөнхий сайд нь парламентын толгой дээр гарч суучхаад УИХ-ыг хянаж байгаа юм шиг дүр зурагтай байж болохгүй. Аль аль нь Үндсэн хуулийн дэг журмыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх байдлаар УИХ-ын танхимын толгойд байгаа Ерөнхий сайдын ширээг буулгаж, зүгээр л 126 гишүүнийхээ нэг суудалд суух ёстой. Ингэж байж сая орж ирсэн албан тушаалтнууд чуулганы танхимаас Ерөнхий сайд аа гэж ярих биш, эрхэм УИХ-ын дарга аа, эрхэм гишүүд ээ гэж ярих соёл сууна.

Харин хяналт, тэнцэл, эрх мэдэл хуваах зарчмын тухай ярихад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг зааглаж хуваахаас гадна Засгийн газар дотор байгаа эрх мэдлийг задлах ёстой. Манайд харагдаж байгаа тогтолцооны шинжтэй нэг гажуудал нь яам, агентлагийн дарга нарт хүчтэй эрх мэдэл хэт төвлөрснөөс болоод тухайн төрийн байгууллагыг удирдаж байгаа албан тушаалтныг тойрсон бүтэн авлигын систем угсрагдаж, ашиг сонирхлын тогтолцоо үүсэж байна. Түүнийг нь задалж дийлэх хүч Засгийн газарт байхгүй байна. Тиймээс хамгийн их мөнгө эргэлдэж, эрх мэдэл төвлөрч байгаа яам, агентлагийг зааглаж, харилцан хяналтад оруулах тухай асуудал юм.

Үүнээс гадна төрд байгаа их мөнгийг задалъя л гэвэл төрийн өмчит компаниудыг хувийн ААН-үүд рүү шилжүүлж, улстөрчдийн халааснаас салгаж, тэдний үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, зах зээлийн зарчмаар нь ажиллуулах ёстой. Иймэрхүү тогтолцооны зоригтой шинэтгэлүүдийг хийж байж өөрчлөлт гарна.

-Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороог ХЗБХ-ны дэргэд байгуулах ёстой-

-УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та өргөн барьчхаад байгаа. Хуулийн төсөлд хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог байгуулах тухай заалтыг нэмж бичсэн байсан. Одоо УИХ-ын АБГББХ-ны дэргэд ажилладаг Тусгай хяналтын дэд хорооноос ялгаатай тал нь юу юм бэ?

-Түрүүний бид хоёрын яриатай шууд холбоотой. Тогтолцооны авлига байгаа газар тогтолцооны шинэчлэлийг л хийх ёстой гэсэнтэй агаар нэг. Тогтолцооны шинэчлэлийн нэг чухал зүйл нь эрх мэдлийг хуваарилах болон харилцан хяналтад оруулах тухай өмнөх ярианд дурдсан. Одоо бол гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрын нууц далд аргаар мэдээлэл цуглуулдаг, хувь хүний амьдралыг дуртайгаараа онгичиж болдог мөртлөө засаглалын хувьд албадлагын хүчээр тэр хэрэгслийг олж авч байгаа байдлыг парламент хянаж чадахгүй байна. Бусдыг тагнаж, чагнаж, хувийн мэдээллийг албан хэрэгцээнд ашиглахаас илүү сэтгүүлчдэд болоод нийгмийн бусад сүлжээгээр дамжуулж хүнийг харлуулах, гүтгэх, гутаах хэлбэр рүү орж байна. Шүүх дээр очоод гэм буруутайг тогтоохоос илүү нийгэмд шившиглэх зорилгоор ашигладаг болоод хувирчихсан.

Нөгөө талд хувийн мэдээлэлд нь тулгуурлаж дарамталдаг, шантааж хийдэг, улстөрчидтэй харилцан тохиролцох гэж оролддог, эсвэл хэн нэг улстөрчид аваачиж өгөөд тэр нь өрсөлдөгчөө намнадаг гэдэг ч юм уу энэ бүхэн дандаа төрийн тэр эрх мэдлийн оролцоотой хийгдсэн мэдээллүүд. Сэтгүүлчдийн зарим нь ял аваад явж байгаа байдлыг хар л даа. Тэд өнөөдөр юугаар өрсөлддөг болсон байна вэ гэхээр гүйцэтгэх ажил гэж нэрлэгддэг гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа дотор байгаа мэдээллийг хэн түрүүлж авсан нь мундаг сэтгүүлч гэдгээрээ өрсөлддөг, сенсацаараа өөрсдийнхөө карьерыг тодорхойлдог болж хувирсан байна. Энэ бүхэн эцсийн дүндээ энэ нийгмийг хуульгүй болгож харагдуулж байгаа юм. Мэдээллийн орон зайг хамгийн их бохирдуулж, хамгийн их шуугиан тарьж түүнийгээ ПИАР-д хэн хамгийн их ашиглаж чадаж байгаа нь ялагч болдог "хаус" байдал руу түлхчихэж байгаа юм.

Энэ бүгд эцсийн дүнд нэг цэг дээр зогсох ёстой болно. Тэр нь хүний эрх, хуулийн засаглал гэсэн хоёр зүйл дээр ирээд зогсох тухай ойлголт. Үүнийг зогсоох ганц механизм нь парламентын хяналт. Хууль тогтоогч хүний эрхийн хамгаалалт, хуулийн биелэлтэд хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өнгөрсөн 30 гаруй жил парламент энэ чиг үүргээ огт хэрэгжүүлээгүй.

УИХ дахь АБГББХ-ны дэргэд Тусгай хяналтын дэд хороо гэж бий. Тус дэд хороо аюулгүй байдал талаас асуудлаа харж байна. Гэтэл хүний эрх, хуулийн засаглал талаас харах цонх тэнд хаалттай. Тиймээс үүнийг заавал бие болгох ёстой. Хуулийн төсөлд бичсэн Тусгай хяналтын дэд хороог Хууль зүйн байнгын хорооны эрх хэмжээний хүрээнд байгуулах ёстой. Энэ хоёр хорооны ялгарах зүйл нь хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх үйл ажиллагаа дахь тусгай хяналтыг хэрэгжүүлэх ёстой. Тэнд хуулийн биелэлт хангагдаж байх ёстой юм.

Ярианы эхэнд бид хоёрын хөндсөн Засгийн газраас өргөн барьсан ЭХХШТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгасан байсан эрүү шүүлттэй холбоотой хэсэг ч багтана. Гүйцэтгэх ажил гэдэг нэрийн дор эрүү шүүлт хавтгайрсан байна. Харамсалтай жишээ сөхөхөд өнгөрсөн намар 21 настай залуу эрүү шүүлтэд өртсөн асуудлаараа гомдол гаргасан байхдаа цагдан хоригдож, эмнэлгийн орон дээр гавтайгаа нас барсан шүү дээ. Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед асуудал хаана байна гэдгийг хууль тогтоогч мэддэг байх ёстой. Ингэж байж хууль боловсронгуй болно. Хуулийн биелэлтийг үнэлж байгаа газар асуудлаа шийдэрлэж чадна. УИХ-ын гишүүн Ц.Лувсанжамцын хэлээд байгаа зарчим үнэн. Юу болж байгааг бодитоор мэдэж, үнэлж чадахгүй байгаа төр асуудлаа хэзээ ч оновчтой, зөв шийдэж чадахгүй. Яг юу болоод байгааг бодитоор үнэлж, хэмжих нийгмийн шаардлага байна. Тиймээс Тусгай хяналтын дэд хороо хууль тогтоох байгууллагын нүд, чихийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

-УИХ дахь АБГББХ-ны дэргэд байгаа Тусгай хяналтын дэд хорооны ажлыг та юу гэж харж байгаа вэ? Оны өмнө уг хороонд Д.Ганбат гишүүн та хоёр гишүүнээр орох гэж байсан ч таны оронд О.Амгаланбаатар гишүүний нэрийг оруулсан байсан. Их л шүүмжлэлтэй байр суурь илэрхийлээд хурлыг орхиод гарсан. Парламентын үйл ажиллагаа шударга зарчмаар явж чадахгүй байгаагийн нэг жишээ гэж харж болох уу?

-Өмнөх түүхүүдийг хараад үзээрэй. Тусгай хяналтын дэд хороо юу хийж байсан юм. Жилдээ цөөхөн хуралддаг. Шийдэж байгаа ганц асуудал нь төсөв хэлэлцэх явцад гүйцэтгэх ажлын зардал мөнгийг хаалттай хэлэлцээд төсөв биелүүлдэг л чиг үүрэгтэй болоод хувирчихсан. Гадагшаа өөр чиг үүрэг огт хэрэгжүүлдэггүй мухар олгой шиг систем энд үйлчлээд байгаа юм.

Энэ мухар олгой шиг системийг хүлээгээд суух биш хүний эрх, хуулийн асуудлыг Хууль зүйн байнгын хороо дээр хэлэлцэж л байгаа юм бол түүний дэргэд Тусгай хяналтын дэд хороо байгуулахаас өөр аргагүй.

АБГББХ дээр тагнуулын болон цэрэг армийн үйл ажиллагаатай холбоотой гүйцэтгэх ажлыг хэлэлцдэг. Яг үнэндээ гүйцэтгэх ажил гэдэг хуультай орон дэлхийд манайхаас өөр байхгүй. Нэг бол тагнуулын үйл ажиллагаа гэж бий. Өөр нэг нь мөрдөн шалгах нууц ажиллагаа буюу шүүхийн зөвшөөрөлтэй мөрдөн шалгах ажиллагаа л гэж бий. Товчхондоо гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол Хууль сахиулах ажиллагааны дэд хороог байгуулах, Аюулгүй байдлыг хангах гэж байгаа бол АБГББХ дээр байгуулагдсан Тусгай хяналтын дэд хорооны эрхлэх асуудал болох ёстой. Бид ядаж энэ заагуудаа хүртэл гаргаж ажиллах хэрэгтэй байгаа юм.

Манай төрийн бүх түвшинд чиг үүрэг нь оновчлогдоогүй байна. Зүгээр л урсгалаараа яваад даргын эрх мэдэлд эсвэл хэсэг хүмүүст хувьчлаад өгчихсөн албан тушаал шиг болоод хувирсан болохоос биш энэ чиг үүрэг нь юу хийх гэж байгаа юм, ард нь юу хожих гэж байгаа юм, нийгмийн нөхцөл байдал яаж дээшилж, иргэдийн амьжиргаа ямар түвшинд очих гээд байгаа юм гэдэг тэр үндсэн зорилго руугаа алхдаг оновчлол байхгүй байна. Дээр нь тэр чиг үүргүүдийг хэрэгжүүлэх процесс нь зөв загварчлагдаагүй байна. Зүгээр л даргын үзэмжээр асуудал шийдэгддэг болчихсон. Сүүлийн үед хуулиас давсан журмууд, захиргааны хэм, хэмжээ тогтоосон актуудыг цэгцлэх тухай их ярьдаг болж.

-ХЗДХ-ийн сайд цагдааг хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж, нийгэмд юу болох нь хамаагүй гэж асуудалд хандаж болохгүй-

-“Ноорог” медиагийн залуучууд хуулийн байгууллагаар шалгуулсан асуудал нийгэмд хүний эрх талаасаа нэлээд том сэдэв болж, цагдаагийн байгууллага ч багагүй шүүмжлэлд өртсөн. Салбарын сайд нь хүртэл гарч ирээд зарим нэг нууцад хамаарах мэдээллийг хүртэл задалж ярьсан. Өрнөсөн процессуудыг та хувьдаа юу гэж харж байна?

-Гурван зүйл байна. Нэгдүгээрт, хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг социализмын энэ хандлага одоо хүртэл салахгүй байгаа юм. Ямар ч хамаагүй нэг сэжүүр олж аваад цааш ухаж байгаад төгсгөлд нь тэлээний хэргээр ч хамаагүй шоронд явуулчихдаг хуулийн хүний эрхийн мэдрэмжгүй, хуулийн засаглалын зарчимгүй тогтолцоо амь бөх оршсоор байгаа гэдгийг маш тод харуулсан.

Хоёрдугаарт, улс төрийн захиа даалгавраар хуулийн байгууллага ажилладаг гэдгийн бас нэг тод жишээ болсон.

Хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү орж байгаа гэдгийг илтгэх зүйл нь хэдийгээр өөр зүйл ярьж тайлбарлаад байгаа ч хамгийн чухал ажлын хэрэгслүүдийг нь олж хурааж авч байгаа байдал, эхний үед тэднээс өмгөөлөгчгүйгээр асууж байгаа байдал, айлган сүрдүүлэх гэж оролдож байгаа зэргийг харахаар ерөөс захиа даалгавар биелүүлж байгаа гэдэг нь тод харагдаж байгаа юм.

Гуравдугаарт, Ер нь манай үе үеийн Хууль зүйн сайд нар хууль зүйн гэхээс илүү дандаа дотоод хэргийн асуудалдаа түлхүү анхаарч ажиллаж ирсэн гэдгийг маш тодорхой харуулж өгсөн. Зүгээр л цагдааг хамгаалагчийн үүргийг гүйцэтгээд байгаа болохоос биш нөгөө үндсэн хууль зүйн сайдын чиг үүрэг байхгүй болчихсон байна. Тэгэхээр дотоод хэргийг, хууль зүйтэй хавсарч нэг хүний эрхлэх асуудалд оруулснаар аль нэг чиг үүрэг нь хаягддаг байдал руу оруулаад байгаа юм л даа. Засгийн газрын хүний эрхийг хамгаалах, хуулийн чиг үүргийг хангуулах гол ажил нь тэр яамных бол нөгөө талдаа өөрийнхөө доор байгаа дотоод хэргийн үйл ажиллагааг өөрөө л цээжээрээ хамгаалж, цаадуулдаа баатар болж харагдаж байвал нийгэмд юу болох нь хамаагүй гэдэг үзэгдэл бүх үеийн сайд нарын үйлдлээс харагдаж байна шүү дээ.

Саяын хэлсэн гурван өнцгөөс харахад хуулийн систем бүхэлдээ хоцрогдсон, Сталинч байдлаасаа салаагүй юм байна. Хоёрт, улс төрийн захиа даалгавраар ажилладаг нь хэвээр юм байна. Гуравт, дотоод зохион байгуулалтын чиг үүрэг нь оновчтой тодорхойлогдоогүй буюу ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаж байна.

Эдгээрээс гадна нийгэм бол дуугүй байхгүй юм байна гэдэг нь маш сайн анзаарагдсан. Айлгаж ичээх гэсэн зүйлийн эсрэг сөрж зогсох, алдах юм байгаа ч гэсэн шударга үнэний төлөө сөрж зогсох зоригтой байх хандлага бий болчихсон байна. Сэтгэл хөдлөлөөр нийгэм удирдахаас илүүтэй бодит байдалд эрүүл ухаанаар хандах давлагаа босож байгаа юм байна гэдэг нь харагдаж байлаа.

-Авлигатай тэмцэх нь ухаан шаарддаг ажил болохоос нэг поп хууль гаргаж ирээд ялааны алуур шиг сэвээд явахыг хэлэхгүй-

-ХЗДХЯ-ны чиг үүрэг, сайдын үйл ажиллагаатай холбоотой асуудал хөндөгдсөн дээр нэмж асуухад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг хэр бодитой санаачилга гэж харж байгаа вэ? Зарим гишүүд Эрүүгийн хуульд байдаг зохицуулалтыг шаардлагатай бол сайжруулаад явах нь зөв гэж хараад байна шүү дээ?

-Хуулийн төсөлтэй нарийвчлан танилцаагүй байна. Урьдчилсан байдлаар хүмүүсийн дунд гарч байгаа яриануудаас хэд хэдэн өнцгийг харж байна. Мэдээж болгоомжилж байгаа хүмүүсийн дунд яригдаж байгаа нэг гол үндэслэл нь 2015 онд миний батлуулсан Эрүүгийн хуульд хасагдсан байсан социализмын үеийн хөрөнгө хураах ял буцаж сэргэж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол зарим хүмүүсийн дунд байгаа юм билээ. Социализмын үед үйлчилдэг байсан шийтгэл нь гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгийг хураахаас гадна гэмт хэргийн бус цаана байгаа хөрөнгийг ч хариуцлага байдлаар хураадаг ял юм. Энэ удаагийнх арай ч тийм хууль биш байх гэж найдаж байна.

Өөр нэг өнцөг нь хэрэв үндэслэлгүй хөрөнгөжсөн бол түүнийг нь хураах тухай ярьж байгаа бол угаас 2012 онд баталсан Эрүүгийн хуульд үндэслэлгүй хөрөнгөжих заалтыг оруулж ирсэн хүн нь би өөрөө юм. Тухайн үед энэ заалтыг оруулахдаа хангалттай их судалгаа, гадаад, дотоодын шинжээчдийн дүгнэлтэд тулгуурлаж оруулж ирсэн. Энэ бол авлигатай тэмцэх томоохон механизм. Энэ бол ял наймаалцдаг гэмт хэргийн нэг хэсэг. Нэг албан тушаалтны эд хөрөнгө дотор эргэлзээтэй хөрөнгө гарч ирэхэд түүнийгээ нотолж чадахгүй байгаа тохиолдолд авлигын ямар нэг сүлжээгээр олсон байна гэж үзэж, тэр нь нотлогдвол 5-10 жил хорих ялтай.

Хэрэв өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрвөл тухайн хөрөнгийг хурааж аваад, нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж, заавал шоронд оруулах шаардлагагүй гэж тохиролцдог буюу ял наймаалцдаг гэмт хэрэг нь үндэслэлгүй хөрөнгөжих асуудал юм. Учир нь тухайн хугацааны мөрдөгчдийн цалин, унаа, хэрэгслээс авхуулаад хугацаа, зардал их шаардагддаг учраас үүнийг нь хөнгөвчилж байгаа нэг хэлбэр. Орчин үед бол ийм авлигач нөхдүүдийг төрд байлгахгүй гэдэг нэгдүгээр зорилго энэ заалтад багтдаг. Нийтийн албанаас зайлуулах зорилго.

Хоёрдугаар зорилго нь хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах явдал. Гуравдугаар зорилго нь тэр хүнийг шийтгэх. Тиймээс эдгээр зорилгуудын дэс дараа зөв байж авлигатай үр дүнтэй тэмцэнэ. Манайд болохоор хүнээ шийтгэх нь нэгдүгээр зорилго болчихсон. Хүнээ явуулсан ч гэсэн хөрөнгө нь энэ тэнд тараад үлдчихдэг. Эсвэл шийтгүүлж ирчхээд буцаад ажилдаа орчихдог. Энэ дараалал нь авлигатай тэмцэх тэмцлийг байхгүй болгочхож байгаа юм. Энэ байдлыг засахын тулд үндэслэлгүй хөрөнгөжих гэдгийн хөрөнгө хураахтай холбоотой зохицуулалтыг илүү боловсронгуй болгох гэж байгаа юм болов уу, сайн мэдэхгүй байна. Хэрэв тийм агуулгаар хийж байгаа бол нэг зарчим бий. Авлигын гэмт хэрэг нь үндсэн гэмт хэрэг. Үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь хүнтэй нь наймаалцдаг учраас ял нь хорихоос бусад төрлийн ял байдаг. Үүнээс хөнгөн байж л тохиролцоонд хүрч чадна.

Та бүхэн анзаарсан бол авлигын гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, асуудлаа шийдүүлээд ялаа хялбаршуулсан хүмүүс хэзээ ч буцаж заргалддаггүй. Харин эсрэгээрээ гурван шатны шүүхээр явсан хүмүүс эцэстээ би хэлмэгдсэн, улс төрийн захиа даалгавраар намайг ингэлээ гэж яриад явж байгаа.

Авлигатай тэмцэнэ гэдэг ухаан зардаг ажил болохоос биш муйхар хүчээр нэг том байгууллагад лантуу бариулаад харсан бүхнээ балбаад явахыг авлигатай тэмцэх гэж хэлдэггүй юм.

Эсвэл нэг поп хууль гаргаж ирээд бүх хөрөнгийг нь хурааж авна гээд ялааны алуур шиг юм сэвээд байвал авлигатай үр дүнтэй тэмцэж чадахгүй. Тэгэхээр яг аль нь юм гэдгийг мэдэхгүй байна.

Зөвхөн мөнгө угаах гэмт хэрэгт хэрэглэдэг Америкийн нэг туршлага бий. Чи хэн нэгний мөнгөө угааж, цэвэрлэх зорилгыг гүйцээж банкны дансаа өгч ашиглуулсан бол өөрийнх нь шударгаар олж авсан дансан дахь хувийн мөнгийг чинь ч мөн хураан гэсэн зарчим үйлчилдэг. Энэ хувилбарыг оруулж ирэх гэж байгаа юм болов уу, мэдэхгүй юм. Эдгээрээс өөрөөр бол хөрөнгө хураах хамгийн сайн жишиг энэ дэлхий дээр байхгүй.

-Дав.Цогтбаатар гишүүнийг хэрхэх асуудал Үндсэн хуулийн түвшний маргаан руу хөтөлж магадгүй-

-Ярилцлагын төгсөлд УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатартай холбоотой тодруулж асууя. УДШ-ээс гаргасан шийдвэртэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдсан тухай танай намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлж байсан. Ажлын хэсгийг та ахалж байгаа юм билээ. Дээд шүүх нэгэнт шийдвэрээ гаргаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэвээр үлдээчихсэн шүү дээ. Хуулийн ямар гаргалгаа байна гэж харж байгаа юм бэ?

-Одоогоор бол Үндсэн хуулийн болон органик гэж ярьдаг суурь хуулиудын түвшинд зөрчил байна. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахад “уул гишүүн нь” гэсэн үг байна.

“Уул гишүүн” гэдэг нь гишүүн байхдаа хэрэгт холбогдоод эрх нь түдгэлзэх асуудал гарч ирсэн үед шийдвэрлэх тухай яриа байна.

Түүнээс өөрөөр аль нэг гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой заалт байхгүй. Монгол Улсын цагаан цаасан дээр хараар бичсэн Үндсэн хууль дотор энэ зохицуулалт байхгүй байна гэсэн үг. Тиймээс бид нөхцөл байдлыг хууль зүйн хувьд яаж ойлгох гэдэгт нэлээд асуудал байна. Энэ агуулгад үндэслэж л ажлын хэсэг байгуулагдсан. Түүнээс биш Дээд шүүхийн шийдвэрийг шүүн хэлэлцэх тухай биш. УИХ яаж ажиллах тухай ч биш. Гагцхүү Үндсэн хуулийн энэ заалт ямар агуулгатай юм бэ гэдэгт төвлөрч ажиллаж байгаа.

Үндсэн хуулийг тогтоогч буюу 1992 оны хуулийг батлалцсан маш олон гишүүдийн яриа гарч байгаа. Тэд энэ Үндсэн хууль дотор шалдан нэг л заалт байна. Уул гишүүнийг эргүүлэн татах асуудлаар УИХ шийдвэр гаргана гээд биччихэж. “Уул гишүүн” гэдэг ойлголт нь бүрэн эрхийг нь УИХ түдгэлзүүлэх агуулгыг илтгэж буй. Тиймээс урд процесс нь огт байхгүй хүн дээр энэ заалтыг яаж хэрэглэх юм бэ гэдэгт яах аргагүй маргаан үүснэ гэж байгаа юм.

-Одоо тэгэхээр мухардчихаад байгаа юм биш үү?

-Ер нь жаахан мухар байна. Магадгүй Үндсэн хуулийн түвшний маргаан болж ч магадгүй.

Ярилцсанд баярлалаа

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
 
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!