ХӨРӨГ: Амьдрал аа, би аясаар чинь явахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
18 минут 52 секунд

1993 оны арваннэгдүгээр сар. Хятадын Ханжоу хот. Дэлхийн нөлөө бүхий эрдэмтэд цугларч, чансаагаа дархлахын төлөөх нэг ёсны оюуны тулаан хийж байв. Энэ үед хэний ч нүдэнд тороогүй дуу цөөтэй, ази залуугийн судалгаа их гүрний эрдэмтдийн анхаарлын төв болов. Залуу хүүгийн судалгааг Францын Реймзын их сургуулийн профессор, тухайн үедээ хүлээн зөвшөөрөгдсөн нэр нөлөө бүхий эрдэмтэн М.Майнгует няцааж байлаа. Хүч тэнцвэргүй энэ маргаанд мэдээж ихэнх нь профессорын талд. Нэг жижигхэн монгол залуу дэлхийд нөлөөтэй эрдэмтнээс давсан сэтгэхүйтэй байх юм гэж хэн ч гэж санаагүй хэрэг. Эцэст нь өөрийнхөө судалгааг баталж, их гүрний эрдэмтдийг буулгаж авсан тэр залуухан ази эрдэмтэн одоо миний өмнө асрамжын газрынхаа давчуу өрөөний цонхоор ширтэж сууна.

Түүнийг Бууралын Лувсандэндэв гэдэг. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул. Сартуул хүн. Буурал хэмээх эгэл малчин эмэгтэйн анхны хүүхэд болж мэндэлсэн 1957 оны тэр өвлөөс хойш 69 жил өнгөрчээ. Мандаж, гундаж, бадарч, бутарч туулсан 69 жилийн дараа тэр одоо энд байна. Цагтаа Украйны Харьковийн их сургуулийг онц дүнтэй төгсөж, хорин хэдхэн настайдаа дэлхийн луухар эрдэмтдийг буулгаж авч явсан энэ эр асрамжийн газрын гэрэл муутай бүүдгэр өрөөний цонхоор 3 дахь хавраа үзэж суугаа нь энэ. Уг нь тэр шинжлэх ухааны салбарт ёстой л цагаан барс явсан хүнсэн. Амьдрал гэдэг шоглоомтой, хувь заяа гэдэг хуйсагнуур ажээ.

1962 он. Б.Лувсандэндэв зургаан настай. Ээж, дүү, нас өндөр эмээгийнхээ хамт аж төрдөг. Дэрсхэн хоёр хүүхэдтэй, настай ээжийгээ асардаг ганц бие хөдөөгийн бүсгүйд амьдрал хүнд. Цаг үе ч хавчуухан. Түшиж тулах ганц дүү нь Улаанбаатарт оюутан. Нэг л өглөө босоод нэг гартаа зургаан настай хүүгээ, нөгөө гартаа дөрвөн настай охиноо хөтлөөд, ээжийгээ дагуулаад сураг төдий мэдэх Улаанбаатарыг зориод замын машинд суух зориг түүний ээжээс гарсан аж. Амьдралыг аясаар нь туулахгүй. Аргадаж ч барахгүй гээд залуухан ээж сэтгэл шулуудсан нь энэ байж. Лууяа ингэж л анх ээжийгээ дагаж нутгаасаа гарсан.

Шүүрс алдам инээд гэж бий

Лууяа гуай инээх нь цөөрөөд удаж буй. Одоо тэр хоёр л тохиолдолд эв хавгүй ч гэлээ чин үнэнээсээ инээмсэглэж чаддаг. Ээжийгээ дурсахдаа, нагацаа ярихдаа. Сурагч Лууяагийн ганц үлгэр дуурайлал нь нагац ах А.Хашбаатар нь байлаа. Бидний мэдэх Монгол Улсын гавьяат багш, математикийн А.Хашбаатар. Ах шигээ багш болохыг, ах шигээ цүнхтэй болохыг, ах шигээ өндөр болохыг л жаахан Лууяа мөрөөднө. Магад тэр мөрөөдөл нь түүнийг шинжлэх ухааны зүг хөтөлсөн ч байж болох. Одоогоос яг нэгэн жарны өмнө, нагац ахыгаа дагаад морь аргамжихаар явсан зуны үдшийг Лууяа гуай яг л өчигдөр болсон мэт дүрслэн ярина. “Их сайхан агь үнэртсэн орой юм. Би таван настай. Ах минь нэг муу даалимбан тэрлэгтэй. Тэрнийх нь хормойноос тас зуурчихна. Алхааг нь гүйцэхгүй шогшоод. Элдэв янзын л юм шалгаана. Тэгээд ахыг морио аргамжиж байхад нь би аргамжааны гадаснаас энэ морь хэчнээн радиуст идээлж болохыг нь тооцоод, ахад харуулах гээд тойрог үүсгэн гүйхэд ах минь их л олзуурхаж, толгойг минь илж байсыг би одоо ч санадаг юм” хэмээгээд инээмсэглэнэ. Инээж байгаа ч яагаад ч юм уйлах шиг санагдав. Инээмсэглэлээр шүүрс алдалтыг илэрхийлж болдог байх нь ээ. Инээдээр харууслыг илтгэж бас болдог юм байна. Ингэж л бодогдов.

Харьковт мандсан 6 жил

1976 он. Лууяа 18 нас хүрчээ. Амьдралдаа ганцхан удаа өөрийгөө тоосон үе минь гэж тэр энэ үеийг тодорхойлдог.

Лууяа багадаа ээжийгээ их амраасай, бага ажиллаасай гэж л их хүсдэг байж. Гэхдээ амьдрал тийм боломж олгохгүй. “Ээж минь дүү бид хоёрыг л хүний зэрэгт хүргэх гэж нуруугаа бөгтийтөл шал угаасан” хэмээнэ. Өдөржин цэвэрлэгээ хийгээд орж ирэх туниа муутай ээжийгээ хараад Лууяа “онц л сурах ёстой” гэж өөртөө сануулна. Тэр онц сурсаан. Бүр гайхагдсан толгой сайтай хүүхэд байж. “Нийслэлийн 2-р сургуулийг онц дүнтэй төгсөж, Украйны Харьковын их сургуульд орох болж, ээжийгээ нэг гийгүүлж билээ” гэнэ. Энэ бол түүний амьдралдаа ганцхан удаа өөрийгөө тоосон хэмээн тодорхойлж буй цаг үе.

18-тай Лууяа Украйныг зорилоо. Ёстой нэг мандсан зургаан жил түүнийг тэнд хүлээж байж. Еврей, Франц, Герман, Орос оюутнуудтай нэг анги. Еврей оюутнууд толгой сайтайгаараа гайхагддаг байсан Харьковын их сургуульд жижигхэн монгол хүү очоод толгой цохиж гэнэ. Ангийнхан дундаа биеэр жижиг, онц сурдаг, цор ганц ази. Түүнийг Хавьковийн их сургуульд танихгүй багш, мэдэхгүй оюутан ховор. Онц сурдагийг нь ашиг харж орон орны оюутнууд түүнийг бүчнэ. Тэнд ёстой од болон гялалзаж байсан гэдэг.

Амралтын өдрөөр гэртээ хариад ирсэн Украйн найзууд нь 3 литрийн самгон гэх үндэсний архиа авчирч, өрөөгөөрөө нэг найрлацгаана. Орон орныхоо хэлээр дуулалдана. Дунд хавьцаа нь муудалцана. Толгой толгойгоо нийлүүлээд уйлж суух өдөр ч тэр дунд бий. Орчлонгийн найман зүгээс цуглаж, нөхөрлөж, өрсөлдөж, дуулалдаж явсан хонгор насны шаргал үст нөхөд нь энэ дэлхийн альхан зүгт явдаг бол. Харьковийн их сургуульд мандаж явсан Лууяаг одоо ч бас мандаж яваа гэж боддог болов уу.

Аясаар гэлдэрсэн жилүүд

1982 он. Бууралын Лувсандэндэв Украйны Харьковын их сургуулийн Механик математикийн ангийг онц дүнтэй төгсөв. Харьковын их сургуулийн онц төгсөгчдийн самбарт түүний орь залуу оюутан үеийн инээж даруулсан зураг нь магад одоо ч бий биз. Зургаан жил нөхөрлөж, жаргал зовлонгоо хуваан ижилсэж дассан нөхөдтэйгээ Днепр мөрний эрэгт нэгэн шөнийг дуулалдан үдээд Лууяа хүү эх орондоо эргэж ирлээ. 1980-аад оны эхэн үеийн социалист Монгол Улс. Механик математик гэдгийг машин техник судалсан гэж ойлгож байсан тийм л цаг үе. Лууяа нагац ах шигээ их сургуулийн багш болох багын мөрөөдөл нь хэвээрээ байв. Тэр МУИС-д нагац ахтайгаа цуг багшилна хэмээн бодож ирсэн. Гэхдээ түүнийг Дарханы Политехникийн коллежид механикийн багшаар томилов. Ингээд математикийн ухааны судлаач, эрдэмтэн Лууяа коллежийн хүүхдүүдэд онолын механик заах болов. Энэ бол анагаах эрдмийг гаргууд эзэмшсэн эмчээр ариун цэврийн зааварлагч хийлгэж байгаатай агаар нэгэн томилолт байв. Гэхдээ тэр эндээс мандах үед нь ч , гундах үед нь хамгийн их түшиг болж явах анхны шавь нартайгаа учирсан юм. Хорин хэдтэй шинэхэн багш, 16-тай анхны шавь нар. “Ламжавын Энхсайхан, Дарамрагчаагийн Туяа. Тэд намайг амьдралын ёроолд шигдчихсэн үед ч орхиогүй юм. Энхээ намайг энд авчирсан. Тэгээгүй бол би хаа нэгтээ цааш харчихсан байх биз. Одоо намайг гэж ийшээ зорьж ирэх хүн шавь нар минь л байна” гэж Лууяа гуай ярина. Багшийндаа цуглаад цуйван сэгсэрч, Украйны тухай шимтэн сонсож, дэлхийн тал бүрээс цугласан залуус тэнд хэрхэн нөхөрлөж, хэрхэн өрсөлдөж байсныг сонирхож, хааяа охид ярьж, хайрын зөвлөгөө хүртэл авдаг томоогүй шавь нар нь одоо түүнтэй л ижил өвөө, эмээ болцгоожээ.

Бужигнасан нэг жил харвасан сум шиг өнгөрч, Лууяа багш Улаанбаатарт шилжих болов. Тэр Полийн дээдэд багшаар орлоо. Түүний мэргэшсэн механик математик биш дахиад л машин техник заах болов. Механик математик гэдгийг тэр үед ингэж л ойлгож байж. Анагаахын онц төгсөгчийг сумын эмнэлэгт ариун цэврийн зааварлагч хийлгэж байгаад, хотын эмнэлэгт шилжүүлсэнтэй л адилхан юм болов. Судалж боловсруулах, олж нээх хүсэлдээ хөтлөгдсөн залуу судлаач, хүлээтэй мэт мэт хоёр жилийг Политеникийн дээд сургуульд арай ядан өнгөрөөв.

"Ингэж аясаар нь гэлдэрч болохгүй юм байна. Харийн нутагт өнгөрүүлсэн зургаан жилийн зүтгэл, олж авсан мэдлэг минь хамхууль мэт хийсэх юм байна". Нэг л өглөө тэр ажил руугаа алхаж явахдаа ингэж бодоод, механикийн багшийн ажлаа хүлээлгэж өглөө.

Нэрт физикч, академич Н.Содном гуай тэгэхэд МУИС-ийн тэнхимийн эрхлэгч байв. Лууяа түүн дээр очиж учир байдлаа тайлбарласан ч "Манайд цаг байхгүй" гээд буцаав. Амьдралыг аясаар нь туулахгүй гэж "томроод" ажлаа өгчихсөн. Түүний бодож, мөрөөдөж байгааг ойлгох хүн байхгүй. Эзэмшсэн мэргэжлийнх нь ач холбогдлыг мэдэх хүн ч олдохгүй. Ингэж хэсэг "лааз өшиглөсөн" Лууяа тухайн үед Цаг уурын дарга байсан , МУ-ын анхны Байгаль орчны сайд, гавьяат Замбын Батжаргал гуайд хандаж гэнэ. Тэр үед Лууяагийн мэдлэгийг хэрхэн ашиглаж болохыг ойлгосон цор ганц хүн нь тэр байлаа.

Цаг уурын байгууллагад өнгөрүүлсэн 10 жил түүний амьдралын хамгийн бүтээлч он жилүүд байлаа. Тэр энд мөнөөх дэлхийн нэрт эрдэмтнийг буулгаж авч, олны нүдийг орой дээр нь гаргасан эрдэм шинжилгээний бүтээлээ бичсэн. Мөн Улаанбаатарын утаа, агаарын бохирдлын математик загварчиллыг гаргаж, энэ ажлаараа 1990 онд, 33 насандаа докторын болзолыг хангаж байв.

Агаарын бохирдлыг хэрхэн шийдэх тухай, бохир агаарыг хэрхэн сарниулж болох аргачлалыг одоогоос 35 жилийн өмнө энэ хүн олж нээсэн аж. Харамсалтай нь Улаанбаатарын утаа асуудал болж эхлэх үед Лууяагийн нээлтийг санах нь бүү хэл өөрийг нь санах хүн ч цөөхөн болсон байлаа. Цагаасаа түрүүлж сэтгэж, цагаасаа түрүүлж төрснийх нь хясал гэмээр...

Түүний чадвар, боловсролыг Монгол Улс ашиглаж чадсан бол хэмээн харамсах хүмүүс бас бий. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МУ-ын усны зөвлөх инженер, техникийн ухааны доктор Ц.Сосорбарам гуай "Нил орчны механикч, агаарын бохирдлын сарнилтыг загварчилсан физматын ганц тасархай доктор Монголд бий. Тэр одоо группт хэвтэж байдаг. Амтай бүхэн агаарын бохирдол ярьж байхад тийм хүнийг ашиглахгүй, халамжлахгүй нийгмийн эмзэг давхар болгон хаясан байдаг. Тэр дурак төрийн гурван өндөрлөгөөс лав 100 дахин өндөр боловсролтой, чадвартай. Магадгүй Улаанбаатарын хамгийн өндөр айкүтай хүн байх. Агаар1.2.3 загвар гаргаж нэвтрүүлсэн. Надтай нэг өрөөнд 4 жил суусан. Физматын доктор. 7 дээд сургуульд багшилсан" хэмээн бичиж байв. Гэхдээ л хэн ч тоогоогүй өнөөдрийг хүрсэн. "Тэнэгүүд тэнгэрт гарч, ухаантнууд уланд хүрэхэд улс орон мөхнө". Энэ үг магадгүй олон арван Лууяануудад харамссан ардын үг бололтой.

Тэр ингэж гундсан

Харьковын их сургуулийн "гавал" оюутан Лууяа архийг хүндэтгэл, талархсан сэтгэлийн илэрхийлэл гэж боддог байв. Тийм ч учраас хичээлээ хийлгэснийхээ хариу болгож өгсөн архийг инээж, наргиж суугаад л хуваагаад уучихна. Онц сурдагийг нь ашиг харж наалдах оюутан ч олон. Тэр бүрийн тоогоор Лууяад ирэх архин шагнал тасрахгүй. Талархал гэж бодсон архи хожим амьдралыг нь "залгиж" орхих юм гэж санаагүй хэрэг. Архи түүнээс залуу насыг нь, мөрөөдлийг нь, хайр сэтгэлийг нь, гэр бүлийг нь, амжилтыг нь, нэр төрийг нь булаасан. Хариуд нь харин гэмшил, ганцаардал, гутрал, гэрэл гэгээгүй харанхуй өдрүүдийг өгсөн. Эцэст нь тэргэнцэрээр хөл хийж, цус харвалтын зовлонг туулж, сахарын өвчинтэй болж, орь ганцаар үлдсэн. Архи түүнээс бүхнийг нь булаасан. Хааяа тэр шавь Энхээгээ очиход сэтгэлээ уудална. "Уухгүйгээр амьдарч чадна гэдгээ арай эрт ойлгосон бол" хэмээн харуусна. Харуусаж, багтарч, тэсгэл алдахдаа дэмий л ингэж ярина. Гэвч нэгэнт эргүүлэх аргагүйгээр үүрд урсан өнгөрсөн цаг хугацааг яалтай. Сархад гэдэг савнаасаа бусдыг залгидаг л гэдэг...

Амьдрал түүнийг ахин дахин "шавхуурдав"

Цагтаа түүнд бүх зүйл байсан. Ээж нь сэрүүн тунгалаг, гэр бүл нь элэг бүтэн. Бусдын адил үр хүүхэдтэй, мөрөөдөл зорилготой, ирээдүй нь гэрэл гэгээтэй. Түүнд ч бас хайрлаж дурлаж явсан өдрүүд бий. Эх орондоо ирмэгц тэр анхны хайртайгаа учирч айл гэр болов. Анхны хүүхдээ төрүүлж, жаргал халгисан өдрүүдийг тэд хамт үдсэн. Даанч тэр гэрэлт өдрүүд тийм богинохон байх юм гэж хэн нь ч санаагүй. Тэд хүүхдээ алдав. Энэ хагацал тэдний биенээ гэх хайрыг хүртэл хүүтэй нь хамт авчихсан мэт сэтгэл нь хоосров. Хоосорсон сэтгэл, хоосорсон гэр орон. Нулимс харуусалд живсэн харанхуй өдрүүдэд тэд бууж өгч, хоёр тийш боллоо. Орчлон дээр орь ганцаар үлдсэн мэт тэр их хоосорлыг үнэндээ архиар л давж байв. Цаг хугацаа өнгөрч, тэр УБДС-д багшилж байхдаа дахин гэрлэв. Хөөрхөн охинтой ч болж, цагийн эрхээр сэтгэлийн шарх нь ч аньж байлаа. Гэвч охиных нь ээж гэнэт л бөө болно гээд, ааш авир нь хувирч эхлэв. Мэдээж эрдэмтэн хүн учраас эхнэрээ бөө болно хэмээн хавийн хүн цуглууж, элдэв зан үйл хийхэд дургүй байлаа. Ингэж зөрчилдсөөр эцэст нь тэд мөн л хоёр тийш болохоор шийдэж, охиноо ээжид нь үлдээгээд зам замаа хөөж. Дахиад нэг хагацал. Дахиад л ганцаардал, гутрал, бас архи.

Удалгүй амьдрал түүнийг дахин нэг шавхуурдаж, ээжийгээ алдлаа. Энэ удаа архи, амьдрал хоёр түүнийг дахин босох тэнхэлгүйгээр бүр мөсөн дарж авчээ. Ээжийгээ нутаглуулж ирснээс хойш түүнд эрүүл байсан өдөр ховор. Ажилгүй болж, гэр оронгүй үлдэж, найз нөхөд нь дайжиж түүнд архинаас өөр хань бараа үлдээгүй. Бүтэн амьсгалах ч чөлөө олгоогүй олон хүнд давааны ард эрүүл ухаанаар гарах тэнхэл түүнд үлдээгүй байлаа. Ингэж л тэр амьдралыг ёроолд нь хүртэл "унаж" үзсэн юм.

Цагтаа тэр цагаан барс явлаа. Цагтаа тэр Монголыг биш ази тивийг төлөөлж явлаа. Амьдрал гэдэг хоржоонтой, хувь заяа гэдэг хуйсагнуур аж.

Түүнийг Бууралын Лувсандэндэв гэдэг. Мандаж, гундаж, бадарч, бутарч туулсан 69 жилийн дараа тэр энд байна. Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төв буюу ахмадын асрамжийн газар одоо түүний гэр орон. Үлдсэн амьдралаа энэ газарт өнгөрөөхөөр, жил жилийн хаврыг жижигхэн өрөөний цонхоор ширтэж сууна. Дэлхийн энтэй нэгэн монгол эрдэмтэн энд чимээгүйхэн “унтарч” байна.

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
 
Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон тээврийн хэрэгслүүдийг зөөж байна.
Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон тээврийн хэрэгслүүдийг зөөж байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!