Таныхаар эх оронч хүн гэж хэн бэ? Ингэж асуувал ирэх хариулт нь юу байх бол. “Эх орноо хайрладаг хүн бүр эсвэл энэ улсын хөгжлийн төлөө хөдөлмөрлөж байгаа хэн бүхэн”. Магадгүй өмнө нь бол би ингэж л хариулах байсан байх.
Харин одоо бол хилчин дээлэнд нь цан тогтчихсон, хацар нь улайсан харуулын цэргийг нэрлэнэ. Бүтэн 17 жил аав ээждээ золгож чадаагүй хилчин эрийг хэлнэ. Зээрийн сүргээс өөр хань бараагүй эл хуль хилийн застав руу нөхрөө дагаад нүүж яваа 20 настай бүсгүйг хэлнэ. Сургууль, цэцэрлэгийн эрхээр суурин бараадаж ээж ааваасаа хол хэдэн улирлыг өнгөрөөж байгаа бяцхан хүүхдүүдийг хэлнэ. Өчигдөрхөн буу агсаж морь унаад хил эргэж явсан цэрэг өглөө нь заставын шал угаагаад хөлсөө арчиж зогсохыг хэлнэ. Цасан шуурганаар ч, усан борооноор ч хилээ эзгүй орхидоггүй заставынхныг хэлнэ.Та биднийг баяр тэмдэглээд найрлаж суухад хээрийн бор цайгаа хам хумхан балгалчихаад хилийн зүг давхиж явдаг манааны ээлжтэй хилчинг нэрлэнэ. Эх орончид гэж тэд л юм билээ.
Гэхдээ тэд эх орноо ингэж хайрласан шиг нь эх орон нь эргээд тэднийг хайрлаж чаддаг болов уу?
Залуу нас, мөрөөдлөө зориулсан ч хэн ч биш болж хоцрох бүсгүйчүүд
Хилийн заставт бахархах зүйл олон ч гэлээ үнэндээ түүнээс дутуугүй хөндүүр их. Жишээ нь хилчдийн ар гэрийн нийгмийн асуудал. Энхийн манааг сахиж яваа хилчин эр энэ улсын бахархал мөн ч гэлээ тэр боломжийг нөхөртөө олгоод үр хүүхэд, ар гэрээ сахиад үлдэж байгаа бүсгүйчүүд ч гэсэн тэднээс дутахгүй эх орончид мөн. Харамсалтай нь хилчдийн эхнэрийн гавьяаг нь ч тэр зовлонг нь ч тэр сөхөж харахаа бид мартчихдаг. Тэд яг л халуун зунаар атар газар цэцэглээд цагийн эрхээр хатаж ганддаг цэцэг шиг залуу насаа эль хуль хээрийн заставт өнгөрүүлээд өтлөх насандаа ажил ч үгүй, карьер ч үгүй хатуухан хэлэхэд энэ нийгэмд хэн ч биш болж үлддэг нь үнэн. Хилчний гэргий гэдгээс өөр алдар гавьяа тэдэнд оногддоггүй ч түүндээ л “цадчихдаг” эгэл хүмүүс.
Хилчдийг сургуулиа төгсөнгүүт застав руу томилдог. Томилолт аваад явж байгаа залуусын ихэнх нь 20-22 настай. Тэднийг дагаад хил рүү явж байгаа бүсгүйчүүд ч гэсэн 20 гаруйхан настай, дөнгөж их сургуулиа төгссөн ёстой л “будаг нь ханхалсан” шинэхэн боловсон хүчин байдаг. Тэдний дунд эмч ч байна, багш ч байна, хуульч ч байна. Бүр эх орончийн эхнэр болно гээд мөрөөдлөө, сургуулиа орхиод хилийн заставт ирчихсэн бүсгүйчүүд ч энд олон бий. Хилчний гэр бүлийг ажлын байраар хангах хуультай учраас тэд заставт ирээд олдсон ажлыг л хийнэ. Анагаахын сургууль төгсчихөөд ариун цэврийн зааварлагч хийнэ. Эрхзүйч хэдий ч энд тогоочийн туслахаар ажиллана. Цэвэрлэгч хийнэ, угаагч хийнэ. Тэдэнд сонголт гэж байхгүй. Нэг заставаас нөгөө застав руу, эх орны зүүн хязгаараас баруун хязгаар руу хилийн зурвас даган нүүдэллэж явсаар залуу нас нь үндсэндээ өнгөрнө. 3 жилээс урт хугацаанд байран суурин амьдрах нь ч ховор. Ингэж талын зээр шиг нүүдэллэсээр нөхөр нь тэтгэвэрт гарах үед аль хэдийн нас нь 40 гарчихсан байдаг. Ингээд л эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй, 40 гарсан эмэгтэйг ажилд авах газар үнэндээ Монголд хэр их байх билээ. Үндсэндээ нөхөр нь тэтгэвэрт гарахад тэр эмэгтэйн ажлын талбар тэгээд л “царцана”. Нөхөр нь тэтгэвэрт гарахад эхнэрийг нь шууд халдаг хачирхалтай систем энэ салбарт үйлчилдэг. Ингэхээс ч аргагүй юм билээ. Тэтгэвэрт гарсан хүний оронд шинээр томилогдож ирж байгаа алба хаагчийн эхнэрийг ажлын байраар хангах хуулийн зохицуулалттай учраас тэр гэнэ. Тэглээ гээд залуу насаа, мөрөөдлөө, карьераа зориулсныхаа хариуд ажилгүй, орлогогүй, нийгэмд эзлэх байр суурьгүй, зүгээр л хилчний эхнэр гэхээс өөр алдар гавьяагүй гэнэт л орхигдох нь дэндүү шударга бус. Гэвч тэдний хэн нь ч ийм байлаа гээд гомдоллож байсан удаагүй аж. Гомдоллохгүй байна гээд болоод байна гэсэн үг мэдээж биш. Тэд үнэндээ төрийн бодлогын дутуу орхисон хэсгийн золиос болж байгаа гэхэд хатуудахгүй. Нийгмийн асуудал нь шийдэгдэхийг хүлээсэн олон арван бүсгүй хилийн заставт залуу насаа өнгөрөөж, амьдралынхаа талыг ч туулаагүй байхдаа ажлын талбараас шахагдан гарч байгаа нь харамсмаар.
40 нас хүрээгүй ажлын талбараас хасагддаг
Тэтгэвэрт гарч, заставыг орхих болоход өмнөх хүний суллаж үлдээсэн байранд амьдарч, түүнийгээ дараагийн хүндээ шилжүүлэх зарчмаар амьдарч ирсэн хилчид үнэндээ өөрийн гэсэн гэр орон, хурааж хуримтлуулсан хөрөнгөөр хомс байдаг нь нууц биш юм. Эмч нар, баш нар, цагдаа нар гээд цалингаа нэмүүлэхийг шаардаж, жагсаал цуглаан хийж байхыг бид олон удаа харсан. Харин хилчид цалингаа нэмүүлье гэж гомдоллож, жагсаал цуглаан хийж байсныг сонсоогүй. Тэдний цалин амьдралд нь хангалттай хүрэлцдэг учраас тэр биш гагцхүү эх орон, дархан хилээ гэх халуу оргисон сэтгэлтэй учраас л тэр байх.
Бас тэд амьдралынхаа талд ч ороогүй байхдаа ажлын талбараас хасагдаж, тэтгэвэрт гардаг нь цөөн нэгэнд завшаан болж болох ч ихэнх хилчдэд зогсолт болох нь элбэг аж. Хилчдийн их сургуульд сурсан 4 жилийг ажилласан хугацаанд тооцдог. Дээр нь орон нутгийн хилийн анги, отрядад ажиллаж байгаа бол 1 жилийг 1.4 жилээр тооцож тэтгэвэр тогтоодог байна. Тэгвэл 18 настай оюутан болсон гэж тооцвол 40 нас ч хүрээгүй байхдаа тэтгэвэрт гардаг. Ид хийж бүтээх 40 насандаа ажлын талбараас хасагддаг гэсэн үг. Ингээд харахад яалт ч үгүй энд төрийн бодлого, эрхзүйн зохицуулалт шаардлагатай байгаа нь харагдах.
Хилээ эзгүй орхисноос хүүхдээ эзгүй орхиё
Дархан хил, торгон шугам дагасан томилолтын өдрүүдэд хамгийн их сэтгэл хөндүүрлэсэн асуудлын нэг нь хилчдийн хүүхдүүд, тэдний боловсрол. Суурингаас алслагдсан хилчдийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахын тулд 3-4 настайгаасаа эхлээд ээж ааваасаа хол хэдэн улирлыг өнгөрүүлэх шаардлага тулгарна. Зуны амралтаас бусад үед тэд ээж аавын хайр халамж, хараа хяналтаас хол байх болдог аж. Хамгийн ойрхон сууринд өвөө эмээ нь амьдардаг бол азтайд тооцно. Үгүй бол хамаатан садан, танил талаа бараадуулахаас өөр аргагүй. 4 настай нялх хүүхдээ айлд орхичихоод буцаж яваа аав ээжийн сэтгэл ямар байх вэ. Тэглээ гээд хилээ эзгүй орхих ёсгүй учраас тэд хүүхдээ эзгүй орхих сонголтыг хийхээс өөр аргагүй юм.
Хил ямар ч цаг үед эзгүй байх ёсгүй. Хилийн манаа нэг өдөр ч тасрах учиргүй учраас тэд цас, бороо, баяр гунигийн алинд ч хилээ эзгүй орхидоггүй. Сар шинээр аав ээждээ золгож чадалгүй 20 жил болсон хүн тэдний дунд цөөнгүй байдгийн учир нь энэ байх.
Гэрээсээ хол байхаас илүүтэй том асуудал нь аав ээжийнхээ ажлын онцлогоос шалтгаалан нэг сургуулиас нөгөө сургуулийн хооронд байнга шилжих шаардлагатай болдог. 2-3 жил тутамд өөр өөр анги, салбар руу томилогддог учраас хүүхдүүд нь ч мөн тийм давтамжтайгаар сургуулиа солих болно. Шинэ сургуульдаа дасаж, найз нөхөдтэй болж эхлэх үед дахиад л шинэ сургууль, танихгүй газар, мэдэхгүй орчин угтана. Үүнийг дагаад хүүхдүүдийн сурлагын чанар муудах, сэтгэл зүй тогтворгүй болох гээд асуудлууд ар араасаа ундардаг байна. Хилчдийн хамгийн их санаа зовдог асуудал нь энэ. Тэглээ гээд яах ч аргагүй. Хилчдийн нийгмийн асуудалд чиглэсэн гэх сүржин нэртэй даржин хөтөлбөрүүд олон ч үнэндээ байгаа онохоосоо онохгүй нь их. Хилчдийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролыг дэмжих зорилгоор хилийн зарим ангиудад цэцэрлэг, зарим салбаруудад гэр цэцэрлэг ажиллуулж үзсэн ч энэ нь мэдээж хангалтгүй. Алслагдсан заставын хүүхдүүд 4 настайгаасаа суурин бараадаж, аав ээжээсээ холддог байдал хэвээрээ. Эх орныг эзэнтэй байлгаж, энхийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа хилчид, тэдний ар гэр, үр хүүхдийн нийгмийн асуудал шийдлээ хүлээсээр.
Эх орон амгалан байхын тулд хил амгалан байж, хил амгалан байхын тулд хилчний сэтгэл амгалан байх ёстой бол хилчний сэтгэл амгалан байхын тулд ар гэр, нийгмийн асуудалд нь гарц гаргалгаа олох төрийн бодлого, зохицуулалт ус агаар мэт хэрэгтэй байгааг дахин сануулъя.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!