
Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна
Энэ бол Монгол Улсын иргэн танд, надад бас бид бүгдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэвч сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллагуудыг нөлөө бүхий улстөрчдийн "дохиур"-аар хөдөлдөг боллоо шүүмжлэл бий болж улмаар "ХОНГИЛ" гэх тусдаа нэршил хүртэл бий болсон. Өнгөрсөн хугацаанд олон ч улстөрч тэрхүү хонгилоор чирэгдсэн гэж мэдэгдэж ирснийг та бүхэн санаж буй байх. Тэгвэл энэ "хонгилын түлхүүр" хэнд байдаг вэ гэх асуултыг "хонгилдуулсан" гэх улстөрчид эсхүл төрийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн эрхмүүд үе үеийн төрийн тэргүүнүүдтэй холбон тайлбарлаж ирсэн нь анхаарал татаж байна. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Хонгилын түлхүүр" У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид бий" гэж мэдэгдэв. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хариуцлагатай үг гэдгээ ч тэрбээр дурдсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хууль, шүүхийн "хонгил"-ын талаар улстөрчид ямар байр суурь илэрхийлж байсныг хүргэж байна
-С.БАЯРЦОГТ-

2020 онд Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойтой холбоотой авлига, албан тушаалын хэрэгт буруутган шүүхээс 10 жилийн хорих ял оноож байв. Улмаар давж заалдах шатны шүүхээс түүний ялыг 4.8 болгон бууруулж шийдвэрлэсэн юм. Харин энэ шүүх хурлын процесс, түүний ард өрнөсөн улс төрийн үйл явцтай холбоотойгоор Сангийн сайд асан С.Баярцогт 2025 онд "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ дэлгэрэнгүй ярьсан байдаг.
Тэрбээр "Шүүх хурал 7-р сарын 16-нд эхэлсэн. 7-р сарын 16-ны өглөөний 08.00 цагт би Ерөнхийлөгчийн өрөөнд Ерөнхийлөгчтэй сууж байсан. Ерөнхийлөгч надад дахиад л “Хамтарч ажиллая аа” гээд саналаа тавиад, өндөр албан тушаал санал болгож байсан. Тодорхой нөхцөлтэй учраас би тэр саналыг нь хүлээж авч чадахгүй юм байна гэсэн чинь “Тэгвэл чи шүүхээр яв аа” гэсэн. Маргааш нь би 10 жилийн ял авсан. Энийг би Монголын эмгэнэл гэж хувьдаа боддог. Дараа нь ҮАБЗ-ийн Ажлын албаны компьютер дотроос “Хэнд ямар ял өгөх вэ” гээд “ворд” дээр шивчихсэн файлууд нь гарч ирээд, тэр хүн нь өөрөө ялаа аваад явсан шүү дээ" хэмээн ярьсан байдаг.
-Х.НЯМБААТАР-

Одоогийн Хотын дарга Х.Нямбаатар 2021 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үедээ Шүүхийн тухай хууль болон Авлигын эсрэг хуулийг батлуулах үеэр Ерөнхийлөгчөөс шахалт ирж байсан талаараа мэдэгдсэн. Энэ үеэрээ тэрбээр "Шударга бусын хонгилыг нураахын тулд шүүхийн тухай хууль, авлигын эсрэг хуулиудыг шинэчлэн батлах ажлыг энэ ЗГ хамтдаа хийлээ. МУ-ын Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгана гэдэг тийм ч амар зүйл биш юм байна. Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордын зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч ирж хэнд, хэдэн жилийн ял өгөх үү гэдэг үүрэг даалгавар авдаг ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн шахалтыг хүлээж аваагүй" гэж хэлж байсан юм.
Үүний дараахан тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сайд нарыг хүлээж авах үеэрээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг тухайн ярьсан зүйлтэй нь холбоотойгоор шүүхэд өгнө гэж мэдэгдэж байв.
-Ц.НЯМДОРЖ-

Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлт болон хэргийн захиалагчийн талаар хэвлэлийнхэнд тайлбар өгч байв. Тухайн үед тэрбээр ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан юм. Ингэхдээ түүний зүгээс "Эрүүдэн шүүх ажиллагаа Эрдэнэбатын гарын үсэгтэйгээр хийгдэж байсан. Хоёрдугаарт мөрдөн байцаалтын ажилд хяналт тавьж байсан. Гуравдугаарт Улсын яллагчийн үүрэг гүйцэтгэсэн. Бүх юмыг Г.Эрдэнэбат прокурор өөрөө хийсэн хүн. С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт алдаа гарсан үндсэн шалтгаан бол Ц.Элбэгдоржийн даалгавраар хийгдсэн ажиллагаа.
Энэ асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр хоёр удаа нууцаар хэлэлцэхэд хоёуланд нь Элбэгдорж Аюулгүйн зөвлөлийн гишүүн байсан. Энэ ажиллагаанд Монголын хуулийн байгууллагын буюу АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, Прокурорын ерөнхий газрын удирдлагууд бүгд оролцсон. Миний ярьсан бүхэн протоколтой, үнэн" гэж ярьж байв.
Өөрөөр хэлбэл, түүний зүгээс С.Зоригийн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдүүлсэн ба үүнд нь ҮАБЗ-ийн гишүүнээсээ авхуулаад хуулийн байгууллагынхан татагдан оролцсон гэх байр суурийг илэрхийлсэн нь энэ юм.
-Ж.БАТЗАНДАН-

2022 оны аравдугаар сарын 5-нд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөр рүү мессеж бичиж, айлган сүрдүүлсэн талаар цахим хуудаснаа мэдээлж байв. Харин түүний дараахан Ж.Батзандангийн төрсөн ах болох ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбоотой асуудлаар баривчилсан үйл явц өрнөсөн юм.
Харин энэ үйл явцыг Ж.Батзандан улс төртэй холбоотой гэж тайлбарлаад "У.Хүрэлсүх ерөнхийлөгч өө дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хийхээ боль. Хүүхэдтэйгээ муудчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил. Өөрийнхөө дэд сайд найзыг шоронд хийнэ үү, шонд өлгөнө үү миний асуудал биш" гэж байв.
-У.ХҮРЭЛСҮХ-

2021 оны нэгдүгээр сарын 21. Энэ өдөр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ үеэрээ чуулганы индэр дээрээс Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дарга буюу Төрийн тэргүүнд хаягласан үгээ илэрхийлж байв. Тэрбээр "ТГ нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй" гэсэн юм.
Харин нөгөө талд Төрийн тэргүүн Х.Баттулга нь "Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санаагүй" хэмээн ярьж байв.
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ-

Засгийн газар нь огцорсноос хойш 280 гаруй хоногийн дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцож улс төрийн халуун үйл явцуудад хариулт өгсөн юм. Тэрбээр энэ үеэрээ Ерөнхийлөгчтэй холбоотой олон асуудал хөндсөн ба тэр дунд "хонгилын түлхүүрийн эзэн" гэх байр суурийг ч тодотгосон юм.
Тодруулбал, тэрбээр "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорь гэдэг чиглэлийг "Хонгилын түлхүүрийн эзэн" үүрэгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдсан нь үнэн. Зөвхөн Н.Өнөрцэцэгийн кэйс биш байхгүй юу. Үе үеийн Ерөнхийлөгчдийн үед болж байсан асуудал. Би энэ асуудлыг байнга л хөндөж ярьдаг юм. Хонгилын түлхүүр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид байгаа. Үе үеийн Ерөнхийлөгч нарт ч байсан шүү дээ" гэсэн юм.
-Н.НОМТОЙБАЯР-

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө "хонгилоор чирэгдсэн" гэдгийг олонтаа хэлдэг. Тодруулбал, 2020 онд Н.Номтойбаярыг сайдаар ажиллаж байх үедээ ХЭДС-гаас хамаарал бүхий этгээддээ их хэмжээний хүүгүй зээл олгосон гэх хэрэгт буруутган 5.5 жилийн хорих ял оноож байв. Харин хорих ял оноосон эл шүүхийн шийдвэрийг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг захиалсан гэж харддаг талаараа илэрхийлсэн байдаг.
-Н.АЛТАНХУЯГ-

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Түүнийг дөрвөн жилийн өмнөөс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр шүүхээс сонссон цагаатгасан шийдвэрээ хүчингүйд тооцуулаад буй. Тэгвэл тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийгөө "хонгил"-оор чирэгдэж ирсэн нэгэн гэж мэдэгддэг. Энэ талаараа 2021 онд илэрхийлж байсан байр сууриндаа “Шударга бусын хонгил” үүссэн гэдгийг зарлаад найман жил өнгөрчээ. Өнөөдөр хонгил нураагүй байна. Энэ хонгилын толгойлогч нь Ц.Элбэгдорж, М.Энхболд нар. Шударга бусын хонгил гэдэг нь шударга иргэд, ААН эрхлэгчид, улстөрчдөд хэрэг үүсгэж хашраадаг, залхаадаг, улмаар хүссэнээрээ шийддэг бүлэглэлийнхний хэрэгсэл юм" гэж тодорхойлж байв.
-Д.АМАРБАЯСГАЛАН-
Өнгөрөгч намар улс төрд МАН доторх тэмцэл эцэстээ хүрч, парламент руу хүртэл "халдварласан". Энэ үйл явцын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр ч удаа олон нийтийн өмнө гарч ирж мэдэгдэл хийсэн бөгөөд энэ үеэрээ Ерөнхийлөгч болоод тэдний талын улстөрчид рүү хандан байр сууриудаа илэрхийлж байв. Тэрбээр УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх үедээ "Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, Парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно" гэж мэдэгдэж байв.
Түүнчлэн тэрбээр МАН-ын даргад өрсөлдөхийн өмнө хэвлэлд "Б.Энхбаяр надад яагаад өширхөөд байгаагийн нэг шалтгаан нь Н.Өнөрцэцэгийг хорих гээд байхад нь би боль гэж хэлсэн юм. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ харин “бид ийм замаар явах юм бол ажлаа өгөөд, зайлцгаая” гэж хэлсэн хүн шүү" гэж байсан юм.
Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг шүүх, яллах асуудал улстөрчид тэр дундаа төрийн өндөрлөгүүдийн түвшинд яригдсан гэдгийг тэрбээр ийн хөндсөн юм.
-Ч.САЙХАНБИЛЭГ-

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2019 онд Монгол Улсын хилээр гарснаасаа хойш эх орондоо ирээгүй байгаа билээ. Харин тэрбээр саяхан "Лхагвын тойм" нэвтрүүлэгч оролцох үеэрээ яагаад, юуны учраас эх орондоо ирэхгүй байгаа шалтгаанаа тайлбарласан ба үүнийгээ өнөөх л "хонгил" гээчтэй холбон тайлбарласан байдаг. Тэрбээр "Чамайг шоронд хийнэ. Зүгээр ч шоронд хийхгүй. Чи амьд гарах уу, гарахгүй юу гэдгийг чинь харуулна” гэх мэтээр заналхийлэл төрийн тэргүүнээс ирж байсан.
Манай шүүх, хууль хяналтын байгууллагууд өнгөрсөн жилүүдэд яаж ажиллав. Төрийн тэргүүн нь энэ гурван байгууллагын удирдлагыг нэг дор солиод явах бололцоог хуулиар нь хүртэл өөрчилсөн шүү дээ. С.Баярыг, С.Баярцогтыг, Б.Бямбасайханыг, намайг 30 хоног хориод суллагдсан өдрийнх нь орой Ерөнхий шүүгч төрийн ордонд дуудагдаж өглөө гаргасан шүүгчийн шийдвэрийг хүчиндэж өөрчлөөд биднийг буцаагаад хорьж байсан. Нэг үгээр хэлэхэд, хувь хүн хүсэл зоригоороо шүүх, хууль хяналтын байгууллагуудыг хөдөлгөж байсан. Монголд шударга шүүхээр шүүлгэх ямар ч бололцоо алга" гэж ярьсан байдаг.
Өөрөөр хэлбэл, түүний заналхийлэл авсан хэмээн тодотгосон Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга аж.
-Х.БУЛГАНТУЯА-

Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан гэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн “Tovch.mn” сайтад өгсөн ярилцлага цацагдсан. Эл ярилцлагынхаа үеэр тэрбээр өөрийн шалгагдаж буй хэргийг мөн л улс төрийн нөлөө, зорилготой гэдгийг онцолсон юм.
Тэрбээр "Хуулийн байгууллагуудыг хууль биш улс төр чиглүүлээд байна. Хамгийн том айдас нь энэ. ҮХЦ Үндсэн хуулийн дагуу шийдвэрээ гаргаж чадаж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээ төрүүллээ. Энэ бүгдээс харахад, манай улс төр арай л дэндэж байна. Хэмжээ хязгаараа давж байна. Албан тушаал түр зуурын.
Хурал даргалаад төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг авах гэмт хэрэгтэн болдог юм бол надаар жим татна. Дараа нь үүгээр өргөн чөлөө болтол нь жим татах байх. Сая ҮХЦ гэж хонгил татлаа, нөгөө тийш тагнуул гэж хонгил татлаа. Тагнуул ЗГ-ын харъяа байгууллага шүү дээ" гэсэн юм
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!