Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө... Бадаг алдахгүй дуулах хүмүүсийн хөг аялгуу говийн жаврыг үргээх шиг болно. Үеийн үед сэтгэлд хоногшсон “Үлэмжийн чанар”-ыг V Ноён хутагт Данзанравжаа гуай энергийн төвийн зүгт харан суухдаа зохиосон нь эдүгээ үрээс үрд өвлөгджээ. Нөгөөтээгүүр, нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураана гэж үздэг тул хүн бүр аялгуут тахил өргөдөг бичигдээгүй уламжлал энд бий. Нэгэн цагт ноён хутагтын оюун санааны өлгий нутаг байсан дорнын их говийг энергийн төв гэдгээр нь хүмүүс андахгүй болж, олны хөлд дарагдсан аялал жуулчлалын бүс болжээ.
"ЭНЕРГИ АВААРАЙ" ГЭХ ҮГ ӨӨРӨӨ ЭНЕРГИТЭЙ БОЛЖЭЭ
Хаврын урь орсон ч хавирга жиндүүлсэн салхитай гуравдугаар сард говь нутгийн салхи нь бүлээн, нарны элч зуны урин цагийг санагдуулна. Загсаасан өрөм шиг шаргал говийн элсний ширхэг бүрт нарны туяа шингэж, жаргахдаа хүртэл хорогддог гэмээр. Энд л амар амгалан оршино. Улаанбаатар хотоос 521 километр зайд Дорноговь аймгийн Сайншанд Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 километрт орших энэ газар нь дэлхийн хоёр дахь том энергийн төв ч гэгддэг. Энд ирсэн хүн бүр зургаа авч, гэр бүл, найз нөхөд рүүгээ залган “Энерги аваарай” гэх нь ердийн л үзэгдэл болж, бараг тарни шиг хүн бүр хэлсээр өөрөө энергитэй болсон гэхэд хилсдэхгүй.
Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд хүмүүс завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг. Хэдий энерги нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч улаа бутарсан элс, хайрга нь, жаргаж буй нарны туяа, зах нь үл үзэгдэх далай шиг хиргүй тунгалаг хөх тэнгэр бүгд их говийн үзэсгэлэн цогцолжээ.
Их хотын завгүй амьдрал, утаа, түгжрэлтэй ахуйгаасаа холдож байгаль дэлхийтэйгээ ойр байх нь өөрөө сэтгэлийг дүүргэж нүд баясгах бясалгал бас энерги болох аж. Гэхдээ энергийн төв өөрийн гэсэн бичигдээгүй уламжлал, тодорхой зан үйл, дэг жаягтай.
Усыг нь уувал ёсыг нь дагах тул “Шамбалын орны үүд” хэмээн нэрлэгддэг бурханы мэлмийг дүрсэлсэн хананы өмнө очно. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээдэг. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгадаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Энергийн төв рүү орсон хэн ч нүглээ наминчилж шатаах, цагаан чулуу өргөж хойд төрөлдөө шамбалын оронд төрөхийг гуйх, усаар бурхдыг ундаалгыг дүүргэх зэрэг зан үйл хийнэ.
Сар шинийн баяр амралтын өдрүүдэд энергийн төвд гэр бүлээрээ амарч зугаалсан, хийдэд нь могой жилийнхээ аз ёндоог үзэж шагай хаяж буй хүмүүс их байлаа. Харин дэлхийн хоёр дахь энергийн төв гэгдэх шамбалын оронд очсон хүн бүрийн хүсэл үнэхээр биелдэг үү?, "энерги авдаг уу" гэх асуулт одоо ч оньсого хэвээрээ. Энд хүн бүрийн хурууны хээ дахин давтагдашгүйтэй адил хариулт нь олон янз. Бас хүсэл бүр хязгааргүй. Ямартай ч говийн үзэсгэлэн цогцолсон шамбалын орныг зорьж буй, очсон хүн бүр л хүслээ шивнэнэ. Яагаад гэвэл Хамарын хийдэд өөр, өөрийн гэсэн түүхийг өгүүлэх байгалийн ховор содон тогтоц, хүслийг биелүүлэгч Ханбаянзүрх уул, Хутагтын рашаан, Мөөм хад зэрэг нүд хужирлах өвөрмөц газар олонтаа.
МИНИЙ ОХИН ҮРИЙН ЗАЯА ГУЙГААРАЙ, БИЕЛДЭГ ГЭСЭН ШҮҮ...
Энергийн төвтэй хаяа залгасан Мөөм хад бас хүмүүсийн нэрлэж заншсанаар хүслийн уул буюу Ханбаянзүрх хайрханд хүмүүс очиж хүслээ шивнэдэг, бичиж шатаадаг бичигдээгүй уламжлал энд бий. Мөөм хадны тухайд очсон хүн бүр сүү өргөсөөр байгаад ч тэр үү, байгалийн өнгө нь цагаан ч юм уу гэж андуурмаар болжээ, бас эхүүн ч гэмээр үнэр ханхийнэ. Эмэгтэйчүүд хаданд сүү, будаа өргөж хүслээ даатгах аж. Энд нэгэн хижээл насны эмэгтэй охиндоо "Миний охин үрийн заяа гуйгаарай, биелдэг гэсэн шүү. Хүүхэдтэй болгоод өгөөрэй гээд хүслээ сайн шивнээрэй" гэж захих нь сонстов. Анзаарахад эмэгтэйчүүдийн хад гэгдэх тул эрчүүд гардаггүй нь анзаарагдсан. Түүхийг нь сонирхвол, ноён хутагт мээм хадыг ээждээ зориулан босгосон аж. Хутагтын равнайлан босгосон энэ хаданд үр хүүхэдгүй нэг нь үр гуйж, эхтэй нь эхийнхээ буян заяаг даатгаваас хүсэл биелэх нигууртай гэх утгаар хүмүүс ийнхүү сүсэглэдэг бололтой.
САКУРА ЦЭЦЭГЛЭХ ҮЕЭР ХАМРЫН ХИЙДИЙГ ЗОРИХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ҮЕ
Хамрын хийд буюу энергийн төвийг зорих аялал вокзалаас эхэлнэ. Галт тэргээр Сайншанд орж, цааш автомашинаар энергийн төв орж болно. Мөн автомашинаар хагас өдөрт л очно. Харин хэзээ очвол тохиромжтой вэ? гэвэл жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоног, наадмын үеэр, мөн есдүгээр сард Хамарын хийдийг зорих хамгийн тохиромжтой үе. Тиймээс ч гадаад, дотоодын жуулчдын хамгийн их очдог, галт тэрэгний тасалбар ч олдох байх нь бий. Тавдугаар сарын эхээр говьд үзэсгэлэнд сакүра цэцэглэдэг. Харин долдугаар сард наадмын амралт таарна.
Энэ жилийн хувьд сар шинийн баяр гуравдугаар сарын 1, 2-нд таарч баярын амралтыг тав хоног болгон сунгасан тул гэр бүл, найз нөхдөөрөө Хамрын хийдийг зорьж очсон, засал номоо хийлгэж буй хүмүүс их байсан юм. Урин дулааны улирал ирж байгаа тул энергийн төв рүү чиглэсэн аяллын хөтөлбөрүүд ч бас эхнээсээ гараад эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!