“Ухаан дутаж, уур дийлсэн цагт алдсан байдаг“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 46 секунд

Өнөөдөр ёс зүй, сахилга хариуцлагын тухай ойлголт нийгмийн хүсэмжлэл болоод байна. Төрийн дунд, доод шатны хүнд суртал, авлига, ёс зүйгүй байдлын талаар иргэд шүүмжлэн ярьцгаах болсон. Угтаа бол чадвартай, чадалтай, сэтгэлтэй нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр, ёс ёмбогор зарчим биеллээ олно. Гэтэл төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн тэрний хүн” гэсэн шошготой болжээ. "Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байгааг" УИХ-ын дарга асан Г.Занданшатар онцолж байсан удаатай.

2024 онд ИТХ-ын сонгуульд 45 мандатын 40-ыг МАН авсан. Тэдний нэг нь Ж.Энхжаргалан. Тэрбээр Хан-Уул дүүргийн наймдугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан юм. Ард түмэн түүнд итгээд төрд илгээтэл Ж.Энхжаргалан иргэдээ гөлөг гэж харааж, уурсав.

Болсон явдлыг тодруулбал, ЗГХЭГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Төгсбаяр өчигдөр /2025.03.13/ "Ж.Энхжаргалангийн хийсэн тоглолт, продюсер хийсэн клип бүр нь "1XBET"-ийн ивээн тэтгэлэгтэйгээр бүтсэн байдаг. Мэдэх үү, та минь ээ. Хан-Уулын иргэд гадны санхүүжилттэй нөхрийг сонгосон гэхэд огиудас хүрэм" гэх байр суурийг илэрхийлсэнд Ж.Энхжаргалан уурсаж "Чи төлөөлөгчтэй ингэж ярихгүй ээ, гөлөг минь. Ар чинь том гээд пээдэлзээд байгаа юм уу" гэж цахим хуудаснаа бичжээ.

Ёстой л "Ухаан дутаж, уур дийлсэн цагт алдсан байдаг" гэх үг яг Ж.Энхжаргаланд зохихоор.

2023 онд шинэчлэгдсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагад:

8.1.1.иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх;

8.1.3.бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх" гэж заажээ.

Тиймээс Төрийн албаны зөвлөл НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд хариуцлага тооц.

Сүүлийн үед Засгийн газар “Япон лугаа адил хөгжье” гэх санал санаачлагыг ихээр хэлж, уриалах болсон. Тэгвэл эхлээд төрийн дээд албан тушаалтнууд япон хүмүүс шиг хариуцлага хүлээж сурсан цагт бид хөгжих бус уу. Японд парламентын гишүүн нь эмэгтэй хүн рүү удаан ширтсэн, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, иргэдэд буруу мэдээлэл өгснийхөө төлөө гэх мэт нэг л удаа алдаа гаргасан бол ёс зүйн хариуцлага хүлээж огцордог жишиг тогтчихсон.

Тэдний хувьд хүн бүр өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлж, чин сэтгэлээсээ хандсанаар бүх зүйл зохих байрандаа байна гэж үздэг. Энэ нь Наран мандах улсын хөгжлийн гол түлхүүр гэдэгтэй маргах хүн байхгүй биз.

Гэтэл Монголд бүх юм эсрэгээрээ. Төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүд худлаа хэлснийхээ төлөө, хулгай хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, хариуцлагагүй байдлаар нь жагсаадаг бол Монгол Улс тэргүүлнэ үү гэхээр сүүлдэхгүй.

Тусгай үүргийн элчин сайд нар цалингүй, ажлын албагүй ажиллана
Тусгай үүргийн элчин сайд нар цалингүй, ажлын албагүй ажиллана
 
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор  Хөгжлийн лигрүү уналаа
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор Хөгжлийн лигрүү уналаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!