XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан МУСТА, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагайг урьж, ярилцлаа.
-Залуу гэр бүлүүд сар шинийн баяраас алсрах гээд байгаа юм шиг харагдах болсон. Танай гэр бүлийн тухайд, сар шинийн баярт хэр их ач холбогдол өгдөг вэ?
-Цагаан сар, үндэсний их баяр наадам гээд үндэсний уламжлалт баярууддаа хөгшин, залуу гэлтгүй ач холбогдол өгөх ёстой. Энэ бол бидний өнө эртнээс уламжилж ирсэн сайхан баяр. Манай гэр бүл бусдын л адилаар дээл, хувцсаа бэлдэхээс эхлээд ач холбогдол өгдөг. Аав минь байхад, аавтайгаа хамт идээгээ засахад туслаад бэлддэг байсан. Харин ааваасаа хойш айлын том хүү учраас яалт ч үгүй хоймортоо суух болдог доо.
Сар шинийн баярыг заавал нүсэр тэмдэглэх нь чухал биш. Идээгээ сайхан засаад, хөөргөө бариад, арц хүжээ уугиулж, монгол өрхийн тэргүүн гэдгээ мэдэрч суух сайхан. Оройдоо гэртээ уртын дуу тавьчихдаг.
-Сар шинийн баярыг аав, ээжээс өвлөгдөж ирснээр нь хүүхдүүддээ өвлүүлж чадаж байна уу?
-Манай хүүхдүүд бүгд охин учраас сайхан залуучуудыг дагаад явна шүү дээ. Залуучууд л мэднэ дээ. Манай охид бол баярт ач холбогдол өгдөг. Нэг нь идээ, цагаалгаа бэлддэг бол хоёр нь гэр орноо цэвэрлэх гээд бүгд үүрэг, хуваарьтай ажилладаг.
Ер нь бүх зүйл хоёр талтай. Нэгдүгээрт, айл, амьтныг нээх их хүндрүүлэлгүй, үнэхээр очиж амжихгүй бол утсаар ярьж болно шүү дээ. Сүүлийн үед баяр ёслолууд маань орчин цаг руу шилжээд гэх юм уу, гэр бүлийн баяр болгож тэмдэглээд байна уу даа гэж бодох болсон.
-Утсаар яриад мэнд мэдэх ч гэдэг юм уу, улам цахимжаад байгаа нь хэр зүйтэй юм бэ?
-Цагаан сарын баяр минимал байдал руу шилжээд байгаа нь олон талтай. Ковид цар тахал гарч, хүмүүсийг гэрт нь хорьж чадлаа. Асар олон хүний амь үрэгдсэн шүү дээ. Үүнээс хойш хүмүүс хэн хэндээ янз бүрийн өвчин халдаагаад яах вэ, эсвэл эдийн засгийн байдлаа боддог болсон. Тиймээс энэ баяртаа тодорхой ач холбогдол өгөөд, байгаа идээ будаагаа хэмжээндээ засаад, үр хүүхдүүдтэйгээ тоглоом наадгай тоглож, бие сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал гэж боддог.
-“Фантастик” продакшны золголт ямар байдлаар явагддаг вэ. Нэгдсэн байдлаар хийдэг үү эсвэл насны эрэмбээр гэр гэрээр нь орж золгодог уу?
-Би бол өглөө гэртээ золголтоо хийчхээд, ээжийнх рүүгээ явдаг. Ээжийн дараа очих айл бол МУГЖ О.Бат-Өлзий ах, Ардын жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл. Үүний дараагаас л манай хэд ороод ирнэ шүү дээ.
-Ааваас хойшоо цагаан сар их сонин болчихдог юм билээ-
-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамжтай цагаан сараасаа дурдвал?
-Аавтайгаа хамт үдсэн цагаан сар л их сайхан байсан даа. Ааваас хойшоо цагаан сар их сонин болчихдог юм билээ. Аав хоймортоо суугаад, битүүлэгний махаа хэрчиж өгөөд "Идээндээ хүр, бурхандаа мөргө" гээд хэлж байсныг нь санах сайхан. "Аавын сургааль алт, ээжийн сургааль эрдэнэ" гэж энэ. Тиймээс хамгийн их аз жаргал, утга учрыг мэдэрч байсан цагаан сар бол хүүхэд насны цагаан сар даа.
-Улиран одож буй луу жил таны болон “Фантастик” продакшны хамт олны хувьд уран бүтээлийн олз омог хэр арвин байв?
-Өнгөрсөн жилд манай “Зура-III: Цэвэрлэгээ” нэртэй УСК Монголын “BOX OFFICE”-ийн нэгдүгээрт жагслаа. Энэ бол маш том амжилт байлаа. Бид хамт олноороо бахархаж байгаа. Дээрээс нь бидний уран бүтээл бүрийн ард үзэгч байгаа шүү дээ. Үзэгчдэдээ баярлаж байна. Бидний дэмждэг, шүүмжилдэг, ташуур өгдөгт талархаж байна.
Шинэ уран бүтээлийн хувьд юу вэ гэхээр өнгөрсөн зун, намрыг дамнаж хийсэн МУГЖ О.Бат-Өлзий ах, Ардын жүжигчин С.Сарантуяа эгч, тэдгээрийн хүү манай Б.Тамир нарын хамтарсан бүтээл “Цөвүүн цаг” УСК нээлтээ хийж байна. Догдлол дүүрэн байна. Шинэ уран бүтээлээ өлгийдөн авна гэдэг бол уран бүтээлч хүний сайхан баяр шүү дээ.
Гуравдугаар сарын 6-наас бүх кино театрууд, Дархан, Эрдэнэтийн кино театруудаар кино маань гарах гэж байна.
-Уран бүтээл бүхэн онцлогтой байдаг. Энэ удаагийн уран бүтээлийн онцлог юу вэ?
-Монгол Улс маань өнөөгийн нийгмийг үзэх гэж амаргүй он жилүүдийг туулж ирсэн. Олон хүнээ алдаж, хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэлж, эх орноосоо зугтаахад ч хүрч байсан үе бий. Үүнийг хойч ирээдүйдээ ийм цаг үе байсныг харуулах гэж зорьсон.
Миний дүр бол мөн л ороо бусгаа нийгэмд ажиллаж, амьдарч яваа залуугийн дүр. Үүнийг үзэгчид маань очиж үзвэл илүү сайхан байх болов уу гэж бодож байна.
-Уран бүтээлч хүний хувьд зураг авалт ихтэй, цаг завгүй байх нь элбэг шүү дээ. Гэр бүлдээ цаг зав хэр гаргаж байна. Охидодоо хэр сайн аав нь байж чаддаг вэ?
-Цаг завын тал дээр худлаа. Цаг гаргахыг хичээдэг ч үнэхээр чаддаггүй. Гэхдээ сүүлийн үед боломж олдвол гэртээ байдаг болсон. Тэнд л миний орон зай, миний гэсэн бүх юм байгаа учраас гэртээ байхыг бодно. Мэдээж “Паартай байр, паалантай 00-д төрөөгүй” гэдэг шиг хүн бүр амьдралаа босгохын тулд тодорхой хугацаанд өдөр шөнөгүй явах хэрэгцээ байна шүү дээ.
-Нөхөрлөлд “амбиц” шиг хэрэггүй зүйл байхгүй-
-Хамгийн гоё нөхөрлөлийн тод жишээ нь “Фантастик”-ийн залуусыг гэж боддог. Нөхөрлөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Нөхөрлөлийн үнэ цэнийн нууц нь нэгнээ хүлээн зөвшөөрөх шүү дээ. Нөхөрлөлд “амбиц” шиг хэрэггүй зүйл байхгүй. Харин үгээ хэлж чаддаг байх хэрэгтэй. Болохгүй байгааг нь баримт, нотолгоотойгоор хэлж байх нь зөв. Хий хоосон хардаад байж болохгүй. Ер нь нөхөрлөнө гэдэг бол нэгнийхээ дутууг нь гүйцээж, дундуурыг дүүргэхийн нэг хэлбэр шүү дээ.
“Муу хамаатнаас сайн найз дээр” гэх зэргээр найзын тодорхойлолт олон байдаг. Одоо ч хүмүүс их эрх ашиг харж найзалдаг болсон байна даа. “Жаргах цагт нь хамт байгаад яах вэ. Зовоход нь яг хажууд байх ёстой” гэдэг. Найздаа үнэнч байж, нуулгүй үгээ хэлдэг байх нь л чухал.
-Таны хувьд шигшэгдээд үлдсэн хэчнээн найз байдаг вэ?
-Би маш олон найзтай. Намайг тойрон хүрээлж буй маш олон хүн бий. Хүний итгэлийг алдаж болохгүй. Хүн итгэлээ нэг алдуулах байх. За яах вэ, хоёр алдуулах байх. Гурав гэж байхгүй байх даа. Би хэзээ ч найзуудыгаа амьдралын, “Фантастик”-ийнх гэж ялгадаггүй. Хэлэх үгээ бүгдэд нь хэлж, загнуулахдаа бүгдэд нь л загнуулдаг.
-Өтгөс буурлуудынхаа амар мэндийг мэдэж, учран золгодог сайхан баяр-
-Ярилцлагынхаа төгсгөлд Монгол түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Луу жил улиран одож, могой жил гарч байна. Өнгөрсөн жил манай хүн ам өссөн гэж бодож байгаа. Яагаад гэвэл хүмүүс “Луугийн аав, луугийн ээж болно” гэж их бэлэгшээсэн. Ер нь “Монгол хүн амны билгээрээ” гэж сайхан үг бий.
Яагаад ч юм, цагаан сарын баяр бол маш сайхан баяр. Бид өтгөс буурлууддаа алгаа хоосон дэлгэхгүйгээр хадгаа барьж, амар мэндийг нь мэддэг. Айлчлан очиж золгодог сайхан баяр. Хэдийгээр баяр болоод, мэндчилгээ дэвшүүлж байгаа ч гэсэн хэрвээ та архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол машин бүү бариарай, нойр муутай битгий яваарай. Шөнө, орой хүмүүс ижий, аавдаа золгох гээд явна. Холын замд гэрлээ шилжүүлж өгөөрэй. Үүнийг баяр ёслолын үеэр хэлж байхгүй бол болохгүй гэж боддог.
Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!