УОК-иос гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Оюутнууд болон эмзэг бүлгийн хүмүүст хоол хүнсний тусламж үзүүлнэ
Хүнсний нөөцийг бүрдүүлэх шат дараатай арга хэмжээ авч байна. Тухайлбал, 11 сарын 11-12-нд 215 тн мах, 2424 амьд мал нийслэл рүү оруулсан. Өнөөдөр мал эмнэлэгийн хорио цээрийн цэгүүдээр 420 тн мах, 2328 амьд малыг нийслэл рүү шалгаж оруулсан. Жирийн үеэс нийслэлийн махны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж ажиллаж байна. Хүмүүс хүнсний нөөцөө бэлдэж байгаа учраас ингэхээс өөр аргагүй. Энд ямар нэг асуудал гараагүй.
Хүнс тээврийн машинуудыг зорчуулахад ямар нэгэн хүндрэл гараагүй. Тусгай зориулалтын машинуудад маргаашаас зөвшөөрөл олгоно.
Нийслэлийн хэмжээнд байгаа орон гэргүй, эмзэг бүлгийн 1300 хүн байгаа. Тэднийг хүнсээр хангана. Мөн хүнсний талон авдаг өрхүүдийн талоны мөнгийг өнөө, маргаашдаа данс руу нь шилжүүлнэ. Дотуур байрны оюутнуудыг хоол хүнсээр хангана. Дутагдаж байгаа зүйлсийг нь судлаад маргаашаас хүнсний багц оруулахаар төлөвлөж байна.
Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Дээрх хоёр аймагт хатуу дэглэм тогтоосонтой холбоотой дотуур байрны оюутнуудын хүнсний асуудал боссон. Энийг холбогдох байгууллагууд нь шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна.
Эм, эмнэлгийн нөөцийг бүрэн бүрдүүлсэн
ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу эм, эмнэлгийн нөөцийг бүрэн бүрдүүлсэн байгаа. Дутагдал гарах зүйл байхгүй. Нөөцөөс нэмэгдүүлэх шаардлагатай байгаа зүйлс болох өндөр хүчин чадалтай оношлуур гэх зэрэг зүйлийг өнөө оройны 20:30 цагийн Сөүл-Улаанбаатарын онгоцоор татаж авсан. Үүнийг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын зарим цэг рүү тарааж байна. Энэ оношлуур нь 96 хувийн магадлалтай оношлодог.
Улаанбаатар хотод 11 оношилгооны цэгийг нээсэн. Бид нар дам хавьтлын 2000 хүнийг хоёр өдрийн дотор бүрэн оношилж дуусна. Тэр хүмүүст утсаар мэдээлэл өгч байгаа. Та тэдэн цагт, тэр цэг дээр очиж шинжилгээ өгнө өө гэж хэлж байгаа. Энэ амралтын хоёр өдөр эдгээр хүмүүсийг шинжилж дуусна. Ингэснээр улсын хэмжээнд ойрын хавьтлын, дам хавьтлын бүх хүмүүсээ шинжилгээнд хамруулж дуусах ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрөөс эхлээд тусгаарлалтаас гарч байгаа хүмүүсийн гэрийн хорионы 14 хоногийг эргүүлэн сэргээж байгаа. Гарын үсэг зуруулаад явуулж байна.
Нийтийн тээврийн явах цагийг багасгана
Нийтийн тээврийн асуудлаар хэд хэдэн чиглэлээр үүрэг өгөгдсөн. Ариутгалыг сайжруул. Нэг автобусанд явах хүний тоог хязгаарлах, хүн хоорондын зайг бариулах. Нийтийн тээврийн хоорондын зайг богиносгох зэрэг үүрэг өгсөн.
Маргаашдаа нийтийн тээврийн цагийг өглөө 06-10, орой 17-21 цаг хүртэл явдгаараа явна. Нөгөөдрөөс энэ цагийг багасгах талаар судалж байна. Зарим төрийн байгууллагын ажилчдыг тусгай автобусаар зөөнө. Албаны хүмүүсийг хувийн машинаараа явахыг хориглоогүй.
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хатуу хөл хорио тогтоосон
Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг хатуу дэглэмд шилжүүлсэн. Сэлэнгэ аймагт гарсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын хүмүүсийг тодорхойлоод дуусч байна. Одоо шинжилгээнүүд авагдаж байна. Улаанбаатар хотоос дам судалгаа, эмчилгээний баг гарсан. Шуурхай ажиллаж байна.
-Зээлтэй холбоотой асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?
-Зээл хойшлуулж урагшлуулах асуудлыг судалж байна. Шийдвэр гаргаагүй байна. Хамгийн түрүүнд Монгол Улсад дотоодод илэрсэн хүмүүсийг хяналтандаа авах тал дээр гол хүчээ төвлөрүүлж байна. Үүний хажуугаар хүнс, ус, эрчим хүч гээд гол стратегийн салбаруудын хангамжийг тасалдуулахгүй байх тал дээр ажиллаж байна.
-Улаанбаатарт хөдөөнөөс ирээд хоригдсон хүмүүсийг яах вэ?
-Улаанбаатар хотын орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байгаа. Цаашид ч сунгаж магадгүй. Тиймээс эдгээр хүмүүсийг гаргана гэж хэлж чадахгүй. Агаар дуслын замаар халдварлаж буй цар тахлын тухай асуудал яригдаж байна. Хүний амьдрал баян. Олон хүн байгаа учраас ганц хоёр хүнээс асуудал гарч байгаа.
-Сэлэнгээс илэрсэн тохиолдлыг хаанаас халдварласан гэж үзэж байгаа вэ?
-Улаанбаатар хотод гарсан тохиолдолтой нэг эх үүсвэртэй гэдгийг баталж чадаагүй байна. Гэхдээ тархвар судлалынхны үзэж байгаагаар нэг эх үүсвэртэй байж магадгүй гэж үзэж байна. Вирус судлалын талаас үзэхэд энэ сарын 6-аас хойш халдвар авсан байх магадлалтай. Нэг талд тархвар судлалын ажиллагаа, нөгөө талд хүчний байгууллагуудын ажиллагаа явагдаж байна. Сэлэнгэд гарсан тохиолдол Сэлэнгээс ирж ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагчтай холбоогүй.
-Дархан-Уул аймагт нөхцөл байдал ямар байна вэ?
-Сэлэнгийн тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс, Улаанбаатар хотын дам хавьтлын хүмүүс Дархан-Уул аймгаар тарсан. Тиймээс хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Сэлэнгийн тохиолдол явсан газруудыг тогтоож, хавьталд орсон хүмүүсийг тогтоож, шинжилгээнд хамруулж байна. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй.
-Увс аймагт хоёр айлыг тусгаарласан гэсэн мэдээ байна. Тэнд юу болсон юм бэ?
-Улаанбаатарын тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс хэд хэдэн аймагт оччихсон байгаа. Зарим аймагт тоглолт үзсэн хүмүүс очсон байгаа. Уулзаад хөдөө явчихсан хүмүүс ч байна. Тэр газруудад хүчний байгууллагын ажилчид ажиллаж, гэрийн хорионд оруулсан байгаа. Шинжилгээ нь сөрөг гарч байгаа ч хяналтдаа байлгаж байгаа. Давтан шинжилгээний хариуг хүлээж байна.
-Төлөвлөсөн чартер нислэгүүдийг яах вэ?
-Тодорхойгүй хугацаагаар цуцалсан. Одоогоор дотроо байгаа халдвараа бүрэн хумисаны дараа онгоц ирнэ. Одоо бол гадагшаа карго зориулалттай онгоц нисгэж байна.
-Өнөөдөр төсөв баталлаа. Энэ төсөвт цар тахалтай тэмцэх хэмжээний төсөв хангалттай орж чадсан уу?
-Монгол улс Ковид-19 тэй тэмцэх хариу арга хэмжээний төсвийн өнгөрсөн гуравдугаар сард баталсан. Нэг хүн тусвал хэдэн хүнд халдварлах уу зэргээр тооцоог ЗГ-аас гаргасан. Энэ дагуу төсөвт хөрөнгө мөнгөө тодорхой оруулсан. Ковидтой холбоотой төсвийг хасаагүй, харин ч нэмэгдүүлсэн. УИХ өнөөдөр баталж өглөө. Гэхдээ УИХ-ын даргын хэлснээр нөхцөл байдал яаж муудахыг таашгүй. Тэгж муудвал төсвийг дахиж тодотгох асуудал гарна. ДЭМБ-ын хэлж байгаа тооцооллоор ирэх онд төсөв хангалттай хүрнэ. Магадлалаар тооцоод төсвөө тавьчихсан байж байгаа.
-Хүнсний талоны мөнгө зорилтот бүлгийнхэндээ очиж чадаж байна уу?
-Одоо хүнсний талон авч байгаа 100 гаруй мянган өрх байгаа. Тэдэнд сарын 100 мянган төгрөгөөр тооцож мөнгийг нь тавьж өгч байгаа. Шинээр өрх нэмсэн зүйл байхгүй. Хүнсний талонтой холбоотой маргааш 8, 9 жил явж байгаа учраас зорилтот бүлэгтээ очиж чадаж байгаа. Энэ асуудлыг сүүлийн жилүүдэд нэлээн чамбайруулсан. Мөн хяналт тавьж байгаа.
-Энхсаран сувилал дээр тусгаарлалтын дэглэм алдсан эсэхийг судалж байгаа гэсэн. Судалж дууссан уу. Хариуцлага тооцох уу?
-Бидэнд хүнд хариуцлага тооцох цаг хугацаа олдох байх аа. Энхсаран сувилал дээр халдвар хамгааллын дэглэм алдагдсан уу гэвэл алдагдсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс тодорхой нэр, хаягтайгаа байгаа. Гэхдээ өдөр шөнөгүй зүтгэж байгаа энэ үед хариуцлага тооцох уу, үгүй юу гэдгээ бодож байна. Тэр хүмүүс сүүлийн 10 сар гэр бүлээ орхиж тэнд ажилласан. Ийм цаг үед улс төржиж болохгүй шүү.
-Вирусийн халдвар авсан иргэдийн мэдээлэл хэт нээлттэй байна. Энэ хувь хүний эрхэнд халдаж буй асуудал юм биш үү?
-Энэ хүмүүсийн мэдээлэл нууцад хамаарч байгаа. Эдгээр хүмүүсийн мэдээллийг алдсан хүнийг олж тогтоогоод ажлын байрнаас нь холдуулж байна. Шийтгэж, яллаад байх нь юу юм. Гэхдээ энэ бүхний дараа хариуцлага тооцох асуудал явагдана. Бид нар албан ёсны мэдээлэл дээр хувь хүний талаарх мэдээллийг огт оруулахгүй байгаа.
-Голомтод ажиллаж байгаа хүмүүстээ ямар урамшуулал өгөх вэ?
-Голомтод ажиллаж байгаа хүмүүсийн асуудлыг маргааш ЗГ-ын хуралдаанаар оруулна. Өмнө нь бол ар гэрт нь мөнгөн тусламж үзүүлж байсан. Цалинг нь нэмэгдүүлэх, орон сууцны асуудлыг хөнгөлттэйгөөр шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч байсан. Одоо бол маш олон салбарын ажилчид өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ хүмүүсийнхээ урамшууллын асуудлыг шийдвэрлэнэ ээ.