Энэ сарын 09, 10-нд Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэн гарч байсан “Гранд мотор” ХХК, “Баянговь транс” ХХК-ийн тээврийн жолооч нар нүүрсээр өнгөлөн далдлалт хийж 40 шуудай 600 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1275,5 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг гаалийн байцаагчид олж илрүүлсэн байдаг.
Тэгвэл дээрх хоёр компани нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий байж болзошгүй байна. Энэ талаар зарим хэвлэл мэдээлийн хэрэгслүүд ч батлан мэдээлжээ.
Тэгвэл дээрх компаниуд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй ямар хамааралтай болохыг улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс нягталбал, "Баянговь транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Su Tiancai гэгч байна. БНХАУ-ын иргэн Su Tiancai нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнттэй хамтран хэд хэдэн компанийн хувь эзэшдэгийн нэг нь “Сан тээвэр транс” ХХК байгаа юм. Харин “Сан тээвэр транс” ХХК нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн ХОМ-тээ дурдсан компани билээ.
Түүнчлэн улсын бүртгэл дэх нээлттэй мэдээллээс БНХАУ-ын иргэн Su Tiancai, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар 2006 оноос хойш хэд хэдэн компанийн хувьцааг хамтран эзэмшиж, хөрөнгө оруулалт хийж байсан мэдээлэл олдож байна.