Ажлынхаа хажуугаар “Ид шидийн орон”-д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бүжгийн дугуйлан хичээллүүлж, алслагдсан хорооллын хүүхдүүдэд мөрөөдлөө биелүүлэх боломж олгосон Г.Ганбаярыг UBN сайт онцолж байна.
Г.Ганбаяр хүүхдүүдэд бүжиг заахын тулд хотын баруун захаас зүүн зах, тодруулж хэлбэл, таван шараас улиастай хүртэлх урт замыг өдөр бүр туулдаг.
""Цалингүй шахам ажилд тэгтлээ яарч, сэтгэл гаргалаа, залуу хүн өөртөө цаг гаргасангүй" гэж гайхаж, шүүмжлэх нэгэн байдаг ч өдрөөс өдөрт сайжирч, ур чадвар нь өсөж буй хүүхдүүдээсээ урам зориг авч, юу ч бодолгүйгээр урагш тэмүүлдэг" хэмээн Г.Ганбаяр онцлов.
Одоогоос 2 жилийн өмнө "Ид шидийн орон”-д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бүжгийн дугуйлан хичээллэнэ гэх сургаар сонирхож орж ирсэн охид өнөөдөр ТИВ АЛГАСАН ТЭМЦЭЭНД оролцож, 3 алт, 12 хүрэл, 12 тусгай байрын шагнал хүртсэн “Мэргэжлийн бүжигчид” болсон нь түүний ЧИН СЭТГЭЛ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙН БОДИТ ҮР ДҮН юм.
Бид түүнтэй шавь нартайгаа хамт өсвөрийн азийн аваргад оролцоод амжилт арвин ирснийх нь дараа уулзаж, цөөн хором ярилцсан юм.
--------------------------------------------------------------------------------------------------------------------
-"Ид шидийн орон"-той холбогдсон түүхээсээ хуваалцаач?
-“Ид шидийн орон”-той холбогдож, нэг эд, эс нь болоод хоёр жил болж байна. Энэ байгууллагын талаар өмнө нь төдийлөн мэддэггүй байсан. Манай бүжгийн хамтрагч над руу яриад “Хүүхэд хөгжүүлэх төвд багшлах боломжтой юу” гэсэн санал тавьсан юм. Байршлыг нь хайгаад үзсэн чинь манай гэртэй ойрхон байхаар нь саналыг нь хүлээж авсан. Манай гэр 21 дүгээр хороололд байдаг. Намайг хайх үед "Ид шидийн орон-1"-ийн хаяг гарч ирсэн юм байна лээ. Гэтэл нэг биш 2 болж таарсан. Нэгэнт зөвшөөрөөд ажиллахаар болчихсон болохоор хотын баруун захаас зүүн зах руу явж эхэлсэн. Тэгж л анх “Ид шидийн орон”-ы хүүхэд багачуудтайгаа танилцаж байлаа. Энд ирэхэд орчин нөхцөл нь маш их таалагдсан. Хотын төвөөс алслагдсан бүсэд ийм сайхан бүтээн байгуулалт хийж, хүүхдийн хөгжлийн төлөө ажиллаж буй хүмүүсийг хараад тухайн үед сэтгэл маш их хөдөлсөн. Тэгээд л анхны элсэлтээ авч байлаа. Анхны элсэлтээрээ 12 хүүхдэд бүжгийн спортын хичээл заахаар болсон. Мэдээж анх энд ийм удаан хугацаанд багшилна гэж бодоогүй. Харин багшлах явцдаа “Энэ хүүхдүүдийг би өөрчилье, тэдний төлөө чадах бүхнээ зориулъя” гэж бодох болсон. Ер нь зөвхөн энд буй хүүхдүүд бус, хүүхдийн төлөө чадах бүхнээ хийх ёстойг олгосон. Учир нь хүүхэд бол Монгол Улсын ирээдүй шүү дээ. Тиймээс хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлнэ гэдэг улс эх орондоо хувь нэмрээ оруулж буйн илрэл гэж боддог. Тэгээд л “Ид шидийн орон”- доо эргэлт буцалтгүй сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.
-Анх бүжгийн дугуйлан байсан. Одоо бүр бүртгэлтэй клуб болоод олон амжилтын эзэд болсон байна?
-Би өөрөө ч энэ хүртэл явна гэж бодож, төсөөлж байгаагүй. Өдөр бүр хичээж, өдрөөс өдөрт сайжирч байгаа хүүхдүүдээ хараад урам авч бүжгийн холбоонд хүсэлт гаргаад багшлах эрхээ авсан. Удалгүй клуб болгосон. Одоо манай клуб гадаад дотоодын том тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог идэвхтэй клуб болсон байна. Олон ч амжилтын эзэд болж чадсан.
-Дотоодын тэмцээн гаргасан амжилтуудыг бол дурдаад дуусахгүй байх. Олон улсын чанартай хэдэн тэмцээнд оролцож, ямар амжилт гаргасан талаараа товчхон мэдээлэл өгөөч?
-Бид Монголын бүжгийн спортын холбоонд элссэнээс хойш нэг ч тэмцээн алгасалгүй оролцсон. Олон ч амжилт гаргасан. Олон улсын тэмцээний тухайд хамгийн анх БНХАУ-ын Хонконгод болсон Азийн хүүхдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Үүнээс манай хүүхдүүд гурван хүрэл медаль, тусгай байрын дөрвөн шагнал хүртсэн. Дараа нь Asian DanceSport Festival Wuxi 2024 олон улсын тэмцээнд оролцож шилдэг 24-т шалгарсан. Хамгийн сүүлийнх нь хэдхэн хоногийн өмнө Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 3 алт, 9 хүрэл, 6 тусгай байрын шагналтай ирсэн.
-Энд багшлахаас гадна үндсэн мэргэжлээрээ ажилладаг гэж сонссон. Хаана ажилладаг юм бэ?
-Би МУИС-ийг микробиологич мэргэжлээр суралцаж төгссөн. “Алтан тариа” ХК-ийн дотоод хяналтын лабораторид микробиологичоор ажилладаг.
-Энэ бүгдийг яаж амжуулдаг нь их сонин санагдаж байна?
-Манай ажлынхан намайг маш их ойлгож дэмждэг. Хүүхдүүдийн төлөө явж байгаа учраас цаг ярихгүй. Аль болох уян хатан байх учраас хийх ёстой юм аа л хийхэд болно гэдэг. Тиймээс би өглөө эрт үндсэн ажил дээрээ очиж шинжилгээгээ хийнэ. Ажлаа дуусгаад “Ид шидийн орон”-руу явдаг. Бүжгийн бэлтгэлээ дуусгаад шаардлагатай тохиолдолд үндсэн ажил дээрээ очиж ажлаа дуусгана. Үгүй бол шууд харина. Мэдээж хувийн амьдрал маань жаахан орхигдох гээд байдаг тал бий. Гэхдээ найз охин минь болон гэр бүлийнхэн маань намайг маш их дэмжиж миний ажлыг ойлгодог. Тийм учраас надад итгэдэг хүүхдүүд болон дэмждэг гэр бүлийнхнийхээ хүчинд шантарч цуцалгүй урагшилдаг.
-Ойролцоогоор хэдэн шавь бэлдсэн бол?
-“Miracle dance” клуб маань одоогоор 50 орчим тамирчинтай. Бүгд тэмцээнд тогтмол оролцдог. Анх 12 хүүхэд элсүүлж байсан. Бүжгийн спортын талаар анхны мэдэгдэхүүн ч байхгүй хүүхдүүд ирээд өдрөөс өдөрт сайжирч, биеэ авч явах байдлаасаа эхлээд бүх зүйлд нь өөрчлөлт гарч, өсөж, дэвшиж байгааг нь харахад үнэхээр сайхан санагддаг.
-Төвийнхөө үйл ажиллагааны чиглэл, зорилгоос хуваалцаж болох уу?
“Ид шидийн орон”-ыг хүмүүс хүүхэд асрах төв, эсвэл зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүд очдог газар гэж ойлгодог. Манай төвийн гол зорилго нь хотын алслагдсан бүсэд амьдардаг хүүхдүүдэд хөгжих боломж олгох юм. Тэдэнд хотын төв рүү дугуйланд явж, өөрийгөө хөгжүүлэх боломж хомс шүү дээ. Алслагдсан бүсэд амьдрал хотын төвийнхөөс өөр өнгөтэйг хүн бүр л мэдэх байх. Тиймээс бид тэгш эрх, тэгш хүртээмж, тэгш боловсрол, тэгш мэдлэг гэсэн үзэл баримтлалын дагуу төслүүдээ хэрэгжүүлдэг. Үүгээрээ онцлогтой юм. Мэдээж манай төвийнүүд хаалга зориод ирсэн хэн бүхэнд нээлттэй. Энд хүүхэд багачууд хөгжиж, дэлхийд гарч буйд бид маш талархууштай ханддаг. Тухайлбал, манайд бүжгээс гадна жиү жицүгийн дугуйлан бий. Жиү жицүгийн спортоор хичээллэдэг хүүхдүүд маань дэлхийн аваргаас медаль хүртсэн. Гудамжинд усны тэрэг түрээд явж байсан хүүхэд жиү жицүгээр хичээллэж, дэлхийн аварга, бүжгийн спортоор Азийн аваргад оролцож байна шүү дээ. Энэ бол маш том амжилт, тэдний ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Тэд жиү жицүгээр дамжуулан өөрийгөө төдийгүй бусдыг хамгаалж сурдаг. Спортоос гадна маш олон төрлийн дугуйлан манай төвд бий. Тэр бүхний ачаар хүүхдүүд зөв хүмүүжиж буйг харахад сэтгэл дүүрдэг.
-Хамгийн гол нь бүх сургалтууд үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог байх?
-Тийм. Бэлэн мөнгөөр төлбөр авдаггүй. Гэхдээ бид хүүхдүүдэд бүх зүйл үнэгүй олддоггүйг ойлгуулахын тулд санхүүгийн дарамт учруулахгүй. Маш энгийн аргаар төлбөр авдаг. Жишээлбэл, тухайн хүүхэд дугуйландаа ирэхийн тулд сард 15 ширхэг хуванцар сав авчрах гэх мэтийн төлбөртэй. Үүгээрээ давхар хогны менежментийг сайжруулахыг зорьдог. Түүнчлэн хүүхдүүд маань дугуйландаа маш идэвхтэй оролцдог. Үүнийг дагаад багш нар маань ч урам зориг дүүрэн хичээлээ зааж байна. “Ид шидийн орон” төвийнхөн хүүхэд хамгааллын чиглэлээр, тэр дундаа хүчирхийллийн эсрэг ажилладаг. Тэднийг хэрхэн хөгжүүлэх, ирээдүйд яаж зөв хүн болгох вэ гэдэгт төвлөрдөг хамт олон.
-Та өөрөө бүжгийн аль төрлөөр голчлон хичээллэдэг байсан бэ?
-Миний хичээллэдэг төрөл бол dance board буюу бүжгийн спорт. Энэ нь латин америк болон стандарт төрлийн нийт 10 бүжгийг багтаасан, дэлхийд хурдацтай хөгжиж буй спортуудын нэг юм. Миний хувьд Монголын үндэсний олимпын хороо, Монголын бүжгийн спортын холбооны багш, дасгалжуулагчийн статустай ажилладаг. Үүнээс өмнө би уг холбооныхоо тамирчин нь байлаа. Түүнчлэн “Hobby dance”, “Moon dance” зэрэг клубт тамирчнаар ажиллаж байсан. Мөн оюутан байхдаа “Wing dance” гэх хамтлагийг үүсгэн байгуулсан. Бид хамтлагаараа “Сарны цом” улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, хоёр удаа аварга болсон түүхтэй.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!