СЭМҮТ өнөөг хүртэл төвийн шугам сүлжээнд холбогдоогүй, өвөлдөө “УУРЫН ЗУУХ“-аар халаалтаа шийдэж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, гишүүн Ж.Баярмаа, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар өнөөдөр (2024.11.12) Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв (СЭМҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төв 1929 онд Хий судлалын больниц нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд эдүгээ 1963-2014 онд баригдсан долоон обьектод үйл ажиллагаа явуулж байна.

Үндсэн үйл ажиллагаа нь сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, урьдчилсан сэргийлэх болон Монгол Улсын хууль, Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд анхан болон үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг мэргэжил, арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулах гэсэн дөрвөн чиглэлтэй болохыг тус төвийн захирал Г.Анхболд танилцуулсан юм. 505 орон тоотой ажиллахаар батлагдсан боловч өнөөдрийн байдлаар 427 хүнтэй ажиллаж байгаагийн 81 нь их эмч, 98 нь сувилагч, 113 нь туслах сувилагч, 135 нь туслах ажилтан байна.

Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзлаа.

Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа юм. Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж буй аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолсон юм.

Тус төв өнөөг болтол төвийн шугам сүлжээнд холбогдоогүй, өвлийн улиралд уурын зуух ажиллуулж халаалт авдаг бөгөөд энэхүү дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Баатаржав Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдээс хүсэв.

Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Н.Алтанзул тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон бол нөхөн сэргээх, сэтгэл заслийн эмчилгээний эмч, Монгол Улсын гавьяат эмч Я.Сампил 2006 оноос олон улсын төслөөр эхлүүлсэн “Гэр эмчилгээ”-нийхээ талаар танилцуулж, СЭМҮТ-ийн эмчилгээнд эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хослохоос гадна эмчлүүлэгчдийг нийгмийн харилцаанд оролцуулж, амьдрах чадавх бий болгох явдал ихээхэн чухал болохыг онцолсон юм.

Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжид хуулиар ямар ч ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ гэв
Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжид хуулиар ямар ч ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ гэв
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!