УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы мэдээллийг сонслоо.
Донорын тухай хууль анх 2000 онд батлагдаж, 2012, 2015 онд нэмэлт, өөрчлөлт орж, 2018 онд шинэчилсэн найруулга хийж, 2021, 2022, 2023 онд бусад хуулийн шинэчлэл болон эс, эд, эрхтний донорын харилцааг зохицуулах нэмэлт, өөрчлөлтүүд оржээ.
1996-2023 оны жилийн эцсийн байдлаар манай улсад нийт 824 эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын тусламж, үйлчилгээ хийгдсэн. Үүнээс 84.1 хувийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, 3.8 хувийг ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, 12.1 хувийг нүдний эвэрлэг болон шөрмөс шилжүүлэн суулгах мэс засал эзэлж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 47.7 хувийг бөөр шилжүүлэн суулгах мэс засал, 52.3 хувийг элэг шилжүүлэн суулгах мэс засал эзэлж байна.
Тодруулбал, донороос 500 хүнд элэг, 400 хүнд бөөр, 33 хүнд ясны чөмөг, 170 хүнд шөрмөс шилжүүлэн суулгах мэс засал хийгджээ. Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд амьгүй буюу тархины үхэлтэй донор илрүүлэх чиглэлээр 21 эрүүл мэндийн байгууллагад тархины үхэл тодорхойлох баг ажиллаж, 278 тархины үхэлтэй боломжит донор илрүүлж, 37 гэр бүлээр донор болгох зөвшөөрөл авч, 31 бодит донороос 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн байна.
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдрах чадварын 2023 онд хийгдсэн судалгаагаар өндөр хөгжилтэй орнуудын үр дүнтэй ижил түвшинд байна. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны тоон мэдээллээр нийт 1094 хүн эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийн хүлээх жагсаалтад бүртгүүлснээс 182 хүн элэг, 683 хүн бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээгдэж байна.
Цус сэлбэлт судлалын салбарын нийт цус цуглуулалт 2014 онд 26097 байсан бол 2024 онд 45577 болж 1.7 дахин өссөн, цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2014 онд 65.5 мян нэгж байсан бол 2024 онд 127.6 мян нэгж болж 1.9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Цаашид цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудал болж байгааг сайдын мэдээлэлд онцлов.
Иймд хууль, эрх зүйн орчныг шинэчилж, санхүүжилт, хүний нөөц/цусны мэргэшсэн хүний нөөц/-ийг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын эрх зүйн байдлыг сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!