Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ачит ихт“-ийг тойрсон Ардын намынхан “ав“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 12 секунд

Өнгөрөгч лхагва гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас нэгэн этгээд гэх үү, марзан ч юм уу шийдвэр гарсан байдаг. Тэр нь “Ачит Ихт” компанид огт байхгүй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 34 хувь, түүнд ноогдох ашгийг тус компаниас нэхэмжлэх, үүгээр зогсохгүй “Ачит ихт”-ийн ашиглаж байгаа үүсмэл ордыг төр 100 хувь авах тухай...

Ёртой юм шиг маргааш нь манайд дэлхийн олон орны удирдагч нар цуглаж, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” нэртэй олон улсын чуулга эхлүүлснийг хэлэх үү. Одоо ч үргэлжилж л байна л даа.

Тэгсэн чинь яасан байх нь, манай эрх баригч нар хувийн компанийн байгуулж босгосон зэсийн үйлдвэрийг төрд авна гэчихсэн, цагдаагаар дарамтлаад сууж байдаг. Ерөнхий сайдын чуулганы танхимд хэлсэн үг байгаа шүү дээ, “34 хувиа төрд өгөхгүй бол 100 хувь авч бас чадна шүү” гэж. Тийм улаан цаймдаа гарчихсан. Тэгчихээд өнөөдөр “Монгол Улс-Ардчиллын баян бүрд” гэх шиг гоё гоё юм яриад, гадаад, дотоодгүй тархи угаагаад сууж байдаг.

Хэрвээ манайх үнэхээр “Ардчиллын баян бүрд” байсан бол өнөөдөр гадаад, дотоодгүй “Хөрөнгөө оруулья” гээд хошуу дэвсээд гуйж байгаа. Хар, шар толгойтой нөхөд Улаанбаатарын гудамжаар нэг бэлчиж, ёстой нөгөө метро энэ тэрээ барьчихсан “Улаанбаатар бол дэлхийн хот” гэсэн шүү юм яриад хөөрч суугаа. Гэтэл өнөөдөр Улаанбаатарын гудамжинд хэн хөндлөн байна, ганц Х.Нямбаатар л хөндлөн байна. Бусад нь зүгээр улны ул... Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг долоохоос өөр ажил байхгүй, түүгээрээ амьдралаа залгуулж байна. Ичиж үхмээр...

Дотоодынхоо бизнесүүд, баялаг бүтээгчдээ ингэж айлгаж ичээж, улаан цагаан дээрэм тонуул хийж байгаа улс оронд гадаадын соёлтой хөрөнгө оруулагч нар итгэж орж ирэх үү? Зүгээр 50 жил хаягдсан, хөрсийг нь эргүүлээд хүдрийг нь ялгаж аваад хаячихсан шороон овоолгон дээр ингэж амиа тавьж, хуруу хумсаа хурцалж байгаа нам, төр хөрөнгө оруулагч нартай хууль ёсны хэлцэл хийж чадах уу? Хөлсөлсөн троллууд нь хүртэл “Үнэндээ бол “Ачит ихт” маш сайн төсөл. Гэхдээ яагаад заавал П.Цагаан, Ц.Элэгдорж хоёрынх байх ёстой юм, бид яагаад болдоггүй юм” гэчихсэн нүд нь улаанаараа эргээд сууж байгаа шүү дээ.

Гэтэл сүүлийн 34 жилийн /өнгөрсөн зууны тухай ярихаа больё/ 26 жилд нь МАХН /МАН/ энэ үйлдвэрийг сорж идсэн. Монголчуудын таван жилийн хэрэгцээний бэлгэвчийг үйлдвэрт шахчихаад, үйлдвэр ажилчдынхаа цалинг бэлгэвчээр тавих дээрээ тулаад байсан үе шүү дээ. Хорин жил Хуулийн сайд хийсэн хүн нь хүртэл чуулганы хуралдаан дээр “Би утасдсан, яадгийм. Миний хүүхэд 300.000-хан долларын бараа шахсан. Хүний эцэг хүн тэр зэргийн юм хийх ёстой” гэж хэрэлдээд, хялалзаад сууж байсан л нам шүү дээ. Тэгчихээд одоо “34 хувиа өг, 34 хувьд ноогдох ашгийг нэхэмжил” гээд сууж байдаг. Эдийн засаг, бизнес гэдэг ингэж явдаггүй юмаа.

Тухайн үед үйлдвэрийг байгуулахдаа “Ачит ихт”-ийнхэн “Эрдэнэт” үйлдвэрт 34 хувиа санал болгосон, 2014 онд хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулсан. 2015 онд үйлдвэрийн удирдлага “34 хувийг эзэмших нь бидэнд ямар ч ашиггүй юм байна аа. Оюутолгойн 34 хувиас Монголын тал ямар ч ашиг хүртэхгүй байна. Дээр нь гаднын банкнаас арижааны өндөр хүүтэй зээлтэй, бид энэ хариуцлагыг хуваалцаж чадахгүй ээ. Тэрний оронд АМНАТ-аа авна аа” гээд 34 хувиасаа татгалзсан. Анхны хөрөнгө оруулалт нь гэхэд 60-70 сая ам.доллар яригддаг байх. Дан бизнесийн өндөр хүүтэй зээл. Дээр нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нэмж хийсэн хөрөнгө оруулалтыг тооцвол Монголын Засгийн газар 34 хувиа төлж чадах уу?

“Эрдэнэт” овоолго гэдэг чинь зүгээр овоолсон шороо. Тэнд ямар ч ид шид байхгүй. Дээр нь гараад шүгэлдэнгүүт алт, зэс нь аяндаа ялгараад, алган дээр унаад ирдэг юм биш. Тэнд дэлхийд хамгийн сүүлд нэвтрүүлсэн өндөр технологийг ашиглаж, тэр технологи дээр хамгийн өндөр мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Өртөг, зардал ба эрсдэл ийм өндөр байгаагүй бол МАН-ын дарга нар аль хэдийн ачиж аваачаад уулын аманд буулгачихсан, нэг нэг түмпэн тэврээд сууж байгаа. Үнэн шүү...

Тиймээс тухайн үед үйлдвэрийн удирдлагын зөв ч байсан байх. Яагаад гэвэл зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр улны уланд уначихсан байсан үе, “Ачит ихт” хэзээ зээлээ төлж дуусах, хэдэн жилийн дараа ашгаа өгч эхлэхийг хэн ч мэдэхгүй байсан үешүү дээ. Тиймээс үйлдвэр энэ бүх эрсдлийг хаяад зөвхөн АМНАТ/ашит малтмалын нөөц ашигласны татвар авахаар гэрээ байгуулсан. Борлуултын орлогоос нь шууд 2,5 хувийн татвар авдаг. Өнгөрсөн хугацаанд 70-80 тэрбумын татвар төлсөн гэж байна. Цаана нь дахиар арав гаруй төрлийн татварыг улсын төсөвт төлж байгаа шүү дээ.

Харин өнөөдөр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр байж болох хамгийн өндөр түвшиндээ хүрчихсэн байгаа нь манай эрх баригчдын сувдаг сэтгэлийг хөдөлгөж байгаа бололтой. Үүндээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэрийг ашиглаж байх шиг. Яг үнэндээ Ц.Элбэгдорж гэдэг “Ачит Ихт”-тэй ямар холбоотойг бид мэдэхгүй. Хуулиар явбал бараг юу ч олж чадахгүй байх. Гэхдээ энгийнээр бодоход Ц.Элбэгдорж, П.Цагаан гэдэг хоёр хүнд Монголд бизнес эрхлэх боломжгүй байна аа гэж үзвэл цаана нь бизнес хийх боломжтой хүн үлдэх үү? Тийм боломжийг энэ төр засаг энгийн хүнд олгох уу?

Ер нь бол сүүлийн найман жилд манай эрх баригчид АН-ын хаягтай хүн болгоныг барьж, хорьж, өөрсдийн хонгилоор чирлээ. МАН-ын хаягтай болгон ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаар жааллаа. Зүгээр “УБЕГ-т Хэлтсийн дарга хийдэг нөхөр УБТЗ дээр вагон зараад явж байна шүү” гэхэд л хууль, хяналтынхан нь хөдөлж чадахгүй байна шүү дээ. Тэгвэл огт хаяггүй, намгүй хүмүүс нь яаж амьдрах юм. МАН эрх мэдлээрээ, авилгаар олсон мөнгөөрөө Монголын 3,5 сая хүнийг тэжээх үү? Үгүй шүү дээ. Үсрээд удирдах түвшний 3000 хүн л тэр авилгын системээс нь хувь хүртэнэ. Үлдсэн нь зүгээр улны уланд...

“Ачит Ихт“ катодын зэсийн үйлдвэр аваарын өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
“Ачит Ихт“ катодын зэсийн үйлдвэр аваарын өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.