Эрчим хүчний салбарын шинэчлэлийг сайдаас нь эхлэх хэрэгтэй
Ирэх оны төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд ойрын өдрүүдэд хамгийн эгзэгтэй хийгээд эмзэг яригдах сэдэв хамтарсан ЗГ-ын "зориг" гарган хийх эрчим хүчний реформ байхаар байна.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гэнэтхэн цахилгааны үнийг 29.6 хувиар, дулааны үнийг 85 хувиар нэмнэ гэсэн бор шувуу сошиалаар сэвэгдэж, “түргэн” авсан сайд нар, лобби бүлгийн гишүүд сандралдаж маргааш нь хэвлэлийн хурал зарласныг санаж байгаа байх. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын ирэх дөрвөн жилд эхлүүлэхээр зарласан 14 мега төслөөс магадгүй хамгийн “чанга” нь эрчим хүчний салбарын шинэчлэл.
Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнхөө малгайд нь тусгачихсан учраас тэд эхлүүлэхээс өөр замгүй. Гол нь зөв хөдлөх гарц хамгийн том толгойны өвчин нь болох нь.
Уг нь ЗГ-аас эрчим хүчний реформыг салбарын засаглалыг сайжруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, цаашлаад либералчлах зэрэг цогц ажлыг хийхээр судалж, төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Гэтэл нийгэмд шууд утгаараа хамгийн эмзэг тусах үнэ тарифын шинэчлэлийн асуудал сугарч гараад, сэвэгдчихсэн. Хоржоонтой нь эндээс хамгийн түрүүнд арьсаа хамгаалж, гарч ирж ярьсан нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрөө. Тэрбээр кабинетынхаа бодлогын том ажлуудын нэгийг, бүр өөрийнх нь хариуцаж буй салбарын шинэчлэлийг магтан, матсан “гол дүр” юм.
Тодруулбал, үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудал нийгэмд шүүмжлэл дагуулаад эхэлмэгц “Үнэ нэмэгдэх нь тодорхой. Үнийг дагаад инфляц 2-4 хувиар өсөх нь ч ойлгомжтой. Нуух хэрэг байхгүй. Бидний хувь тавилан л энэ. Гишүүд зоригтой дуугарч чадахгүй байна. Би л үнэнийг хэллээ” гэж мэдэгдэв. Угтаа тэр ЗГ-ынхаа бодлогын гадна дуугарч, сэхээнд байгаа салбарынхаа эсрэг ярьж, иргэдийн санаа бодлыг тогтворгүй болгож хувь улстөрчийнхөө арьсыг хамгаалсан хэрэг. Яагаад гэвэл эрчим хүчний реформ гээд үнэ нэмэх энэ үйл явц буруугаар эргэвэл гүйцэтгэх засаглалын "толгойг залгиж" мэдэх аюултай. Тиймээс л сайд нь араа харж, анхааруулсан хүний дүрд тоглож буй юм.
Бодит байдал дээр 1990 оноос хойш эрчим хүчний салбарт эдийн засгийн өсөлттэй уялдуулан хийсэн нэгдсэн төлөвлөгөө, зураглал байхгүй гэдгийг судлаачид хэлдэг. Засаглал нь ч улс төрийн халаасанд ороод ялзарчихсан.
Салбарын алдагдал 2019 онд 59 тэрбум төгрөг байсан бол энэ онд алдагдал 3.5 дахин нэмэгдсэн буюу 204 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцооллыг гаргажээ. Урт хугацаандаа 1.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээж буй аж.
ЗГ-ын "зориг" гарган хийх хамгийн том мега төсөл ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ
Хоёрдугаарт, хэдийгээр энэ жил Дорнодын цахилгаан, дулааны станцыг 50 МВт-аар нэмж, Бөөрөлжүүтийн 150 МВт-ын дулааны цахилгаан станцыг ашиглалтад авч суурилагдсан хүчин чадлыг 200 МВт-аар нэмэгдүүлсэн гэх боловч хэрэглээний өсөлтийг давж чадахгүй. Зөвхөн энэ өвлийн оргил ачааллыг давахад 70-80 МВт-ын чадлын дутагдалд орж, хязгаарлалт хийхээр байгааг салбар яамнаас мэдэгдэж байгаа. Эрчим хүчний салбарт зовлон их бий. Цахилгаан дамжуулах шугам сүлжээ хэт элэгдэлд орчихсон учраас оргил ачааллын үед цахилгааны гэмтэл станциудад гарч, гал алдахаас наагуур явж ирсэн. Энэ асуудал жил ирэх тусам л хурцдаж байгааг учир мэдэх хүмүүс сануулж, шаардаж буй.
Гэтэл Эрчим хүчний сайд нь “аргална даа” “бидний хувь тавилан л энэ” гэх зэргээр хошигнол хийж, эс үйлдэхүйгээрээ энэ салбарыг аврах сонирхол ч үгүй байна. Бид салбарын шинэчлэлийг сайдаас нь эхлэх ёстой гэдгийг тэр өөрөө илэрхий харуулж буй нь энэ юм.
Харин үнэ тарифын тухайд, судлаачид эхлээд засаглалыг нь сайжруулсны дараа үнэ тарифыг нийгмийн сегмент болгоноор дэс дараатай эрэмбэлж шинэчлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж буй.
Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифыг дөрвөн хүчин зүйлээс хамааран тохируулах аж. Тодруулбал, Монгол Улсын хэрэглээний үнийн өөрчлөлт буюу инфляц, гадаад валютын ханшийн өөрчлөлт, импортоор худалдан авч буй цахилгааны үнийн өөрчлөлт, шинэ эх үүсвэрийн нөлөөлөл зэргийг багтаажээ.
Судалгаанаас харвал, айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт бөгөөд энэ нь одоогийн үнэ тарифаар тооцоход 36220 төгрөг байгаа нь тогтмол хэрэглэдэг интернэт, бусад хэрэглээний төлбөртэй харьцуулахад хамгийн бага өртөг юм. Мөн халаалтын буюу хүйтний улиралд цахилгаан дулааны төлбөр өрхийн орлогын зөвхөн 3.1 хувь, дулааны улиралд ердөө 2.2 хувийг эзэлж байгаа нь олон улстай харьцуулахад хамгийн доогуур үзүүлэлт хэмээн салбарын танилцуулгад дурдсан байна.
Ерөөс эрчим хүчний суурь асуудлаа шийдэж, шинэчлэлийг хийгээгүй цагт бусад салбарын хөгжлийг урагшлуулах талаар ярихад ч хүнд. Ерөнхий сайдын шинэ сэргэлт, Х.Нямбаатарын метро, дүүжин дээвэр, дагуул хот, цаашлаад “20 минутын хот” төсөл ч цаасан дээрээ үлдэж, олон мега төслүүд ТЭЗҮ-ээс цааш хэтрэхгүй явсаар татвар төлөгчдийн мөнгө салхинд хийснэ гэсэн үг.
Б.Мягмарсүрэн